Японы мэргэжлийн сумо бөхийн энэ оны Хару башё гуравдугаар сарын 12-ноос 26-ны өдрүүдэд Осака хотод болно. Энэ башёд Хакухо Даваажаргал, Харумафүжи Бямбадорж, Какүрюү Ананд, Кисэносато гэсэн дөрвөн аварга, озэки Гоэйдо, Тэрүнофүжи Ган-Эрдэнэ, сэкиваки Котошёогикү, Тамаваши Мөнх-Оргил, Такаясү нар тэргүүлэн барилдана.
Харин манай бусад бөхчүүдээс Таканоива Баасандорж м-2, Араваши Дөлгөөн м-4, Ичиножёо Ичинноров м-7, Чиёоношима Мөнхсайхан м-7, Кёкүшюүхо Эрдэнэбаатар м-14-т бичигдлээ.
Хамгийн сүүлд 2000 оны гуравдугаар сарын башёд дөрвөн аварга барилдаж байсан. Түүнээс хойш яг 17 жилийн дараа мэргэжлийн сумогийн дээд цолтой дөрвөн бөх нэг башёд зэрэг барилдах гэж байгаа нь олон үзэгчдийн сонирхлыг татаж байгаа юм.