Соёл урлагийн их сургуулийн бүжгийн ангийн 16 оюутан охин өнгөрсөн зун БНХАУ-ыг зорьжээ. Тэднийг сургуулийнх нь багш Г удирдаж, БНХАУ-д жуулчны баазад өндөр цалинтай бүжиглүүлэхээр авч одсон байна. Гэвч гурван сарын турш монгол оюутнууд цалин хөлсөө авч чадахгүй, хөдөлмөрийн мөлжлөгт өртөөд ирсэн мэдээлэл байна. Оюутнуудад анх жуулчны баазад гурван сар бүжиглүүлээд тус бүрт нь 2.4 сая төгрөг өгнө гэж удирдаж явсан багш нь амлажээ. Сургалтын төлбөрөө олохоор явсан оюутнууд 8:00 цагаас үүрийн 3:00 цаг хүртэл бүжиглэж, хоол унд, унтах орон байргүй хүнд байдалд орсон гэнэ. Оюутнууд энэ талаар багшдаа хэлж, Монгол руу буцахыг хүсэхэд “Тэсч бай. Багш нь хэлчихсэн. Одоо хэдхэн хоног” гэсээр сураггүй болжээ. Тэд зуны турш ар гэрийнхэнтэйгээ холбогдож чадахгүй байсаар өнгөрсөн есдүгээр сард Монголд ирсэн байна. Оюутнуудын ар гэрийнхэн энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргахаар болсон аж. Бүжигчин охидын ар гэрийнхний мэдээлж буйгаар удирдаж явсан багш нь тэдэнтэй холбогдож, хүүхдүүд нь сайн байгааг дуулгаж байжээ. Гэвч болсон явдлын талаар сургуулийн захиргаа мэдээгүй бөгөөд хичээл эхэлсний дараа Монголд ирсэн оюутнуудад жилийн чөлөө олгохоор болж буйг ар гэрийнхэн нь мэдээллээ. Сургалтын төлбөрөө олохоор явсан охид цалин хөлсгүй, дээрээс нь сургуульгүй хоцрох эрсдэлтэй байгааг тэд онцолж байна.
СУИС-ийн оюутан охид хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн үү?
2015-12-22 14:48:00