“Алаг нүдэн” гэх тодотголтой Монголын Улсын Гавьяат жүжигчин И.Одончимэг өчигдөр 50 насны төрсөн өдрөө тэмдэглэн өнгөрүүлжээ. Түүний төрсөн өдөрт гэр бүл, найз нөхөд, урлагийнхан оролцож нэг үдшийг гайхалтай сайхан өнгөрүүлсэн байна. Энэ гайхалтай үдэшлэгт хуран цугласан бүхнийг уулга алдуулж, гайхшруулж чадсан хүн бол И.Одончимэгийн нөхөр Т.Бархүү юм. Учир нь тэрбээр эхнэрийнхээ төрсөн өдрөөд түүнд албан ёсоор гэрлэх санал тавьж сүйн бөгж өгсөн юм. Энэ нь жүжигчин Одноогийн хувьд гэнэтийн бэлэг байлаа.
Хосууд хэдий насны зөрүүтэй ч сайхан хайрын амтыг мэдэрч хамт амьдраад арав гаруй жил болж байгаа билээ. Хайрын сайхныг бие биедээ мэдрүүлж, мэдэрч яваа И.Одончимэг, Т.Бархүү нар урлагын тайзнаа үргэлж од шиг гялалзаар ирсэн үлгэр жишээ урлагийн гэр бүлүүдийн нэг.
Жүжигчин Т.Бархүү “Яг түүн шиг-2” шоуны хоёрдугаар улирлын ялагч болж байхдаа “Миний хань Одноо би чамдаа маш их хайртай. Энэ бүхэнд чиний минь асар их хөдөлмөр, зүтгэл шингэсэн. Охин та хоёр минь миний амьдрал шүү” хэмээн хоолой зангиран баярын сэтгэгдлээ илэрхийлж байсан удаатай. Тэгвэл жүжигчин залуу маань энэ удаад хайрын сэтгэлээ ийнхүү сүйн бөгжөөр дахин илэрхийллээ. Хосууддаа аз жаргал хүсье.