Суудлын мэдрэлийн өвчин болон түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар “Монгол мед” эмнэлгийн мэдрэлийн ахлах зэрэгтэй эмч Ш.Ганчимэгтэй ярилцлаа.
-Суудлын мэдрэлийн өвчин гэж юу вэ. Энэ өвчнөөр аль насныхан их өвчилж байна вэ?
-Суудлын мэдрэлийн өвчин гэдэг нь ихэнхдээ бүсэлхий нуруугаар өвдөн, улмаар өгзөг, хөлрүү өвдөлт дамжсанаас нуруугаа тэнийлгэж, хөдөлж явж чадахгүй болж хөдөлгөөн хязгаарлагдахыг хэлдэг. Мэдрэл цочирдсоны учраас энэ өвчин бий болдог. Нугалам яс ба нугасны хавдар, нугалам хоорондын зөөлөн эдийн ивэрхий, нугалам яс хугарах, гулсах, нугалмайн үений үрэвсэл, шохойжилт зэргээс яс, үе томорч нугас болон нугасны ёзоорыг нарийсган дарсанаас нуруу өвддөг. Нугасны ёзоор аль түвшинд, хир их дарагдсанаас шалтгаалан нэг эсвэл хоёр хөл, хэвлий, бэлэг эрхтэн рүү өвдөлт дамждаг. Нугасны ёзоор цочирсоноос доод мөчдийн, ялангуяа шилбэ тавхайн цусан хангамж буурч хөл даарах, ирвэгнэх шинжүүд бас илэрч болно. Нугасны хөдөлгөөний ширхэгүүд хавчигдсан тохиолдолд хөлийг нугалагч булчингууд чангарч, тэнийлгэгч булчингууд сулардаг байна. Энэ өвчнөөр өвчилж байгаа хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд. Үүнд дотроо илүүдэл жинтэй хүмүүс их ирдэг. Мөн жолооч, тамирчид түлхүү өвчилж байна. Сүүлийн үед биеийн хүчний дасгал сургуулилт хийдэг секц, дугуйланд явдаг хүүхдүүд нэлээд ирдэг. Мөн эмэгтэйчүүд тодорхой хувийг эзэлж байна.
-Өвдөлт гэнэт эсвэл аажим явцад илэрдэг гэсэн. Суудлын мэдрэлийн өвчнөөр өвчилсөн эсэхээ хэрхэн мэдэх вэ?
Ихэнхдээ хүнд зүйл хүчилж өргөх эсвэл буруу өргөснөөс, удаан хугацаагаар суудаг ажилтай хүмүүсийн нуруунд ачаалал ихэсч булчин шөрмөс чангарсанаас нурууны өвдөлт үүсдэг.
-Нурууны булчингийн чангарал, бүслүүр үед, бөөрний өвчнүүд, хэвлийн болон бэлгийн замын хавдруудаас болсон нурууны өвдөлтийг суудлын мэдрэлийн өвдөлтөөс ялган оношлох шаардлагатай. Хөдөлгөөн багатай, суугаа ажил хийдэг, жин ихтэй хүний нуруу өвчлөх магадлал их байдаг. Мөн компьютерийн ард олон цагаар сууж ажилладаг ажилтнууд, РС тоглодог хүүхдүүд ч нуруу өвддөг. Үүнийг эрдэмтэн, судлаачид яртдаг болсон. Ихэнхдээ хүнд зүйл хүчилж өргөх эсвэл буруу өргөснөөс, удаан хугацаагаар суудаг ажилтай хүмүүсийн нуруунд ачаалал ихэсч булчин шөрмөс чангарсанаас нурууны өвдөлт үүсдэг. Нуруу, нугасны эмгэгийг дагалдан дотор эрхтэн, булчинд эмгэгт өөрчлөлтүүд гардаг. Тухайлбал, хүзүүний нугаламын өвчний үед нуруугаар өвдүүлэхээс гадна толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих, хараа муудах зэрэг шинж илэрдэг. Нурууны цээжний хэсгийн өвчний үед амьсгал, зүрхний үйл ажиллагаанд хүндрэл үүсдэг, бүсэлхий орчмын нугалмын өвчний үед хоол боловсруулах эрхтэн, бөөрний үйл ажиллагаа хямарч, чалх сулардаг байна. Түүнчлэн суудлын мэдрэлийн өвчнөөр өвчилж байгаа хүмүүсийн дийлэнх нь нуруу өвдлөө, нурууны нэг тал татчихлаа, нуруунд юм орчлоо гэсэн зовиур шинж тэмдэгтээ ирдэг. Хэрвээ танд эдгээр шинж тэмдэг илэрч байвал та суудлын мэдрэлийн өвчнөөр өвчилсөн байна. Зарим тохиолдолд иргэд явж чадахгүй болчихсон, хүнээр тулуулсан, таяг тулсан орж ирдэг. Энэ нь хурц өвдөлт өгч байгаагийн шинж тэмдэг.
-Энэ өвчний шалтгаан юунаас үүдэлтэй вэ?
-Нурууны өвдөлт чухам юунаас болсоныг оношлохын тулд эхлээд рентген зураг авч нурууны нугаламын бүрэн бүтэн байдал, компьютер томограф, соронзон оношлуурт томограф зэрэг шинжилгээгээр булчин, холбоос эд, зөөлөн эдийн эмгэг байгаа эсэхийг оношлоно. Сүүлийн үед хэт их суугаа ажил хийх, хөдөлгөөний хомсдол, илүү жин энэ өвчнөөр өвчлөх шалтгаан болж байна. Мөн хөлстэй, халууцсан үедээ гарч салхи цохиулах тохиолдолд мэдрэлд цочирол үүсдэг. Үүнээс болж өвддөг. Энэ нь ихэвчлэн тамирчид, жолооч, дугуйлан секцэд явдаг хүүхдүүдэд илэрдэг. Түүнчлэн ясны сийрэгжилт нэлээд нөлөөлж байна.
Тухайлбал, хүзүүний нугаламын өвчний үед нуруугаар өвдүүлэхээс гадна толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих, хараа муудах зэрэг шинж илэрдэг.
-Хэрхэн эмчлэх вэ?
-Зангирсан булчин мэдрэлээ дараад байгаа учраас эхний ээлжинд халуун жин тавих, шарлага хийх зэрэг эмчилгээ хийнэ. Энэ нь булчинг суллаж амрааж, өвчин намдааж өгдөг. Үүний дараа булчин тавигдаад сулраад ирсний дараа үрэлсэлтэй байгаа эсэхийг үзэж үрэвслийн эмчилгээ хийнэ. Үрэвслийн эсрэг дааврын бус эм хэрэглэн мэдрэлийн ёзоорын хаванг буулган, өвчин намдаана. Мөн шохойжилтоос болж, мөгөөрс гэмтсэн бол мукосат, алфлутоп, структум, румалон гэх мэтээр эмчилнэ. Эхний үед өвдөлт намдтал хөдөлгөөн хязгаарлан даруулга, корсет зүүлгэнэ. Дараа нь хөдөлгөөн, сунгалтын дасгалыг гэрийн болон эмнэлгийн нөхцөлд хийнэ. Хэрэв хавдар, гэмтэл болон бусад бүтцийн өөрчлөлтүүдээс шалтгаалан дээрх үр дүнгүй, илэрвэл мэс заслын эмчилгээ хийнэ. Нурууны өвдөлтийг эмчлэхэд эмийн эмчилгээнээс гадна эмийн бус физик эмчилгээ, биеийн тамирын дaсгал үр дүнтэй аргад тооцогдож байгаа. Эмийн эмчилгээ нь тухайн үедээ өвчин намдаах, булчин суллах үйлчилгээ үзүүлээд л өнгөрнө. Хамгийн үр дүнтэй арга бол дасгал хөдөлгөөн. Үүнд нурууны сунгалтын болон булчин чангалах дасгал юм.
-Манайхан нуруунд юм орох эсвэл бэртэл гэмтэл авсан үедээ бариулах тохиолдол их байдаг. Мэдрэлийн суудлын өвчний үед бариулах нь буруу гэж та хэллээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Нуруунд юм орох, татах, өвдөх үед хүмүүс шууд бариач эсвэл бариа заслын эмнэлэгт очиж бариа хийлгэдэг. Булчин сулраагүй байхад бариулах нь маш буруу. Булчингаа, суллаж өгөлгүй бариулаад нурууны сэртэнгээ хугалчихсан ирэх тохиолдол байна. Тиймээс суудлын мэдрэлийн өвчнөөр өвдсөн тохиодолд хамгийн түрүүнд мэргэжлийн эмчид хандаж өвчин намдаах, жин тавих зэрэг эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
-Суудлын мэдрэлийн өвдөлт, өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
-Нурууны булчин, үе холбоосыг бэхжүүлэх дасгал хөдөлгөөн хийж, даарч хөрөх, хүнд юм болгоомжгүй өргөх, нэгэн хэвийн байрлалд удаан хугацаагаар ажиллах зэргээс сэргийлбэл таны нуруу өвдөхгүй байх боломжтой. Нуруу мэдрэл хоёрыг холбож байдаг холбоос нь нугалам дээр байдаг булчингууд юм. Сэтгэл санаа хямрах үед эдгээр булчингууд чангардаг байна. Хэрэв энэ булчингуудыг амрааж, суллаж байхгүй бол байнгын зангирч, хөвчирсөн байдал нь сүүлдээ архагшдаг. Ингээд нуруу хөдөлгөөнгүй болж, улмаар өвчин эхлэхийн нэг шалтгаан, эх үүсвэр болдог байна. Байнгын суугаа ажилтай хүмүүс, сандал дээрээ зөв суудаггүй, хэт зөөлөн орон дээр унтах, биеийн жингээ тэнцэржүүлэх, хөнд зүйл өргөхдөө жингээ зөв хуваарилж нуруунд ирэх ачааллаа мэдрэх хэрэгтэй. Эдгээр зүйлээс нөлөөлдөг.
-Нуруу болон суудлын мэдрэлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн аргуудын талаар зөвлөгөө мэдээлэл өгнө үү?
-Энгийн та бид өдөр тутамдаа хийж хэвших аргуудыг талаар мэдээлэл өгье. Ямар нэг зүйл хийж байх үедээ нэг байрлалд удаан суух буюу зогсохгүй бай. Утсаар ярихдаа чих мөрнийхөө хооронд утсаа удаан хавчуулахгүй байхыг хичээ. Ингэснээр мөрний булчинд нөлөөлж улмаар нуруу өвддөг. Өндөр дэр хэрэглэхгүй байх, хатуу газар унтах, зөөлөн матрас хэрэглэхгүй байх нь чухал. Аль болох хатуу зүйл дээр хэвтэх хэрэгтэй. Суугаа ажилтай хүмүүс зөв суух хөдөлгөөнтэй байх, хөлд эвтэйхэн өндөр биш гутал өмс. Ер нь, өндөр өсгийтэй гутал нурууны өвчний эх суурийг тавьдаг. Мөрөндөө цүнх үүрч явдаг бол аль болох хоёр мөрөндөө ээлжлэн үүрэх, машин барьдаг бол машинаа зогсоож гар, мөрөө амрааж яв. Мөн суудлын бүрээсийг нуруунаас хөндийрүүлж, хөлрөхөөс сэргийлэх, Өндөр юман дээр зогсчихоод доош бөхийх хэрэггүй, хүнд юмыг аль болох өргөх хэрэггүй. Энэ нь нуруунд маш их ачаалал өгдөг тул үүнээс зайлсхийх хэрэгтэй. Хэрэв хүнд юм өргөж явахаар бол нуруугаа аль болох эгц байлгаад гуяны булчинд хүнд ачааллыг төвлөрүүлэн хоёр хөлөө нугалж доош суун биедээ нааж өргөөд босох хэрэгтэй. Ямар нэг биеийн хүч шаардсан ажил хийхээр бол эхлээд бөхийх, суниах, хагас эргэх зэргээр биеэ халаах хэрэгтэй. Энэ нь нурууны булчин сунаж гажихаас сэргийлнэ. Хатуу орон дээр нягт гудастай унт. Даавууны өөдөс болон цайны хатаасан шаараар хийсэн нэг их өндөр биш дэртэй унтах нь зөв. Учир нь, өндөр дэр хүзүү, толгойг хөшихөд нөлөөлдөг. Өглөө сэрэнгүүтээ шууд босож болохгүй. Харин сэрээд аажуу тайван хэсэг суниаж биеийн чилээг гарсны дараа бос. Эдгээр хөдөлгөөн дасгал, аргуудыг тогтмол хийж хэвшвэл урьдчилан сэргийлж чадна.
Д.Нэргүй
-Ярилцсанд баярлалаа.