Олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргасан Засгийн газрын 124 сая ам.долларын захиалгатай бондод гадаадын хөрөнгө оруулагчид 3.3 тэрбум ам.долларын санал ирүүлсэн. Хуралдай бондыг худалдан авахад америкчууд тэргүүлж, европ, азийнхан удаалсан гэдэг. Бонд амиллаа.
Засгийн газрын бонд өндөр хүүтэй, татваргүй гэдэг том давуу талтай.
Монголчууд ч ихэд сонирхох болж. Сүүлийн нэг сарын хугацаанд 100-150 тэрбум төгрөгийн бондын худалдан авалт хийгдсэн байна. Засгийн газрын бонд өндөр хүүтэй, татваргүй гэдэг том давуу талтай.
Дөрөвдүгээр сарын 01-нээс эхлэн хадгаламжийн хүүгээс татвар авах болсон нь иргэд болоод арилжааны банкуудыг нэлээдгүй сандаргах болсон. Иргэд банкнаас мөнгөө татахаар яаравчилж эхэлсэн нь дамжиггүй. Банкууд хадгаламжийн хугацаа нь болоогүй, гэрээний хугацаа дуусаагүй гэх мэтчлэн түр аргацааж байгаа сурагтай. Тэгэвч тэд удаан торгоож чадахгүй.
Бонд нэрлэсэн үнэ нь 100 мянган төгрөг учраас хэн ч авах боломжтой.
Хүмүүс бонд худалдахад хошуурч эхэллээ. Засгийн газрыг бондыг мөнгөтэй хүмүүс, арилжааны банкууд, банк бус санхүүгийнхэн авдаг байсан бол одоо иргэд олноор авах сонирхол бий боллоо. Тэд аль хэдийнэ банкны хадгаламжийн хүү, үнэт цаасны хүү хоёрын харьцуулалтыг харах болж. Банкны хадгаламжийн хүүг жилийн дараа л гэрээнд заасан хугацаанд авна. Хэрвээ хугацаанаасаа өмнө цуцлах бол хүү авах боломжгүй байдаг.
Тэгвэл бонд худалдаж авчихаад сарын дараа зарвал хүү, ашгаа бодуулаад авах боломжтой. Энэ нь л давуу тал нь юм. Бонд нэрлэсэн үнэ нь 100 мянган төгрөг учраас хэн ч авах боломжтой. Хэрвээ бонд худалдаж авахаар эрмэлзэж байгаа бол Монголын хөрөнгийн биржийн гишүүн аль нэгэн брокер дилерийн компанид хандаж данс нээлгэхэд л болно. Засгийн газар энэ долоо хоногт 30 тэрбумын бонд зарласан байна. Жижиг хөрөнгө оруулагчдад ахиухан өгч, их хэмжээгээр авах захиалга өгсөн томоохон компаниудад хуваарилах маягаар бонд тараагдаж эхэлжээ. Эрэлт нь ихэссэн учраас нийлүүлэх бондын хэмжээ багасжээ.
Гэхдээ санаа зоволтгүй нь. Засгийн газар долоо хоног бүр бондын хэмжээг зарлаж байгаа аж.