Нийслэлийн СБД-ийн 29 дүгээр тусгай сургуулийн сурагчид энэ сарын 27-нд суралцах эрх нь зөрчигдөж байна хэмээн сургуулийнхаа хашаанд жагсаал зохион байгуулсан.
Энэ талаар БСШУС-ын сайд Ж.Батсууриас тодруулахад “29 дүгээр сургууль дээр БСШУС-ын Сайдын тушаалын дагуу Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэг ойрын өдрүүдэд тус сургуулийн багш, удирдлагуудтай уулзан, тулгамдаад буй асуудалд анхаарал хандуулан ажиллана. Бүх хичээлийг дохионы хэлээр ярьж, заана гэдэг харьцангуй ойлголт юм. Боловсролын их сургуульд дохионы хэлний багш бэлтгэх урт, богино хугацааны сургалт явж байгаа. Дохионы багшийг хэт олон сургуульд бэлтгэх шаардлагагүй.
Тэгэхээр дохионы багшийг олноор бэлтгэвэл ажлын байргүй болох эрсдэл бий. Дохионы хэлний багшийг дотоодод төдийгүй ОХУ-д бэлтгэх бүрэн боломжтой. Энэ жил 1000 шахам суралцагч бакалавр, магистр, докторын түвшинд ОХУ-д суралцсан” хэмээх хариулт өглөө.