Enok Groven олон улсын загварын ертөнцөд Модель, жүжигчин, дуу зохиогч, байгаль дэлхийгээ хайрлан тэмцэгч, дуучин, хөгжмийн зохиолч, реалити шоуны од зэргээр алдартай нэгэн билээ. Enok Groven загвар өмсөөд зогсохгүй хөөмийн урлагаар хичээллэдэг авьяаслаг нэгэн юм. Милан, Лондон, Берлин, Парис, Барселона, Копенгаген, Лос Анжелос зэрэг том хотуудын загварын агентлагуудтай хамтран ажилладаг төдийгүй алдартай хөгжмийн зохиолчидтой хамтран уран бүтээл туурвидаг. Загвар өмсөгч, фотомодель чиглэлээр ажилладаг учраас өөрийн салбарт гарч буй чухал асуудлыг хөндөж FACC буюу Цаг уурын өөрчлөлтийн эсрэг загварын чиг хандлага нэртэй нийгэмлэгийг байгуулсан. Энэхүү нийгэмлэг нь хувцас загварын салбар тэр дундаа хувцас үйлдвэрлэгчид, загвар зохион бүтээгчид байгаль орчинд ээлтэй байдлаар хувцас үйлдвэрлэх, мөн загварын салбарын байгаль орчинд учруулж буй хор хөнөөлийг багасгах зорилготой байгуулагдсан аж. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Юуны түрүүнд эх орон минь тавтай морил. Монголын тухай өмнө нь хэр их сонсч байв. Ирээд ямар сэтгэгдэл төрсөн тухайгаа хуваалцаач?
-Монголд ирэх их сайхан байна. Энд ирээд уулзсан хүн болгон Монгол орны тухай илүү их мэдэх хүслийг минь өдөөж байна. Би энд ирээд интернэт, гар утас хэрэглэдэггүй зэрлэг байгальд амьдарч байгаа хүмүүстэй уулзахыг хүссэн. Зорилго маань ч биелэнэ гэдэгт итгэлтэй байна. Ирж байхдаа онгоцонд Австралийн аялагч эмэгтэйн бичсэн Монголын талаарх аялалын тэмдэглэлийг уншсан. Хэд хоногийн өмнө би тэр эмэгтэйтэй холбогдсон, уулзахаар болсон. Тийм болохоор надад их сайхан байгаа. Энэ хүн надад Монгол орныг илүү сайн мэдэхэд тус болно гэдэг итгэлтэй байна. Би ер нь өөрт олдож байгаа боломжийг алдахыг хүсдэггүй. Түүнийгээ аль болох ашиглахыг хичээдэг хүн.
-Хэд хоногийн өмнө Монголчуудын хувьд түүхэн өдөр тохиосон. Монголын их хаан Чингис хааны төрсөн өдрийг улс даяараа тэмдэглэлээ. Гадныхан Монгол гэхээр “Чингис хаан”-аар л төсөөлдөг. Харин та Их хааны талаар хэр их мэдэх вэ?
-Мэдээж сонсолгүй яахав. Дэлхийн талыг эзэлж байсан алдартай хаан, захирагч байсан. Морь маш сайн унадаг, морин дээрээс маш сайн харвадаг байсан гэдгийг мэдэж байна. Мөн Дэлхийн бусад алдар цуутай хаадын адил улс орноо аль болох удаан оршин тогтнуулахын тулд олон томоохон тулааныг хийж байсан маш хүчирхэг хаан. Чингис хааны хүүхдүүд нь ч мөн адил Монгол улсыг цааш оршин тогтноход асар их үүрэг гүйцэтгэсэн гэдгийг уншиж байсан юм байна. Би бас өөрийнхөө түүхээ сайн мэднэ. Викинг гаралтай хүн болохоор үүх түүхээ сайн судалсан. Викингчууд түүх Чингисийн үеийнхэнтэй олон зүйлээрээ их төстэй. Гадаад төрхөөрөө гэхэд л урт сахалтай, урт үстэй. Бас дайн байлдааны үеэр олон тактик хэрэглэдэг байсан гээд л. Хожим нь Чингис хааны талаар уншиж байхад түүний хэрэгжүүлдэг байсан тактикуудтай их адилхан юм билээ. Цөөн цэргүүдтэй ч байсан ч зөв тактик хэрэглэсэний үр дүнд ялалт байгуулж байсан түүх аль алинд байдаг. Бас монголчууд үндэсний бөхтэй. Манай викингчууд ч гэсэн өөрийн гэсэн үндэсний бөхтэй. Эрчүүд нь цээж нүцгэн дан нимгэн өмдтэй барилддагаараа танай үндэсний бөхтэй их төстэй юм билээ.
-Тэгвэл тэр Их агуу хааны маань үлдээсэн сайхан нутгуудын маань нэг Говь-Алтай аймгаар явж, зураг авалтанд оролцоод ирсэн байна шүү дээ?
-Амьдралдаа анх удаа машинаар, бартаат замаар 14 цаг аяласан аялал хийгээд ажил минь байлаа. Парис, Милан гээд л загварын хотууд руу явахдаа хамгийн дээд тал нь 10 цаг явдаг. Маш өөр сэтгэгдэл төрсөн. Үнэхээр гайхалтай байсан. Би ийм сайхан зүйлийг үзэж харж чадах мэргэжилтэй болсондоо өөртөө их олзуурхаж, бахархаж байлаа. Ёстой азтай. Одоо тааралдсан хүн болгондоо энэ тухай дуулганаа. Заавал Монголд очиж үзээрэй, аялаарай, үнэхээр гайхалтай шүү гэнэ. Хэдийгээр нуруу маань сүүлдээ тэсэхээ байж, хэцүү байсан ч хэзээ ч мартагдашгүй аялал болсон. Өмнө нь хэзээ ч онгон байгальд тэмээ явж байхыг харж байсангүй. Аялана гэдэг хүний амьдралыг маш сонирхолтой болгодог зүйл. Саяны аялал хэдийгээр 14 цагийн турш бартаат замаар явсан ч гэсэн дахиад урт байгаасай гэж бодсон. Учир нь хэн ч байхгүй цөл газар амьтад яаж амьдарч байгааг харах, урд нь хот байсан газрыг одоогийнхтой харьцуулж харах гайхалтай бас таашаалтай байсан.
-Аялалынхаа үеэр монгол ахуйтай хэр танилцаж чадав? Манай нүүдлийн соёл иргэншил судлаад үзвэл маш сонирхолтой шүү дээ?
-Миний хамгийн эхний мөрөөдөл бол модель болох байлаа. Би одоо энэ мөрөөдлөө биелүүлж, түүн дотроо амьдарч байна. Харин дараагийнх нь Монгол гэрт амьдрах болсон. Сайхан гэр худалдаж аваад, амьдраад ахуйг нь судлаад Монгол хүн шиг амьдрахыг мөрөөдөж байна. Гэвч сая надад ийм боломж хараахан гарсангүй. Хэзээ нэгэн цагт биелүүлнэ. Ганцаараа гэрт амьдрахад надад тайван орчин бүрдэж, би юу хийх ёстой түүнийгээ хийнэ. Би өвөг дээдсүүд болох викингчуудынхээ талаар ном бичиж байгаа. Түүнийгээ монгол гэрт амьдарч байгаад л бичиж дуусгамаар байна. Би Норвегит реалити шоунд оролцож байсан л даа. Энэ шоу нь 1763 оны ямар ч технологигүй викингчуудын амьдралаар амьдрах. Шоунд оролцож байхдаа өөрийнхөө хамгийн анхны дуугаа зохиосон. Хамгийн анхныхаа шүлгээ бичсэн. Тэгэхээр технологигүй, онгон зэрлэг байгальд амьдрахад хүнд ямар их зүйл өгч болдог юм бэ гэдгийг тэднээс олж мэдсэн. Ер нь Норвегит байхад сэтгүүлчид өдөр болгон ярилцлага авъя, хүмүүс зургаа хамт авахуулъя, селфидье гэдэг. Тиймээс надад эндээс жаахан ч гэсэн холъё гэсэн санаа байсан. Харин энд ирээд үнэхээр сайхан байна. Хэн ч намайг танихгүй, мэдэхгүй, гадуур чөлөөтэй алхаад л. Гэхдээ л энэ хугацаанд танай улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд хэд хэдэн ярилцлага аваад амжлаа шүү.
-Та манай улсын шилдэг загвар зохион бүтээгчдийн нэг Ариунаа Сүригийн шоунд оролцохоор ирсэн. Анх яаж түүнтэй холбогдож байв?
-Ирэхээсээ өмнө Монголд уртын дуу, хөөмий, бөх байдаг гэдгийг мэддэг байсан. Учир нь би хөөмийлдөг. Бас үндэснийхээ бөхөөр барилддаг. Миний хийдэг хоёр зүйл Монгол улсад байдаг юм байна. Очих ёстой юм байна гэж бодож байтал гэнэт монголоос санал ирэхэд ёстой гайхалтай байсан. Монголоос ийм санал ирнэ гэж амьдралдаа төсөөлж байгаагүй. Бас Ариунаа надад мэйл бичихдээ германаар бичсэн нь бүр сонин санагдсан. Монголоос надруу германаар бичээд л. Учир нь би герман хэлэндээ тийм сайн биш. Google translate-аар орчуулж байсан. Харин дараа нь орчуулагчтайгаа уулзахад би үнэхээр “happy” болсон шүү. Мөн Ариунаа өөрөө надад санал тавьсан. Шоунд оролцох саналыг ихэвчлэн загварын агентлагуудад нь тавьдаг. Парис, Миланаас санал ирж л байдаг. Тэд нэг их сонин биш. Очиж байсан л газрууд. Харин Монгол гэсэн болохоор би очих ёстой гээд шууд шийдсэн.
- Монгол оронд яг одоо өвлийн улирал айлчилж байна. Хүйтэрч байна. Норвеги улсын цаг агаар ямар байна?
- Манай улсын газар нутаг их урт. Би өмнөд хэсэг нь амьдардаг. Байнгын бороотой. Одоо бүр дасчихдаг даа. Харин хойд хэсгээрээ монголын уур амьсгалтай төстэй. Цас орно, өвлийн цагт хүйтэн. Аялаж явахад надаас хамгийн их асуудаг зүйл нь энэ л дээ.
-Яагаад ингэж асуусан гэхээр монголчууд өвлийн цагт үслэг эдлэл их сонирхдог. Тиймдээ ч Ариунаа Сүри “Дархан минж” компанитай хамтран өвлийн коллекцоо танилцуулах гэж байна. Танд түүний загварууд хэр таалагдав? Учир нь монголчууд өвлийн цагт ч гэсэн загварлаг байхыг хичээдэг ард түмэн л дээ.
-Цахим хуудаснаас өмнөх коллекцийг нь харсан, маш их таалагдсан. Харин ирээд нэхийний коллекцийг нь хараад ухаан алдаж унах шахсан. Үнэхээр гайхалтай. Би японы нэрт загвар зохион бүтээгч Ёжи Ямамотогийн хувцасыг өмсч байсан. Ариунаагийн загвар түүнийхтэй төстэй. Ариунаагийн нэг онцлог нь залуухан, цэвэрхэн царайтай, өндөр модель гэхээсээ илүү өөрийнхөө загварт тохирсон, өөрийнхөө хэлэх гэсэн санааг илэрхийлж чадах залуучууд сонгодог. Би бол үнэхээр Ариунаагийн хувцасанд тохирсон модель. Дээр нь түүний хувцасны тэр хуваалт, эсгэлт, сонин сонин дизайн, онцлогууд нь үнэхээр сонин. Яг одоо надад фантастик, уран зөгнөлт кинонд л тоглоод байгаа юм шиг санагдаж байна. Парис, Милан гээд загварын чиг хандлагыг мэдэрчихсэн газруудад хүлээн зөвшөөрөгдөхөөр тийм өвөрмөц. Би европт хэзээ ч ийм хувцас өмч байгаагүй. Түүний загваруудад дуртай биш, харин бүр хайртай, дурлачихаад байна.
-Тэгвэл таныг Ариунаа Сүрийг тодорхойлооч гэвэл?
-Ариунаа бол японы алдартай загвар зохион бүтээгчдийн нэг Ёжи Ямамото шиг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувцаслалтыг халж чадсан. Ёжи Ямамото эрэгтэй хүмүүст юбка, даашинз өмсүүлдэг. Ариунаа яг л түүн шиг ирээдүйд юу болох гээд байгааг мэдэрчихсэн зохион бүтээгч. Эмэгтэй хүний өмсч байгаа хувцасыг заавал эмэгтэй хүн л өмсөх ёстой гэсэн зүйл байхгүй. Тэр нэг ёсондоо загвараар тоглож байна. Бас түүний нэг авууштай тал нь өөрийнхөө бүтээлээр байгаль орчиноо хамгаалах. Энэ үзэл бодлыг загварын салбарт түгээхийг зорьж байна. Энэ удаагийн загварын шоу гэхэд л 22-хон ширхэг үлдсэн Мазаалай баавайг хамгаалахын тулд загваруудаа зохиосон. Энэ нь миний баримталдаг үзэлтэй маш их нийцэж байгаа юм. Сая монголд ирэхээсээ өмнө 2,3 том ажлын саналаас татгалзсан. Парис дахь ажил, машины брэнд сурталчилах гээд л. Яагаад гэвэл тэд байгаль орчинд ээлтэй зүйл хийхгүй байгаа учраас тэдгээр ажлуудаас татгалзаад Ариунаа Сүрийг сонгосон. Сүүлийн үед байгаль орчиноо хамгаалах нь маш чухал асуудлын нэг болсон шүү дээ. Ер нь Ариунаа шиг хүн олон байвал танай улсын загвар олон улсын тавцанд гарахад ойрхон байна. Тэр өөртөө хязгаар тавихгүй байна. Бүгдийг боломжтойгоор хүлээж авч байна. Байгаль орчинг хамгаалах загвар гаргана гэдэг их хүнд. Үүний цаана маш их хөдөлмөр бий. Би ч гэсэн загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайтай болохыг их хөдөлмөрлөсөн. Бид хоёрын амжилтанд яаж хүрсэн шалтгаан нь ганцхан хариулттай. Тэр нь юу гэхээр бусад хүмүүсээс маш ихыг сурах. Юм үзэж нүд тайлах.
-Таны танилцуулгын хамгийн сонирхолтой хэсэг нь энэ байсан шүү дээ. Өөрийнхөө салбарт гарч буй чухал асуудлыг хөндөж FACC буюу Цаг уурын өөрчлөлтийн эсрэг загварын чиг хандлага нэртэй нийгэмлэгийг байгуулсан гэж?
-Би багаасаа л байгаль орчиноо хамгаалахын төлөө зүтгэдэг хүүхэд байсан. Миланд амьдардаг байхдаа өөрийнхөө үеийн хүүхдүүдтэй энэ сэдвээр ярилцахад тэд юу ч мэддэггүй байлаа. Тиймээс тухайн үед хүн бүр өөр өөрсдийн ажиллаж байгаа салбартаа байгаль орчиноо хамгаалаад явах нь зөв юм байна, хүмүүст илүү хүрэх юм гэж бодогдсон. Миний хувьд давуу тал байсан. Загвар өмсөгч гэдэг залуу хүмүүсийн хувьд үлгэр жишээ авах хүмүүсийн нэг. Тиймдээ ч FACC буюу Загварыг цаг уурын өөрчлөлтийн эсрэг байлгацаая гэх уриатай нийгэмлэгийг байгуулсан. Одоо ч үүнийгээ удирдаад явж байгаа. Би байгаль орчиноо хамгаалахын төлөө явсанаас хойш маш олон ажлаас татгалзах хэрэгтэй болсон. Нэг байгууллагад ажилд орох гэтэл тэд эх дэлхийгээ сүйтгэсэн өнгө аястай үйл ажиллагаа явуулж байвал би ордоггүй. Гэхдээ заримдаа энэ нь эсрэгээрээ надад боломж олгодог. Тухайлбал “Replay” гээд алдартай брэндийнхэн байгаль орчинд ээлтэй загвар өмсөгчдийг хайж байсан юм билээ. Тиймээс би энэ брэндтэй хамтран ажиллахаар болсон. Хэн ч байсан байгаль орчиноо хамгаалахад хувь нэмэр оруулах боломжтой. Тэр хүн мужаан, засварчин байсан ч хамаагүй. Бүгд өөр өөрсдийн салбартаа энэ ийм үзэл баримтлалыг нэвтрүүлж чадвал ядаж л амьдарч буй орноо бохирдуулахгүй. Би энэ талаар ярих дуртай. Яах аргагүй чухал сэдэв.
-Ирээд багагүй хугацаанд бэлтгэл хийсэн байх. Манай загвар өмсөгчдийн ур чадварын талаар та юу хэлэх вэ. Ялангуяа эрэгтэй загвар өмсөгчдийн талаар?
-Тийм, ийм гэж дүгнэлт хийх хэмжээний хангалттай харж, танилцаж чадаагүй байна. Гэхдээ хэд хэдэн удаа хамт бэлтгэл хийсэн. Олон улсын тавцанд тааралддаг, цэмцгэр төрхтэй, өндөр залуучууд л харагдсан. Миний бодлоор олон улсын тавцанд гарахын тулд өөр, өвөрмөц байх ёстой. Нэгэн хэвийн л байвал тийм л байна. Миний хувьд Миланаас гарч ирсэн цөөн хэдэн сахалтай, урт үстэй моделиудын нэг. Тиймдээ ч би загварын ертөнцөд эрэлттэй байж чаддаг. Хэдийгээр би тийм ч өндөр биш ч гэсэн өвөрмөц байж чаддаг. Ер нь эрэгтэй ч бай, эмэгтэй ч олон улсын тавцанд гарахыг хүсвэл бусдаас өөр байж онцгойрч гарч ирэх хэрэгтэй.
- Маш их сонирхол татаад байгаа асуултаа асууя. Та түрүүн хөөмийлдөг гэлээ. Монголчуудаас гадна ийм хөөмийлдөг ард түмэн байдаг гэж үнэндээ мэдсэнгүй?
- Миний хөөмийлөөд байгаа энэ хөөмий бол өвөг дээдсээс минь уламжлагдаж ирсэн урлаг. Би тун удахгүй дан хөөмийнөөс бүрдсэн цомгоо гаргахаар ажиллаж байна. Мөн дуучин Стингтэй хамтран дэлхийн улс орны хамгийн эртний дуунуудыг сэргээн дуулахаар ажилдаа орчихсон байгаа. Энд байх хугацаандаа ч гэсэн монголын хамгийн эртний дуунуудыг судална даа.
- Тэгэхээр манай хөөмий танай хөөмийгөөс юугаараа ялгаатай юм бэ?
- Би танай улсын “Хангай” гэдэг хамтлагийн сонсч байсан. Төстэй зүйл байсан. Гэхдээ сонсоход бага зэрэг өөр байсан. Танай улсыг хөөмийг сайн судалж чадаагүй болохоор ялгааг нь нарийн тодорхой хэлж чадахгүй байна. Хөөмий бол викингчуудын хувьд устаж үгүй болж урлаг. Хэдхэн хүн л хийж чаддаг. Дуунууд нь бараг ая байхгүй. Учир нь Норвегид гадныхан их ирж суурьшсан. Герман, Америк, Дани гээд л олон улсын хүмүүс суурьшиж, олон соёл нэг дор төвлөрсөнөөс болж уугуул иргэдийнх нь соёл, ёс заншил устаж үгүй болж байгаад сэтгэл их эмзэглэдэг. Гэхдээ нэг үеэ бодвол сэргэж байгаа. Зун болгон үндэснийхээ хувцасыг өмсдөг. Бөхөөрөө барилддаг. Хөөмийний хувьд би өөрийнхөө туршлагаар сурсан. Зааж зөвлөх хүн байгаагүй.
- Монголд ардын урлагийн маш олон хамтлаг бий. Саяхан гэхэд л Азийн томоохон наадамд хөөмийлдөг хамтлаг дэд байрт орсон?
- Маш сайн. Уулзмаар байна. Манай өвөг дээдсээс үлдээсэн хөөмийд ямар ч үг байдаггүй. Магадгүй танай хөөмийд нот болон үг байдаг байх. Тиймээс л уулзаж сайн судалгаа хиймээр байна. Сая Говь-Алтай явахад жолооч маань надад нэгэн хамтлагийн зураг үзүүлсэн. Тэр зураг дээр байсан Морин хуур манай өвөг дээдсүүдийн хэрэглэдэг байсан хөгжимтэй их адилхан байсан. Боломж гарвал эндээс нэг морин хуур худалдаж аваад явмаар байна.
- Загвар өмсөгч, дуучин, хөгжмийн зохиолч, жүжигчин, реалити шоуны од гээд л маш их авьяастай хүнтэй ярилцаж байгаагаа алхам тутамдаа мэдэрсээр байна. Энэ их ажлыг та ер нь яаж зохицуулдаг юм бэ?
- Одоо харин ч гайгүй байна. Бараг талыг нь хасчихаад байна. Өмнө нь бүр ч олон зүйл оролддог байлаа. Туялзуур сэлмээр хичээллэнэ, рок дуулна, найрал дуу дуулна. Гэхдээ энэ надад хэтэрхий их санагддаггүй. Учир нь би эдгээр зүйлүүдээ хэсэг, хэсэг хугацаагаар хийдэг. Өөрөөр хэлбэл би яг одоо загвар өмсөгчийнхөө ажлыг хийж байна. Дараа нь дуугаа зохионо, номоо бичнэ. Надад нэг дутагдал бий. Би бүх зүйлээ өөрөө хийх гээж зүтгээд байдаг. Одооноос харин надад туслах баг байх хэрэгтэй юм байна гэж бодоод байгаа. Өчигдөрхөн нэгэн хамтрагч маань миний хөгжмийг бичилцэх гээд манай хотод ирчихсэн байна. Тэгэхгүй бол нэг юмаа хийх гэж байгаад нөгөөхөө орхигдуулаад байна. Миний хувьд алийг ч орхихыг хүсэхгүй байна. Бүгдийг нь л хиймээр байна.
- Дуучин, хөгжмийн зохиолч хүнээс асуухад монголын ардын урлаг танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
- Яг үнэнийг хэлэхэд ийм тийм гэж дүгнэх хэмжээнд хүрээгүй байна. Тиймээс өөртөө мэдлэг хуримтлуулахын тулд манай эх оронд хэсэг хугацаанд саатмаар байна. Үндэсний урлагийг чинь судалж, мэдмээр байна. Учир нь монголчууд ардын урлагаа маш сайхан авч үлджээ. Үнэхээр бахархмаар байна. Викингчуудын хувьд ардын урлаг нь мөхөх шатанд орчихсон. Над мэтийн ганц нэг хүмүүс үүнийгээ авч үлдэх юмсан гэж дуугарч байна. Хүмүүс намайг юмыг хэтэрхий ургуулан боддог, өөдрөг үзэлтэй гэдэг. Энэ бол үнэн. Зарим нэг түүхчид надад викингчуудын талаар ярьж өгөхөд би бүр дотор нь орчихдог. Тиймээс монголчууд өөрсдийн үүх түүх, соёл уламжлалаа гайхалтай сайхан авч үлдэж чадсан нь үнэхээр бахархалтай санагдаж байна.
- Жүжигчин гэх тодотголын талаар чинь асуухгүй өнгөрч болохгүй нь?
- Хамгийн том бүтээл гэвэл викингчуудын дараа байсан Норвегийн хамгийн сүүлийн хааны талаар өгүүлсэн кинонд тоглосон. Жүжиглэнэ гэдэг хэлэхээс ч хүнд зүйл. Загвар өмсөгч байж байгаад жүжигчин болсон зөндөө уран бүтээлчид бий. Брэд Питт гэхэд л маш чадварлаг загвар өмсөгч байсан. Гэтэл одоо холливудын хамгийн үнэтэй жүжигчдийн нэг болсон байна. Суралцахын тулд цаг хугацаа хэрэгтэй. Саяхан гэхэд л нэг киноны шалгаруулалтанд орсон. Эдгээрээс суралцсаар л явна. Яг одоо кино уран бүтээл гэхээсээ илүү загвар, цомогтоо анхаарлаа хандуулж байна. Маш олон хүн жүжиглэж чадна. Гэхдээ маш цөөхөн хүн миний энэ хөгжмийн бүтээлийг хийж чадах байх. 43 минут тасралтгүй дуугардаг дуу. Бясалгалтай төстэй. Хэрвээ миний энэ хөгжмийг сонсвол энэ ертөнцөөс тасраад өөр ертөнцөд очсон мэт сэтгэгдэл төрнө. Би хөгжимөө зохиож байхдаа ертөнцөөс “тасарчихдаг”. Өөрийгөө хэн гэдгээ мэдэрдэг.
- Ярилцлаганыхаа төгсгөлд хувийн амьдралын чинь талаарх сонирхмоор байна?
- Үнэнийг хэлэхэд би бүхнийг амжуулж чадахгүй байна. Ямар сайндаа л ээж минь заримыг нь боль гэдэг юм. Гэхдээ тодорхой хэмжээнд зохицуулаад яваад л байна. Миний хувьд гар утас хэрэглэдэггүй. Энэ нь надад амар санагддаг. Жишээ нь хэрвээ гар утас хэрэглэдэг байсан бол найз охин маань сайн уу, үнсье гээд л анхаарал өөр зүйл төвлөрчихнө. Магадгүй ингэж тухтай ярьж суухгүй. Хэдийгээр надад цаг зав бага байдаг ч надад төлөвлөсөн зүйл их байнаа. Тухайлбал би Викингчуудийнхээ хувцасыг олонд таниулмаар байна. Өмнө нь хэн ч ийм зүйл хийж байгаагүй. Би анхных нь болмоор байна. Яагаад заавал хүний хийсэнийг давтаж хийх ёстой гэж.
Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
Б.Өрнөх