Жил гаруй хугацаанд цусны хорт хавдартай тэмцэж байсан Токитэнкү А.Хүчитбаатар өвчний улмаас таалал төгсчээ. Японы сүмо бөхийн дэвжээнээ Монголын хүчтэнүүдийн нэгэн төлөөлөл болж явсан Токитэнкү А.Хүчитбаатар цэл залуу 37 насандаа бурхны орныг зорилоо.Түүнийг цусны хорт хавдартай болсон талаар Токицүказэ дэвжээнээс 2016 оны нэгдүгээр сард анх олон нийтэд мэдээлсэн юм. Улмаар хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байгаад өнгөрсөн наймдугаар сард зодог тайлах шийдвэр гаргаж, өнгөрсөн хугацаанд эмчилгээ хийлгэж байсан билээ. "Эмнэлэгт олон хүн өвчинтэйгөө тэмцэж байна. Эдгээр хүмүүсийн төлөө ч гэсэн би хамаг хүчээрээ хичээж байгаад хурдан эдгэрмээр байна. Хурдан эдгэрээд дэвжээгээ ахиулмаар байна. Намайг дэмжиж байдаг хүмүүс болон нийт хэвлэл мэдээллийнхэнд цаашид ямар нэгэн байдлаар төвөг удах байх. Тиймээс тийм үеүдэд маань намайг халуун дотноор угтан авч байгаарай" хэмээн хэлж байсан шилдэг сүмоч Токитэнкү А.Хүчитбаатар макүүчи зиндаанд 63 башёд барилдсан юм. Талийгаачийн найз нөхөд, гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлэе.