Оном сан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийг буруутгаж, судалгаа шинжилгээг үндэслэж шийдвэрээ гаргаач ээ гэсэн үндэслэлээр эсэргүүцсэн мэдэгдэл гаргажээ. Оном сан “Элэг бүтэн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. 2013 оноос хойш хөөцөлдсөн ажил нь үр дүнгээ өгч 2016 оны есдүгээр сарын 09-ний өдөр УИХ-аас хөтөлбөрийг баталж өгсөн билээ. А.Цогцэцэг сайд өнгөрсөн гурав дахь өдрийн Засгийн газрын хуралдаанаар 352 сая төгрөг гаргуулж АНУ-аас ирсэн элэгний эмийн гаалийн татварыг төлж, улмаар Архангай аймагт үнэгүй тараахаар шийдвэрлэсэн нь түүнийг буруутгах гол шалтгаан нь болжээ. Учир нь хандиваар олгогдож байгаа эмийг сайд А.Цогцэцэг жалга довны үзлээр хандсанд байгаа юм. Сайд Архангайн харьяат учраас ийн хардахад хүргэжээ. Гэлээ ч Архангай аймаг нь элэгний хорт хавдар, өвчлөл, нас баралтын үзүүлэлтээр аймгаар нь жагсаавал 13 дугаарт бичигдсэн судалгааг Эрүүл мэндийн хөгжлийн төв гаргасан байжээ. Элгэний өвчлөл, нас баралтын үзүүлэлтээр Сүхбаатар аймаг тэргүүлж, Дундговь, Дорнод, Увс, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Завхан, Төв, Дархан-Уул, Орхон, Архангай гэхчлэн эрэмбэлэгджээ. Сүхбаатар аймаг нас баралтаараа хоёр дахин өндөр үзүүлэлттэй. Гэтэл А.Цогцэцэг юун дээр үндэслэн эхний ээлжинд ирсэн 1000 тун буюу 3000 хайрцаг Харвоны эмийг Архангай аймагтаа тараахаар болов. Үүнийг эсэргүүцсэн УИХ-ын олон гишүүн Оном сангийн тэргүүний загнасан сурагтай. Нэн тэргүүнд өвчлөл, нас баралт өндөртэй аймгаас эхлэх, эмнэлгийн ажилтан, мөн хөгжлийн бэрхшээлтэй болон амьжиргааны баталгаажих төвшин доогуур иргэд эмчилгээнд хамрагдах шаардлагатай гэдгийг сайд мэдэхийн дээдээр мэдэрч байгаа гэнэ.
Оном сангийнхан удаа дараа уламжилж байсан гэдэг. Эх барих, мэс заслын эмч нар эрсдэлтэй тул эхний ээлжинд шинжилгээнд хамруулах зэрэг асуудлаар Клиникийн нэгдүгээр эмнэлэг дээр болсон уулзалтад Эрүүл мэндийн сайдаа урьсан ирээгүй. Элэг бүтэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт байгуулагдсан. Ингэж олон сарын дараа хжлын хэсэг байгуулах болсон нь бас л сайдтай холбоотой гэнэ. Хөтөлбөр 2020 он хүртэл хэрэгжинэ. Элэгний хорт хавдар, хатуурал, нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирусын голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварын тархалтыг таслан зогсоох зорилготой. Энэ хугацаанд элэгний С вирустай 150000 хүнийг эмчилж эдгээнэ. Үүнээс 50 гаруй мянган иргэн нэн даруй эмчилгээ хийлгэх шаардлагатай юм байна. Зөвхөн С гэлтгүй Б, Д вирусийг эмчлэх цогц үйлчилгээ хөтөлбөрийн хүрээнд явагдана. Ингэснээр элэгний вирусийн идэвхжил эрс буурах зорилттой юм байна. Ийм ажилд Эрүүл мэндийн сайд нь хойрго хандаад байвал 2020 он гэхэд дээрх зорилтоо биелүүлж чдах болов уу. Нэг хайрцаг нь 210000 төгрөг, гурван сарын хэрэглээ нь 630000 төгрөг. Ингэж хөнгөлсөн нь түүхэнд байхгүй шийдвэр хэмээн эрүүл мэндийн салбарынхан дүгнэдэг юм билээ.