8o
Улаанбаатар хот
mobile menu

Жүжигчин А.Мөнгөнзул: Бид өөрсдийн гараар газраа хагалж тариагаа тарьж байна

2015-10-05 14:23:00

"ДОЗ ПЛАС" энтертайнмэнтийн цоо шинэхэн уран бүтээл болох “Элэг нэгтэн” кино хоёр хоногийн өмнө нээлтээ хийсэн билээ. "ДОЗ ПЛАС" энтертайнмэнт өмнө нь "Амьдрах тасалбар", "Дурласаны маргааш","Хөх толбот хүмүүс", "Кино шиг амьдрал", "Дүүлэн нис" зэрэг дэлгэцийн олон бүтээлүүдээ үзэгчдэд хүргэж байсан юм. Ингээд цоо шинэхэн уран бүтээлээ үзэгчдэдээ толилуулаад байгаа СТА жүжигчин А.Мөнгөнзултай ярилцлаа. 

 -ДОЗ ПЛАС" энтертайнмэнт шинэхэн уран бүтээл болох "Элэн нэгтэн" кино нээлтээ хийлээ. Баяр хүргэе.

-Баярлалаа. Юуны өмнө цаг зав гарган миний ярилцлагыг уншиж буй уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Бид хоёр хоногийн өмнө "Элэг нэгтэн" киногоо үзэгчиддээ хүргэлээ. Албан ёсны нээлт хоёр хоногийн дараа буюу аравдугаар сарын 7-нд “Тэнгис” кино театрт болох гэж байна. Улаанбаатар олон улсын кино наадмын нээлтийн киногоор “ДОЗ ПЛАС” энтертайнмэнтын “Элэг Нэгтэн” кино шалгарсан болохоор нээлтээ ингэж таарууллаа.

-“ДОЗ ПЛАС” энтертайнмэнтийн хувьд кино зураг авалтаа гадаадад хийдэгээрээ онцлогтой. Энэ кинонд тоглосон гадаадын жүжигчид болон хөндсөн сэдэв нь нэлээд онцлогтой болжээ?

-Манай “ДОЗ ПЛАС” энтертайнмэнтийн хийсэн кинонууд өөр өөрийн гэсэн онцлогийг хадгалсан байдаг. Гэхдээ бидний хийсэн кино бүрт Монгол хүний үнэ цэнэ, Монгол хүний сайхан сэтгэлийн дархлааг алдуудагдуулахгүй байхыг зорьдог. Тэр дундаа хүнд, нийгэмд хэрэгтэй санаан  дээр тулгуурлан кино бүтээлүүдээ хийж ирсэн. Тодруулбал “Амьдрах Тасалбар” кино хар тамхины эсрэг сэдвийг хөндсөн. Харин “Хөх Толбот Хүмүүс” кино эх орны үнэ цэнэ, монгол хүний сайхан сэтгэл алдагдаж байгааг харуулахыг зорьсон.

“Дүүлэн нис” кино мөн л Монгол хүний үнэ цэнийн тухай өгүүлдэг. Энэ удаагийн “Элэг Нэгтэн” кино өөрийн сэтгэл зүрх бүх зүйлээ эцсийн мөчид элэг нэгтнийхээ төлөө зориулж чаддаг тэр агуу сэтгэлийг харуулахыг хичээлээ.

Ер нь бид өөрсдийн дотоод эмзэглэлийг харуулсан кинонууд хийдэг. Уг нь манай монголчууд магадгүй дэлхий дээрхи хамгийн сайхан сэтгэлтэй хүмүүс байсан байх. Харин одоо эсрэгээрээ нийгэмээ дагаад ч тэр үү муу хүмүүс болж хувирчээ. Монгол хүмүүс бие биедээ дургүй үзэн ядсан, муулсан, атаархсан, алдахад нь түлхдэг, бие биенээ хүндэлдэггүй тийм муухай хүмүүс болж хувирч байна шүү гэдгийг сануулах гэсэн юм.

Учир нь нийгэм ийм байдал руу монгол хүнийг түлхэж байна. Яг ийм байдалтай удвал Монгол улс, Монгол хүн тун удахгүй сүйрэх нь. Бид хичнээн алттай, мөнгөтэй баялагтай байх нь хамаагүй. Гарын таван хурууны чигчий хуруу хүртэл хүнд хэрэгтэй байдагтай адил хүн бүр Монгол улсыг бүрдүүлж байгаа болохоор хүн хүндээ хайртай байх ийм л сэдвийг бид сонгосон. Гэхдээ бидний хийсэн бүтээлүүд дээр алдаа оноотой зүйл байгааг бид үгүйгэхгүй. Бид энэ амьдралд суралцаж л явна.

-"Дэлхийд данстай, Азийн Шилдэг жүжигчин тоглосон байсан. Алдартай жүжигчинд хэрхэн санал тавив. Хэрхэн хүлээж авав?

-“Элэг нэгтэн” киноны онцлог гэвэл гадаад хэл дээр тоглогдсон анхны монгол кино. Мөн гадны нэр хүндтэй олон жүжигчдийг тэр дундаа дэлхийд данстай Азийн нэр хүндтэй жүжигчдийг тоглуулсан, монгол кинонд анх удаа бар тоглуулсан гээд л ярьвал онцлог зүйлүүд энэ кинод их бий.

Гэхдээ хамгийн гол бидний хүсэл тэмүүлэл бол Монголын кино урлагт ямар нэг хэмээгээр шат ахисан кино бүтээлүүдийг гаргахыг хичээж ажиллаж ирсэн. Тэр ч утгаараа мэргэжлийн төвшинд байлгахыг хичээдэг. Нөгөө талаар Монгол жүжигчин гадны кинонд тоглохоос илүүтэй манай монголын кинонд гадны алдартай жүжигчид тогложээ гэдэг талаас нь таниж мэдэх цаашлаад Монгол киног  Ази цаашлаад бусад улс орон МОНГОЛЫН КИНО гэдгээр нь мэддэг байгаасай гэж зорьж чармайж явна. Мэдээж нэр хүндтэй жүжигчдийг тоглуулах  амар байгаагүй. Кино дэлгэцэнд гарах хүртлээ цаг минут бүрт хэцүү хүнд зүйл бидэнд онцгойлон хэлэхэд нөхөр бид хоёр тулгарч байсан. Гэхдээ бид хоёр бууж өгөөгүй.

 -Таны бүтээсэн Сара гэх эмэгтэйн дүрийг бүтээхэд хүндрэлтэй зүйл олон л тулгарч байсан байх?

- Миний хувьд энэ киноны Сара хэмээх гол дүрийн эмэгтэйн дүрийг бүтээсэн. Энэ дүр бол миний өмнө нь бүтээж байсан дүрүүдээс ур чадвар, гаднах төрх, сэтгэл зүйн хувьд нэлээд "шалгасан" дүр байлаа. Жүжигчиний тоглолтын чадвар, техникийн чадвар, хэл харилцаа мөн тэсвэр тэвчээр гээд олон зүйлийг шаардсан. Миний нөхөр, мөн найруулагч Ш.Доржсүрэн бол жүжигчинээ сайн тоглуулах аргыг маш сайн эзэмшсэн, бүтээлээ цогцоор нь харж чаддаг маш өндөр мэдрэмжтэй хүн л дээ. Тэр арга барил нь миний Сарагийн дүрийг гаргахад ихээхэн тус болсон. Түүнээс гадна найруулагч Доржсүрэн  гадны нэр хүнтэй жүжигчидтэй хамтран ажиллаж, тэдний тоглолтыг өөрийн хүссэн хэмжээнд шаардан тоглуулж чадсан. Энэ бол маш их чадвар шаарддаг зүйл. Тийм болохоор нөхөр гэдгээрээ биш харин найруулах уран чадвараар нь бахархаж байлаа.

- Энэ киноны бас нэгэн гол дүр болох Гэгээнээний дүрд М.Тэргэл гэх охин тоглосон байна. Анх удаа кинонд тоглосон гэж дууллаа. Анх яаж "дүрээ" олж байв?

-“Элэг нэгтэн” киноны хоёр дугаар гол дүр болох Гэгээнээгийн дүр дээр М.Тэргэл гэдэг охин ажилласан. Продюсерийн зүгээс энэ охиныг олж авсандаа сэтгэл их хангалуун байгаа. Яг энэ дүрийг бүтээж чадах охиныг олоход их хэцүү байсан. Бараг монголын бүх урлагийн сургуулиас хайсан. Хайсанаа ч олсон. Их хөөрхөн энэ дүрд яг тохирсон. Ер нь кино бүтээлд оролцон тоглож байгаа бүх хүмүүс хувь заяагаар холбогддог гэдэг дээ.

-Нэг сайхан мэдээ сонслоо. “ДОЗ ПЛАС” энтертайнмэнтийн хувьд залуусыг гадагшаа явж сурах боломж олгодог гэсэн?

-“ДОЗ ПЛАС” энтертайнмэнт бол гэр бүлийн студи хэдий ч маш олон залуучуудыг ажиллуулж бас сургадаг. Бид дөрвөн жил гадагшаа явж уран бүтээл хийхдээ маш олон залуучуудыг Герман, Франц, Солонгос, Вьетнам, Тайланд гэх мэт улс оронд өөрсдийн зардалаар явуулсан.

Тэр ч битгий хэл татах тамхийг нь хүртэл авч өгөөд юм үзүүлж, юм сургаж, бусадтай танилцуулж, хорвоог шинээр харах боломжийг ямагт олгодог. Үүнийхээ төлөө бид дуртайдаа гадагшаа явдаг гэж адлуулмааргүй байна. Миний бодлоор “ДОЗ ПЛАС” энтертайнмэнт БСШУЯ соёлын бодлого зохицуулалтын газарт хамаарах зарим ажлуудыг бор зүрхээрээ хийгээд байна уу гэж бодогддог. Учир нь киноны уран бүтээлчдэд зориулсан соёлын нэгдсэн нэг бодлого, дэмжлэг гэж алга. Ялангуяа чөлөөт уран бүтээлчид тэр дундаа киноны уран бүтээлчид ерөнхийдөө гадуур орхигдоод байна уу даа гэж анзаарагддаг.

Энэ дашрамд хэлэхэд Монголд одоо кино хийж байгаа киноны чөлөөт уран бүтээлч, залуучууд, үе тэнгийхэндээ манай энтертайнмэнтийн зүгээс маш их баярлаж явдагаа гэдгээ хэлмээр байна. Учир нь кино хийх зовлонг бид мэднэ. Тэд л жинхэнэ бор зүрхээрээ явж байгаа. Харин одоо кино уран бүтээлчид хоорондоо эвлэлдэн нэгдэж бодлогоо тодорхойлох цаг нь болжээ. Үүнийг ухамсартайгаар хийж чадвал бид бусдыг царайчлахгүй, өөрсдийн зах зээлээ алдахгүй хүчтэй байж чадна. Бүх зүйлийг хамдаа эерэгээр харъя гэж уриалмаар байна.

-Дараагийн уран бүтээлдээ орсон гэж сонссон. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Зураг авалтаа хаана хийх вэ?

-“Доз Плас” энтертайнмэнт төлөвлөгөөний дагуу дараагийн кино зохиолдоо орсон байгаа. Дараагийн кино “Авлигач” гэдэг нэртэй. Киноны найруулагчаар Ш.Доржсүрэн харин продюсераар миний бие ажиллана. Энэ киног бид маш өвөрмөц хийнэ. “ДОЗ ПЛАС” энтертайнмэнтай нэгдэж, хамтран ажиллах хүн бүхэнд бидний үүд хаалга нээлттэй байгаа гэдгийг хэлмээр байна.

Кино хийх хэцүү тэр дундаа киногоо нээх хамгийн хэцүү гэдэг. Нээлтийн үеэр үзэгч яаж хүлээн явах бол гээд л  яг тийм гэж хэлэхийн аргагүй хэцүү мэдрэмж тээлттэй байдаг. Харин “Элэг нэгтэн” киноны нээлтийн дараа олон хүмүүс "Их сайхан кино болжээ" гэж өндөр сэтгэгдэлтэй гарсан. Энэ бол реклам биш шүү. Үзэгчдийн дундаас миний танихгүй гурван ч эгч тэвэрч аваад зөндөө уйлсан. Үнэхээр сэтгэл догдуулсан, хүнд хэрэгтэй сайхан кино болжээ хэмээн уйлж байсан. Тэгээд миний дүү нар их л зөв юм хийж байна даа, эгч нь сэтгэлээ барьж чадахгүй байна баяр хүргэе гэсэн нь үнэхээр сайхан санагдсан.  Би хэрэндээ л  их тэвчсэн боловч тэр хүмүүсийг дагаад сэтгэл огшоод нулимс унагасан. Гол нь юу хэлэх гээд байна гэхээр бидний хүч хөдөлмөрөө зарцуулсан хийсэн кино хүнд хүрч дээ гэж сэтгэл тайвширсан шүү.

-"Элэг нэгтэн" киноны нээлтэнд олон хүндтэй зочин уригдсан байна. Олоны танил биш хэрнээ эгэл баатрууд хүртэл уригдан ирж?

-Бид нээлтэндээ зориулан олон нэр хүнтэй хүнийг урьж болох байсан. Гэхдээ тэгэхийг хүсээгүй. Харин бид хоёр хүнийг онцлон урьсан. Энэ хоёр хүнийг манайхан бүр хайж олоод киноны нээлтэндээ урьж, өөрсдийн гарын бэлэгээ өгсөн. Бидний эргэн тойронд эгэл жирийн амьдарч байгаа агуу хүмүүс зөндөө байдаг. Жишээ нь Д.Нэргүй гэдэг хүн бол аймшигтай галаас өөрийгөө золин байж хамгийн олон удаа хүн аварсан мундаг залуу. Харин Д.Бум-Эрдэнэ бол хүндэт донор. Бусдад хамгийн их цусаа өгч хүний амийг аварсан жирийн л нэг сайхан сэтгэлтэй монгол залуу.

Тийм учраас энэ хоёр хүнд бусдад тусалсан агуу сэтгэлийг “ДОЗ ПЛАС” энтертайнмэнт хүндэтгэн үзэж өөрсдийн хийсэн киногоооор бэлэг барьж, мөн өчүүхэн гарын бэлэг өгч, кинонхоо хамгийн хүндэт зочин болгон урьсан юм. Бид сайхан зүйл хийж байгаа хүмүүсийг болж өгвөл тунхаглаж дэмжиж байх хэрэгтэй. Жирийн хэрнээ “Элэг Нэгтэн”-ийхээ төлөө байж чадсан энэ хоёр залууд бусдын өмнөөс “баярлалаа” гэж хэлэхийг бид хүссэн юм. Бидний киноны утга агуулга энэ зүйл дээр зангилагдаж байна. Бидэнд ердөө бие биенийхээ төлөө гэх сайхан сэтгэл л дутуу байна. Өөр юу ч биш.

-Уучлаарай нэг эвгүй зүйл асууя. Зарим хүмүүс нөхөр нь найруулаад л эхнэр нь гол дүрд нь тоглоод л гэж ярьцгаадаг. Энэ ярианд та ямар тайлбар өгөх вэ?  

-Нөхөр нь найруулаад эхнэр нь тоглодог гэдэг яриа бидэнд их л тулга тойрсон яриа шиг санагддаг. Энэ сэдвийг бараг л 9 н жил ярилаа. Өнөө л атаа хорсол бие биеэ муучилдаг хүсэл нь бидэнд ирэхдээ нэг иймэрхүү үг өгүүлбэрээр илэрхийлэгдээд байна уу даа гэж заримдаа боддог юм. Бид өөрсдийн гараараа газраа хагалаж тариагаа тарьж байна. Хүний хашаанд тариа тариагүй, Бид хүний тарианаас хулгай хийгээгүй. Харин бид тариагаа тарихдаа чин сэтгэлээсээ эд эс, оюун бодол хүч чадлаа шингээж, өөрсдөө хөдөлмөрлөж хөлсөө дуслуулан ажилладаг. Тиймээс ямар тариа тарихыг ДООЁО ЗУЛААД битгий заа гэж хэлмээр байна.

Учир нь биднийг яаж хөдөлмөрлөж байгааг тэд огт хараагүй бас мэдэхгүй шүү дээ. Дандаа сургаар үнэлэлт өгдөг. Жишээ нь кино нээлтээ хийгээгүй дэлгэцэнд гараагүй байхад энэ муухай кино гээд бичээд байгаа хүнтэй юу ярих вэ дээ. Тайлбар байхгүй…Тиймээс сургаар биш дамаар биш үзэж хараад бодит дүгнэлт хийдэг байх хэрэгтэй. Дурын нэг Дондог Дулмаа нар биднийг шүүх хэрэггүй бас эрхгүй. Учир нь цаг хугацаа өөрөө бүгдийг шүүдэг юм. Хөдөлмөрлөж байгаа нэгэндээ битгий хорс гэж хэлмээр санагддаг. Ер нь анзаараад байхад монголд сайн явах дээшээ явах заяатай хүн байна уу. Бүх хүнийг л муулах юм. Үүнийг зарим нэг хүмүүст хандаж хэллээ.

Гэхдээ бид дахин хэлэхэд хамгийн мундаг нь гэж цээжээ дэлдээгүй юм шүү. Бидэнд алдаа оноо байгаа. Тиймээс бид бүтээлээс бүтээлийн хооронд суралцаж яваа уран бүтээлчид.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bulganchimeg
Uran bvteel ulam ihk arwijah boltugai.Saihan yriltslaga bna
2016/02/05 103.17.108.42