Монголын үндэсний олимпийн хороо өнгөрсөн наймдугаар сараас эхлэн тодруулж буй "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалтын дүн гарч, ялагчдын нэрс ил болсон байна. Унгарын Будапешт хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д түрүүлсэн МУГТ, Олимпийн наадмын мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа болон Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон нар санал асуулгын дүнгээр сарын шилдэг тамирчид болсон байна. Тухайн сард Монголын спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг дүгнэх, амжилт үзүүлж элэг нэгтнүүдээ баярлуулсан тамирчдаа алдаршуулах, олимпийн хөдөлгөөн, спортыг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий "Сарын Шилдэг Тамирчин" шалгаруулалтыг МҮОХ-оос сар бүр явуулах юм.
Есдүгээр сарын шилдэг тамирчин шалгаруулалтанд нэр дэвшигчид 10 дугаар сарын эхний долоо хоногт тодорхой болно. Санал асуулгын дүн 10 дугаар сарын гурав дахь долоо хоногт дуусан шилдэг тамирчны нэр тодрох учиртай.