8o
Улаанбаатар хот
mobile menu

Танилц: Монгол анх удаа лабороторийн хархулганыг оруулж ирж, нутагшуулж байна

2017-10-10 11:16:00

 

Дэлхий дахинд түлхүү хэрэглэдэг лабораторийн хар хулганыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Цөм лабораторит нутагшуулж байгааг тодруулахаар АШУҮИС-ийн Цөм лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Галиндэвтэй ярилцлаа.

 

АШУҮИС-ийн Цөм лабораторийг хэзээ байгуулсан бэ?

Анагаах ухааны боловсролын сургалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрдэм шинжилгээний цогц байдлыг хангасан судалгааны их сургууль болох зорилт тавин ажиллаж, 5.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн эрдэм шинжилгээ, судалгааны өндөр хүчин чадалтай багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон анагаахын судалгааны Цөм лабораторийг байгуулан, 2015 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр нээлтээ хийсэн. Ийнхүү лабораторид эсийн өсгөвөр, молекул биологи, уургийн болон химийн анализ, эмгэг судлал, амьд эсийн дүрслэл, туршилтын амьтны лаборатори гэсэн үндсэн 6 чиглэлээр олон улсын жишигт хүрэхүйц эрдэм шинжилгээ, инновацийн судалгааны ажлыг гүйцэтгэх бүрэн боломжтой болж байна. Тэр дундаа туршилтын амьтны лабораторийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулъя.

АШУҮИС-ийн ШУТТ-ийн Цөм лабораторийн бүтэц 

 

                                                   
 

 

 

Яагаад энэ хар хулганыг нутагшуулсан вэ?

C57BL/6j буюу В6 хулганыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төдийгүй Монгол улсад анх удаа Шанхайн Нормал их сургуулийн лабораториос 2017 оны 02 сард авчирч нутагшуулж байна. Манай улс С буюу BALB/c хулганыг үйлдвэрлэл, судалгаа, шинжилгээнд ашигласаар ирсэн. Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн удирдлагууд лабораторийн амьтны судлалыг олон хүрээнд бодлогоор онцгой анхаарч олон улсад түгээмэл судалгаа-шинжилгээнд ашиглагддаг В6 хулганыг их, дээд сургуулийн биологийн салбарын оюутнууд, мэргэжлийн чиглэлийн багш, эрдэм шинжилгээний ажилтанд зориулж бааз суурийг бэхжүүлж байна..


Өөрөөр хэлбэл олон улсад рейтинг өндөртэй шинжлэх ухааны сэтгүүлд Монгол улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Цөм лабораторит нутагшуулсан стандарт шаардлага хангасан хулгана ашигласан байх нь бидний цаад зорилгын нэгээхэн хэсэг юм. Энэхүү үүлдэр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шугаман инбрид амьтан юм. Инбрид гэдэг нь ойр төрлийн холбоотой амьд бие махбод хоорондын үржлийн хэлбэр юм. Өөрөөр хэлбэл инбрид үүлдрийн амьтан цэвэр шугамын амьтан бөгөөд, цусан төрлийн хамааралтай эгч дүүсийн эвцэлдүүлгийг хэлж байгаа юм. Туршилтын амьтны лабораторит цэвэр орчин,чанарын шаардлага хангасан (пестицид, микробиологи, мөөгөнцөр) дэвсгэр, тэжээл, IVC тогтолцоотой шүүгээ бүхий төхөөрөмжид үржүүлгийг явуулж байна.

-20 эр, 20 эм хулгана авчирсан бөгөөд одоогоор 600 толгой хулгана болж үржүүлээд байна-

В6 хулганын физиологийн онцлог юу вэ?

Тус лабораторит 20 эр, 20 эм хулгана авчирсан бөгөөд одоогоор 600 толгой хулгана болж үржүүлээд байна. Хулгана богино хугацаанд олон төллөдөг. Эм хулгана ихэвчлэн 35-45 хоногт, эр хулгана 45-60 хоногт бие гүйцэж хөгжинө. 3 долоо хоногоос эхээс нь салгаж бие дааж амьдарна. 5-12 толгой гөлчгий гаргана. Амьдрах хугацаа 2-3 жил. Хээлийн хугацаа 19-21 хоног байдаг.

 

 

Ойролцоогоор хоёр жил наслаад өөрөө үхдэг хэрэг үү. Тэрнээс урт насалсан хулганыг туршилтад хэрэглэж болох уу?

Залуу амьтан нь хөгшин амьтнаас туршилтад илүү мэдрэг. Бие гүйцсэн амьтанд мэдрэг байдал харилцан адилгүй. Хөгшин мэрэгч амьтны бодисын солилцоо сул тул туршилтад сонгохгүй. Удаан явцтай туршилт, ажиглах хугацаа урт нөхцөлд өсвөр, амьдын жин бага амьтныг туршилтад ашиглана. Зарим тохиолдолд чихрийн шижин өвчний загвар амьтан болон насжилтын судалгаанд хөгшин амьтныг ашиглаж болно. Нэг настай хулганыг 40 настай хүнтэй, хоёр настай хулганыг 80 настай хүнтэй адилтгадаг.

Туршилтын амьтныг үржүүлэхэд ямар орчин нөхцөл бүрдүүлдэг вэ?

Тус лабораторит ерөнхий болон сав тус бүртээ IVC тогтолцоотой төхөөрөмжид хулганыг маллаж байна. Олон улсын анагаах ухаан, биологийн салбар шинжлэх ухаанд IVC тогтолцоотой төхөөрөмжийг өргөн ашиглаж байна.

 

                                      

IVC гэдэг нь агаарын бохирдлын ялгаралтыг хянах, хүн, байгаль орчинд үүсэх эрсдэлээс зайлсийх, аюулгүй байдлыг хангасан төхөөрөмж гэж ойлгож болно. Түүнээс гадна хуучин ашиглагдаж байсан полиэтилен бүхий гадна талаас нэвт харагдахгүй хулганы савны оронд гадна талаас 100 хувь харагдах савыг ашиглаж байна. Яагаад савны байдлыг анхаарч байна вэ гэвэл, тунгалаг саванд байгаа амьтны эмнэлзүйн шинж тэмдэг, дэвсгэрийн бохирдлын зэргийг тодорхойлох, зайнаас эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийхэд давуу талтай байдаг. Энэ нь жижиг зүйл биш бөгөөд савны технологийн том дэвшил гэж үзэх хэрэгтэй юм. Туршилтын амьтны амьдрах орчны стандартын шаардлагыг чанд мөрдөж байж үнэн зөв, судалгааны үр дүнд хүрдэг. Жишээ нь, дэвсгэрийг авч үзэхэд маш олон төрлийнх байдаг. Монгол улсад лабораторийн амьтны үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний хүрээлэн, байгууллагад лабораторийн хулгана, хархны дэвсгэр буюу үртсийг нь модны захаас авчраад ариутгаж болон ариутгахгүйгээр хэрэглэж байна.

 

Тухайн модны үртэс нь үнэрт бодистой, шингэнийг шингээх чанар муу, чийгшил ихтэй, амьтныг гэмтээх зэргээр шаардлагад үл нийцдэг. Орчин үед лабораторийн хулгана, хархны дэвсгэрийн материалд хус, улиас, гацуур, улиангар, дахин боловсруулсан жижиглэсэн болон давхарласан цаас олсны ургамал эрдэнэ шишний хэсэг зэргийг хэрэглэж байна. Мөн лабораторийн хулгана, хархны орчны температур 200С-аас 250С, харьцангуй чийг 40-70 хувь, агааржуулалтын давтамж 10~20 удаа/цаг, агаарын урсгалын хурд 0.1~0.2 м/с, аммиакын хэмжээ ≤14 мг/м3, дуу чимээ ≤60 дб гэх мэт орчны шаардлагуудыг хангасан байна.

Лабораторийн амьтны тэжээлийн хувьд ямар байх вэ?

Туршилтын амьтны тэжээл нь амьтны хэвийн өсөлт, нөхөн үржихүйн эрүүл мэнд, физиологийн үйл ажиллагаанд зохицсон, шимт бодисыг агуулсан ургамал, амьтан, эрдсийн гаралтай байдаг. Туршилтын амьтны тэжээлийн худалдан авалт, тээвэрлэх, хадгалалт, түгээх зэрэг бүх шатанд чийг, дулаан, химийн хүчин зүйл, нянгийн халдвар, гадны мэрэгч, шавжаас хамгаалах хэрэгтэй. Мөн туршилтын амьтны нас, хүйс, амьдын жин, эрүүл мэнд, өсөлт, үржил, хөхүүл зэргийг харгалзан уураг, эрдэс, аминдэм хангалттай хэмжээгээр агуулсан шимт тэжээлээр хангах шаардлагатай. Туршилтын амьтны төрөл, үүлдрийн онцлог, өсөлт хөгжлийн янз бүрийн шатанд тохируулан тэжээлийн дэглэмийн дагуу өгөх нь зүйтэй.

Яагаад лабороторийн амьтныг оруулж ирж, нутагшуулах болов. Бизнесийн шалтгаан байна уу?

Монгол улсад цэвэр шинжлэх ухааны зорилгоор авчирсан. Монгол улсын хувьд лабораторийн амьтны шинжлэх ухааны судалгаа, шинжлэх ухаанд зарцуулж буй төсөв гэх мэт хүчин зүйлээс хамаарч байдаг. Өөрөөр хэлбэл лабораторийн амьтан маллаж, тэжээх нь харьцангуй өндөр зардалтай байдаг.

 

Яагаад лабораторийн амьтан дээр туршилт хийдэг вэ?

Шинжлэх ухааны туршилт судалгааг хүний бие махбодод туршиж болохгүй. Эмнэлзүйн суурь судалгааны эх үүсвэр нь лабороторийн амьтан бөгөөд хулганы бодис солилцоо, анатоми, генийн бүтцийн 90 хувь нь хүнийхтэй төстэй байдаг.

Судалгааны ямар ажил лабораторийн амьтан дээр хийж байна вэ?

                    

C57BL/6 Хулганы тархины 3-р ховдолд тариа хийх стереотаксик ажилбар хийсэн

 

                  

Вистар хархны тархинд электрод суулгах ажилбар хийсэн

                     

Амьсгалын замаар ууршуулан мэдээгүйжүүлэх төхөөрөмжид тулгуурлан хулганы үсний ургалтыг судалж байна.

 

              

Хархны нойр булчирхайн Лангерхансын арлыг анхдагчаар ялгасан

Мөн тослог ихтэй тэжээлээр тэжээгээд түүнд чихрийн шижингийн 1,2-р хэлбэрийн таргалалт загвар үүсгээд элэг болон нойр булчирхайн эсийн өөрчлөлт зэрэг судалгааны ажил амжилттай хийгдэж байна. Ийнхүү дээрх судалгааны ажилбарууд Монголын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн цөм лабораторит анх удаа хийгдэж байгаагаараа онцлог давуу талтай.

 

Ямар нэгэн шинжлэх ухааны нээлт хийхэд заавал туршилт хийх нь гарцаагүй. Зөвхөн нэг салбарт ч хамаатай биш өргөн хүрээтэй гэж бодож байна?

Тиймээ. Ганцхан жишээг дурдахыг хүсэж байна. Саяхан Монгол улсын тархи судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч анагаах ухааны доктор Б.Дамдиндорж тэргүүтэй анагаахын сургуулийн багш, судлаач, гишүүд олон улсын бага хурлыг амжилттай зохион байгуулсан. Энэ зохион байгуулах комиссын хичээл зүтгэлийг үнэлж Эрүүл мэндийн сайд, сайдын зөвлөх, сургуулийн удирдлага, ахмад судлаач, багш нарыг нэг дор анхаарлыг хандуулж, цуглуулж чадсан явдал нь нэр төрийн нэгээхэн хэсэг болсон юм. Энэхүү олон улсын хуралд оролцож буй эрдэмтдийн ихэнхи нь лабороторийн амьтан дээр загвар үүсгээд түүнтэй холбоотой судалгаанууд хийсэн байна. Тэгэхээр тэр нь ганцхан тархи судлалын асуудал биш ээ. Өргөн утгаар нь харвал лабораторийн амьтантай холбоотой шинжлэх ухааны талын зүйл яригдах шаардлагатай болж байна. Гоо сайхны бараа бүтээгдэхүүн, хүнс, анагаах ухаан гээд олон салбарт судалгаа, нээлт, арга зүйг тогтооход лабораторийн амьтантай уялддаг.

Лабораторийн амьтад хүн төрөлхтний өмнөөс туршилтын золиос болдог.Монголд эрх зүйн орчин нь бүрдсэн юмуу?

    1979 оны 4 сарын 24-нд албан ёсоор “Лабораторийн амьтны дэлхийн өдөр”-ийг Лорд Доудинг-ны төрсөн өдрөөр зохион байгуулдаг болсон. Энэхүү олон улсын өдрийг Нэгдсэн үндэсний байгууллага амьтны амийг таслахын эсрэг байхыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Монгол улсын шинжлэх ухааны академи “Дэлхийн лабораторийн амьтны өдөр”-ийг тохиолдуулан 2016.04.22 өдөр шинжлэх ухааны байгууллага болон үйлдвэрийн төлөөлөгчид нэг дор цугларч лабораторийн амьтны хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудал, ёс зүйн зарчим, туршлага солилцох семинарыг зохион байгуулсан. Энэ үеэр салбар дундын “Лабораторийн амьтны нийгэмлэг” сайн дурын байгууллагын эхлэл тавигдсан.

     Одоогоор манай улсад 10 гаруй байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургууль лабороторийн амьтны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 24-ноос эхлээд долоо хоногийн хугацаатай лабораторийн амьтны өдөр гэж болдог. Эдгээр амьтад үнэндээ хүний өмнөөс золиос болж байгаа хэрэг л дээ. Тиймээс амьтныг хүндэтгэсэн ийм өдрийг дэлхий даяар зохиодог болсон юм. Тэгэхээр бид нэгдэж, дуу хоолойгоо олон нийтэд хүргэж, цаашид олон улсын стандартын жишигт ойртуулсан стандарт гаргах, боловсруулах зайлшгүй шаардлагатай байна. Улмаар Азийн лабороторийн амьтны нийгэмлэгтэй холбоо тогтоох, техникийн баримт бичиг, туршлага солилцох гээд маш олон асуудлууд гарч ирж байна.

Монгол улсын лабораторийн амьтан үржүүлэг, судалгааны чиглэлийн хичнээн байгууллага байдаг вэ?

 

Энэ чиглэлээр Монгол улсын хувьд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй байгууллага байдаг.  Монгол улс жилд 9 төрөл зүйлийн ойролцоогоор 10 000 толгой туршилтын амьтан ашиглаж байна. Үүнээс харахад туршилт сорилтын ажлын ихэнхи буюу 5645 (68.6%), харх 1050 (12.7%) тооны амьтан эзэлж байна. Хулганы ихэнх хувийг шугаман BALB/c болон цөөн хувийг С57BL/6J инбрид үүлдрийн хулганыг бүрдүүлж байна.

Техникийн бичиг баримтыг тодруулна уу?

Бидний зүгээс монгол улсын стандарт хэмжилзүйн газарт гурван стандарт боловсруулж өгсөн бөгөөд шат дараалалтайгаар байгууллагын санал авах, эрдэмтдийн санал авах, техникийн хороогоор дамжиж үндэсний стандартыг боловсруулдаг.

Үүнд:

1. Лабораторийн амьтны байгууламж, орчинд тавих ерөнхий шаардлага

2. Лабораторийн амьтнаас цус авах түгээмэл аргачлал

3. Лабораторийн амьтныг бэхлэх, эм олгох түгээмэл аргачлал

Монгол улсад лабораторийн амьтантай ажиллах ёс зүйн талаар баримт бичиг, гарын авлага байгаа юу?

 

                                     

“Анагаах ухааны ёс зүй” судлаачийн гарын авлагад амьтанд туршилт хийх биоанагаахын судалгааны ёс зүйн удирдамжаас гадна сурах бичиг, гарын авлага байхгүй. Цөм лабораторийн зүгээс “лабораторийн амьтан судлал-I” сурах бичиг хэвлүүлж, нийтийн хүртээл болгосон.

 

Лабораторийн амьтанд туршихаас гадна зэрлэг амьтан дээр туршилт хийж болох уу?

Шинжлэх ухааны зорилгод нийцүүлэн шинэ мэдлэг олж авах, тодорхой асуудлыг шийдэх зорилготойгоор амьтан ашиглахыг туршилтын амьтан гэдэг. Туршилтын амьтдад (лабораторийн амьтан, тэжээвэр амьтан, зэрлэг амьтан, үзвэрийн амьтан) багтана. Эдгээр туршилтын амьтад үржүүлэг, удамшлын эх үүсвэр, ашиглах зориулалт, бичил биетний хяналт зэргээс шалгаалж ялгаатай байдаг. Жишээлбэл тэжээвэр амьтан нь хүн болон нийгмийн хэрэгцээг хангах үйлдвэрлэлийн амьтныг хэлнэ. Жишээ нь: мах, сүү, арьс, өндөгний гэх мэт чиглэлээр үржүүлдэг. Харин зэрлэг амьтан нь хүний хяналтанд биш, байгалийн эрхшээлд оршин амьдрах, тэжээвэр бус амьтад юм. Мөн лабораторийн амьтныг микробиологийн зэрэглэлээс хамаарч энгийн амьтан, цэвэр амьтан, өвөрмөц үүсгэгчгүй амьтан, ариун амьтан гэж хувааж үздэг. Цөм лабораторит нутагшуулж буй хулгана өвөрмөц үүсгэгчгүй амьтан (Specific Pathogen Free, SPF) зэрэглэлийн амьтан юм.

 

Туршилтын амьтны лабораторийн бааз суурийг бэхжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг хаанаас зохицуулж байгаа вэ?

АШУҮИС-ийн удирдлагууд бодлогоор лабороторийн амьтны бааз суурийг бэхжүүлэхэд онцгой анхаарч байна. Энэ ажлын бүтээмж удирдлага, лабораторийн хамт олны хамтын хүчин чармайлтаар материаллаг баазаа бэхжүүлж байна. Уг сургуулийн харъяа шинжлэх ухаан технологийн сан гэж байдаг.

Лабораторийн амьтныг туршилтад ашигласны дараа уг амьтанг яах вэ?

Туршилтад хамрагдсан амьтныг дахин судалгаа-шинжилгээ хийхгүй. Туршилтад орсон амьтныг егүүтгэх зарчмыг баримтлан устгана.Туршилтын амьтдыг егүүтгэхдээ лабораторийн амьтантай ажиллах ёс зүйг баримтлан амьтнаас хүнд халдварлах өвчин болон химийн бодисын аюулгүй байдлыг хангасан, байгаль орчинд нөлөөлөл бага, тусгай өрөөнд, богино хугацаанд, айдас зовиурын хамгийн бага төвшинд, хурдан, эргэлт буцалтгүйгээр үхүүлнэ. Тухайлбал, 70%-иас багагүй нүүрсхүчил (CO2) эсвэл нүүрсхүчилтэй хуурай мөс (1 кг-д 0.5m3 CO2) ашиглах, мэдээгүйжүүлэх бодис тарих, нугаслах гэх мэт олон аргыг дурдаж болно.

Үржүүлсэн амьтдыг судалгаа-шинжилгээний зорилгоор зарж борлуулах уу?

Анагаах ухааны салбар сургуулиудаас гадна, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их дээд сургуулиуд болон бусад байгууллагатай хамтран ажиллахад бидний үүд хаалга үргэлж нээлттэй гэдгийг албан ёсоор хэлэхийг хүсэж байна. SPF зэрэглэлийн B6 хулгана нь өртөг өндөртэй бөгөөд бусад байгууллагын борлуулах үнээс харьцангуй өндөр буюу 8000 төгрөгөөр үнэлж байгаа.

 

 

Тус лабороторид дадлага хийж буй АШУҮИС-ийн 5-р курсын оюутнуудаас юу сурч буй талаар нь тодрууллаа. 

"Бидний дипломын ажил лабороторийн амьтантай холбогдож байгаа. Энд дадлага хийснээр олон зүйл сурч байна. Лабороторийн амьтныг хэрхэн арчлах, задлан хийх, яаж тариа хийх аргыг хүртэл сурсан. Өглөөд ирээд бүх хулганаа ажиглан тэмдэглэл хийнэ. Гаднаас нь хараад хүйс, насыг нь ялгаж чаддаг болсон. Хулгана дээр эм болон оношлогооны туршилт хийдэг учир бид нарын мэргэжилтэй заавал холбогдож байгаа юм" хэмээн юу сурч мэдсэнээ хуваалцсан юм. 

Бидний ярилцлага үргэлжлэн Цөм лаборотори дахь лабораторийн хар хулганатай танилцлаа.

 

               

 

               

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Саруул
Сайн байна уу? Хичээл сургалтын зорилгоор хэрэгэх юм аа ямар ямар хулганууд байгаа вэ? Утасны дугаар хаягаа өгөөч
2018/04/21 202.21.107.149
Юу вэ? арай ч дээ
Наад хар хулган хэмээх хархнууд чинь хамгийн аюултай амьтан. Нэг үржихлээрээ хэдэн мянга болж хурдан үржинэ. орчиндоо дасахдаа амархан. Хамгийн аюултай амьтан. Юун үржүүлэх.Даруйхан устгах хэрэгтэй.
2017/10/10 203.91.115.44
Зочин
Ангийн залуудаа монгол анх удаа хар хулгана нутагшуулж байгаад нь баяр хүргэе
2017/10/10 124.158.110.101
Зочин
Мундаг сайхан ажил хийж байгаа юм байна Баяр хүргэе
2017/10/10 124.158.110.101
  • Recent
  • Most Read
  • Most Comment