8o
Улаанбаатар хот
mobile menu

Аюулт үзэгдэл, ослын улмаас 4787.7 сая төгрөгийн хохирол учирчээ

2017-02-18 08:00:00

Бүртгэлтэй ажилгүй иргэд 1.0 хувиар буурлаа

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны нэгдүгээр сарын эцэст 47.3 мянга болж, 34.3 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 13.0  мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд нь өмнөх оны мөн үеэс 348  хүнээр, өмнөх сараас 160 хүнээр буурч 34.3 мянга болж, 17.8 мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11.8  мянга нь Улаанбаатарт, 7.7  мянга нь Хангайн бүсэд, 6.3  мянга нь Төвийн бүсэд, 5.6 (мянга нь Баруун бүсэд, 2.9 мянга нь Зүүн бүсэд байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2017 оны нэгдүгээр сард ажилгүй 7.6 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 746 иргэн ажилд зуучлагдан орж, 7.1 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Эдгээр үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 1.2 мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 237  хүнээр буурч, харин ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 988  хүнээр өсчээ. 

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 45.1 хувийг бүрэн дунд, 30.8 хувийг дипломын дээд болон бакалаврын, 7.0 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.3 хувийг суурь, 5.6 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.3 хувийг бага, 1.8 хувийг магистр, доктор, 1.1 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.2 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Увс, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Дундговь, Архангай, Дорноговь, Дорнод, Төв, Орхон, Ховд, Сэлэнгэ, Сүхбаатар, Өмнөговь аймагт улсын дунджаас 1.0-12.3 пунктээр илүү байна.

Том малын зүй бус хорогдол 64.5 мянган толгой байна

Том малын зүй бус хорогдол 2017 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 64.5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 53.9 мянгаар буурав. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл адуу 3.2 мянга, үхэр 6.3 мянга, тэмээ 31, хонь 28.7 мянга, ямаа 26.2 мянга байна.Нийт хорогдсон малын 44.5 хувийг хонь, 40.7 хувийг ямаа эзэлж байна. Улсын хэмжээнд өвчнөөр хорогдсон мал нэгдүгээр сард 7.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 5.5  мянгаар нэмэгдэв.

Тэс суманд -45.0 хэмд хүрчээ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр 2017 оны нэгдүгээр сард хамгийн их хур тунадасны нийлбэр Увс аймгийн Баруунтуруун суманд 6.0 мм-т хүрсэн байна. Агаарын үнэмлэхүй их температур Өмнөговь аймгийн Ханбогд суманд 8.0 хэм, үнэмлэхүй бага температур Завхан аймгийн Баянтэс сум, Увс аймгийн Тэс суманд -45.0 хэмд хүрлээ. Салхины үнэмлэхүй их хурд  Дорнод аймгийн Матад сумын нутгаар түр зуур 21 м/с хүрсэн байна. Чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас азотын давхар ислийн хоногийн дундаж хүлцэх агууламж  нэгдүгээр сард Улаанбаатар хотын Баруун 4 зам орчимд 31 удаа, Телевиз орчимд 28 удаа, Хархорин орчимд 23 удаа, Зуун айл болон Амгалангийн эцэс орчимд 20 удаа, Толгойт орчимд 18 удаа, 13-р хороолол орчимд 16 удаа, Ургах наран хороолол орчимд 15 удаа, Дамбадаржаа орчимд 11 удаа, Физик техникийн хүрээлэн орчимд 9 удаа,  I хороолол болон Хайлааст орчимд 6 удаа, хүхэрлэг хийн хоногийн дундаж хүлцэх агууламж Толгойт болон Телевиз орчимд 30 удаа, Амгалангийн эцэс орчимд 29 удаа, 13-р хороолол болон Баянхошуу орчимд 27 удаа, Хайлааст орчимд 25 удаа, Зуун айл орчимд 20 удаа, Дамбадаржаа орчимд 14 удаа, I хороолол орчимд 12 удаа, Баруун 4 зам орчимд 10 удаа, Физик техникийн хүрээлэн орчимд 9 удаа, Ургах наран хороолол орчимд 7 удаа, Хархорин орчимд 5 удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны хүлцэх агууламж Телевиз орчимд 30 удаа, Нисэх болон Толгойт орчимд 29 удаа, I хороолол орчимд 28 удаа, Баруун 4 зам, Хархорин болон Баянхошуу орчимд 27 удаа, 13 дугаар хороолол болон Зуун айл орчимд 26 удаа, Амгалангийн эцэс орчимд 24 удаа, Мишээл экспо орчимд 17 удаа, Ургах наран хороолол орчимд 13 удаа, 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны хүлцэх агууламж Телевиз орчимд 31 удаа, Баруун 4 зам болон Нисэх орчимд 30 удаа, Толгойт болон Амгалангийн эцэс орчимд 29 удаа, Баянхошуу орчимд 27 удаа, 13 дугаар хороолол орчимд 25 удаа давсан байна.

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол буурав

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2017 оны нэгдүгээр сард 365 болж, өмнөх оны мөн үеэс 18 -аар буурав. Объектын түймэр 322 удаа гарч, өмнөх оны мөн үеэс 35-аар буурав. Мал, амьтны халдварт галзуу өвчин 7 удаа, хонины цэцэг өвчин 29 удаа бүртгэгдэж, бичил уурхайн нурангийн ослын улмаас гурван хүн амь насаа алдаж, 4.9 мянган толгой мал, тэжээвэр амьтан хорогдлоо. Амь насаа алдсан хүний тоо өмнөх оны мөн үеэс хоёроор буурсан байна.  Мал, тэжээвэр амьтдын хорогдол өмнөх оны мөн үеэс 4.7 мянга (22.7 дахин)-аар өсөхөд хонины цэцэг өвчний улмаас 4.1 мянган мал хорогдсон нь голлон нөлөөлжээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 4787.7 сая төгрөгийн хохирол учирч, 41.3 сая төгрөг зарцуулсан байна.

Татварын орлого 60.4 тэрбум төгрөгөөр өсөв

Татварын нийт орлого 360.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 60.4 тэрбум төгрөгөөр өсөхөд онцгой албан татварын орлого 10.8 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 9.7 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч орлогын албан татвар 36.7  тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 19.9 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 12.0  тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 10.6  тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 8.9 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 74.6 хувийг татварын орлого, 16.5 хувийг татварын бус орлого эзэлж, өмнөх оны мөн үеэс татварын орлогын эзлэх хувь 15.0 пунктээр буурч, ирээдүйн өв сангийн орлогынх 8.9 пункт, татварын бус орлогынх 6.1 пунктээр өссөн байна. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2017 оны  нэгдүгээр сард 440.6 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 465.9 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 25.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 54.4 тэрбум төгрөгөөр буурахад орлогын өсөлт зарлагын өсөлтөөс 19.1 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment