Алдаа оноотой 2015 он улиран өнгөрч 2016 он айсуй ирж байна. Энэ жил монголчуудын хувьд ахин давтагдахааргүй түүхтэй, сургамжтай он жил байлаа. Улс төр нийгмийн хүрээнд болсон онцлог үйл явдалаас гадна монгол хүүхдүүд оюун ухаанаар тив дэлхийд нэрээ дуурсгасан бахдам амжилтыг үзүүллээ. Энэ жилийн оны онцлох хүүхдийн дунд оюун ухаанаараа тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Г.Амартүвшин, Олон улсын Ой тогтоолтын тэмцээний Ази тивийн аварга З.Цэцэгзул, Олон улсын математикийн олимпиадын хүрэл медальт О.Бодрол, Өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээний мөнгөн медальт, Ази тивийн хошой аварга Э.Хүслэн, Олон улсын Соробан сампингийн тэмцээний Алтан цомын шагналт Э.Амаржаргал нарын Оюуны спортын мастерууд энэ оны шилдэг хүүхдээр шалгарсан юм. Энэ удаад бахдам амжилт гарган энэ жилийн онцлох хүүхдээр шалгарсан. Шилдэгээр шалгарсан 15 хүүхдийн ихэнх нь оюун ухаанаараа тив дэлхийн аварга болсон хүүхдүүд багтсан байв.
Олон улсын Ой тогтоолтын тэмцээний Ази тивийн аварга З.Цэцэгзул нь 3540 цифр алдаагүй цээжилсэн амжилтаараа Дэлхийн дээд амжилтын эзнээр тодорсон байна. Ази тивийн аварга З.Цэцэгзулаас энэ жил гарсан амжилтаас хуваалцлаа.
-Шинэ оны босгон дээр шилдэг хүүхэд болсон байна. Ямар шалгуураар шилдэг сурагч болсон вэ?
-Миний хувьд ой тогтоолтоор хичээллэдэг. Өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах тэмцээнд өсвөр насандаа гуравдугаар байр эзэлж Азийн мастер боллоо. Мөн саяхан болсон Ой тогтоолтын Дэлхийн аваргаас өсвөр насандаа 3-т орж хоёртын тоололоор дэлхийн рекордыг эзэмшиж байна. Энэ тэмцээнээс би 5 медаль авсан.
-Ой тогтоолтын төрөл олон ш дээ. Чи яг аль төрлөөр нь дагнаж хичээллэдэг вэ
-Ой тогтоолтын тэмцээнийг 10 төрлөөр зохион байгуулдаг. Үндсэн 10 төрөл байдаг гэсэн үг. Энэ тэмцээнд 10 төрлөөр оролцоод ирсэн. Тоо, эсвэл үг цээжлэх хүний нэр цээжлэх ямар нэгэн юмны дүрс цээжлэх гээд олон төрлүүд байдаг. Ой тогтоолтоор хичээллэх маш их давуу талтай. Математикийн хичээл дээр томъёо цээжилсэн бол мартахгүй мөн уран зохиол дээр нэг зохиол цээжилсэн бол түүнийгээ мартана гэж байхгүй. Нэг уншсан бол мартана гэж байхгүй.
-Чи ой тогтоолтоор хичээллээд хэр удаж байгаа вэ?
-Ер нь бусад хүүхдүүдийг бодоход ой тогтоолтоор хичээллээд удаагүй байгаа. Ээжийгээ дагаад ой тогтоолтоор хичээллэж эхэлсэн. Монголчууд ой тогтоолтоор хичээллээд явахад бусад оронтой харьцуулахгүй гэж бодож байна.
- Хоёртын тооллоор Дэлхийн рекордыг эзэмшиж байгаа юм байна. Чиний цаашдын зорилго юу вэ
-Манай монгол улс ой тогтоолтоор Дэлхийд 1-т орох зорилогтой байгаа. Харин миний хувьд цаашдаа амжилтаа бататгаж Дэлхийн аварга болохыг зорьж байна. Ер нь манай улсын ой тогтоолтын тамирчид аль ч улсад очоод ямар ч тэмцээнд орсон нийлбэр оноогоороо эхний гурван байрт шалгарч чаддаг. Эхний гурван байрыг алдана гэж байхгүй.