Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав өчигдөр УИХ-д өргөн барьсан бөгөөд нэн яаралтай дэгээр хэлэлцэхээр орж ирсэн хуулийн төсөл юм. Энэхүү хуулийн өөрчлөлтөөр эдийн засгийн өршөөлийн хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгах тухай асуудлыг тусгаад буй.УИХ-аас энэ оны 8 дугаар сарын 7-ны өдөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталсан ч Засгийн газар хуулийн хэрэгжилтийг хангуулах журмаа хоёр сарын өмнө баталжээ. Иймд хуулийн хугацааг сунгах шаардлага үүссэн болохыг хэрэгжүүлэгч байгууллагынхан хэлэлцүүлгийн үеэр дурдаж байв.
Уг хууль хэрэгжиж эхэлснээр энэ сарын 16-ны өдрийн байдлаар нийтдээ 6.1 их наяд төгрөгийн орлого ил болж, 1.2 их наяд төгрөгийн татвар болон 352.1 тэрбум төгрөгийн торгууль, алдангиас тус тус чөлөөлөөд байгаа аж.