2016 оны арваннэгдүгээр сард Итгэлтийн Жаргалсайханыг Швед улсад байнгын оршин суух хүсэлтийг нь тус у лсын Цагаачлалын алба хүлээн аваагүйгээс Швед сурагчдын жагсаал эхэлжээ. 2010 онд 11 настайдаа эцэг, эхтэйгээ хамт амьдрахаар Шведийг зорьсон И.Жаргалсайхан өнөөдөр 18 нас хүрчээ.
Шведийн цагаачлалын хуулиар дөрвөн жил ажилласан хүн байнгын оршин суух хүсэлт гаргаж болдог бөгөөд холбогдох байгууллагын мэдээлж буйгаар Жагаагийн гэр бүлийнхний хүсэлтийг хүлээж авсангүй. Учир нь эцгийнх нь нэг цагт авдаг цалингийн хэмжээ шаардлагад хүрэхгүй байсантай холбоотой.
Тус хэргийн өмгөөлөгч Андрео Карлссоны хэлснээр сарын орлогын доод түвшин болох 13 мянган кроноос илүү орлоготой ажилладаг хэмээн тодорхойлсон байна. Ийнхүү Цагаачлалын албанаас гаргасан шийдвэрийг эсэргүүцэн Жаргайлсайханы сургуулийн хүүхдүүд болон өөр гурван сургуулийн сурагчид жагсаж, 1700 гаруй хүний гарын үсэг цуглуулжээ.
Жагсаалын үеэр И.Жаргалсайхан “Миний төлөө хийж байгаа бүхэнд чинь баярлаж байна. Ийм олон хүн миний төлөө дуу хоолойгоо өргөнө гэж бодсонгүй. Хэрвээ би Монгол руу буцвал миний амьдрал дуусна, тэнд очоод юу хийхээ ч мэдэхгүй байна” гэж ярьсан аж. Түүнчлэн Шведийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би сүүлийн үед унтаж чадахаа больсон. Шведдээ амьдарч, хүнтэй гэрлэж, хүүхэдтэй болохыг л хүсэж байна” гэжээ.
Жагсаалд оролцогчдын нэг Жонатан Гранлөф “Жагаагийн төлөө бүх сургуулиараа тэмцэж байгаа гэдгийг харуулахыг хүссэн юм. Цагаачлалын албаны шийдвэр буруу учраас бид жагсаж байна” гэсэн байна.
Харин Цагаачлалын албаны хэвлэлийн төлөөлөгч Александра Элис “Бид түүний гэр бүлийнхэнд энэ шийдвэр ямар хүнд тусаж байгааг ойлгож байна. Гэхдээ шийдвэрийг буруу гэж үзэж байгаа бол шүүхэд хүсэлт гаргах эрх хүн бүхэнд нээлттэй гэдгийг санах хэрэгтэй” гэжээ.
И.Жаргалсайханы эцэг Итгэлт 2014 онд хоёр дахь удаагаа ажиллах зөвшөөрлөө сунгуулах хүсэлт гаргасан хэдий ч 2016 оны хавар татгалзсан хариу авсан аж. Хэрвээ хоёр дахь удаагаа ажиллах зөвшөөрлөө сунгуулбал байнга оршин суух эрхтэй болдог бөгөөд арга буюу орогнол хүсчээ.
Одоо И.Жаргалсайхан Цагаачлалын албаны шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд гомдол гаргаад байгаа бол түүний эх ажиллах зөвшөөрөл хүсээд байгаа аж. Хэрвээ шүүх түүний гомдлыг авч хэрэгсэхгүй бол Монгол руугаа буцахаас өөр аргагүй юм.