8o
Улаанбаатар хот
mobile menu

Амжилт бүтээл, алдаа оноотой БОЛОВСРОЛ-ын салбарын анхаарал татсан 10 үйл явдал

2015-12-22 09:10:00

Өнгөрч буй 2015 он үйл явдлаар дүүрэн улирч байна. Баярламаар, бахархмаар, харамсмаар үйл явдлуудыг монголчууд туулжээ. Хэдийгээр харамсмаар, харуусмаар сургамж болмоор үйл явдлууд бидний ой тоонд үйлддэг ч хуучин он халаагаа өгч шинэ он шилжин ирж буй эргэн санаж, авахаа авч, алдаанаасаа суралцах нь соёлт хүмүүний ёс билээ. Мэдээ, мэдээллийн Chuhal.mn сайт салбар салбарынхны онцлох үйл явдлуудыг өнөөдрөөс эхлэн нэрлэж байна. Аливаа улс орны боловсролын салбар гэдэг амин чухал тархи нь байдаг. Энэ салбар хэр ихээр хөгжинө, тэр чинээгээр улс орон хөгжинө. Харин хэдий чинээ унана, тэр хэрээр ард түмний ухамсар болоод соёл хэмжигддэг жамтай. Энэ удаа боловсролын салбарыг онцолж байна. Амжилт бүтээл, алдаа оноотой энэ салбарын анхаарал татсан 10 үйл явдлыг танд танилцуулж байна.

 

Боловсролын салбар мэдээллийн системтэй боллоо

Боловсролын салбар нэгдсэн мэдээллийн системтэй болжээ. Хүний нөөцийн дэд систем нь байгууллагын хүний нөөцийн өдөр тутмын үйл ажиллагааг хялбараар удирдах, ажилтан ажилд орсноос халагдах хүртэлх процессийг хөтлөн явуулах үүрэг бүхий систем аж. Нийт 768 сургуулийн 25,975 ажлын байран дээр ажиллаж байгаа 54,680 багш ажилчдын цалин хөлс, ажлын түүх, боловсролын мэдээлэл бүрдсэн байна. Харин Боловсролын удирдлагын дэд систем нь боловсролын байгууллагын сургалтын үйл явцыг оновчтой удирдах, элсэлтээс төгсөлт хүртэлх бүхий л үйл ажиллагааг хөтлөн явуулах  зорилготой бөгөөд өнөөдрийн байдлаар төр, хувийн хэвшлийн бүх ерөнхий боловсролын сургуулийн сургалтын орчин, сургалтын бүтэц, сургалтын хөтөлбөр, хичээл, суралцагч, багш, анги бүлэг, хичээлийн хуваарь, шилжилт хөдөлгөөн, сурагчийн өдөр тутмын үйл ажиллагааг хөтлөн явуулж байна.  Эдгээр сургуулиуд дээр явагдаж буй сургалтын үйл ажиллагааг хөтлөн явуулах явцад 768 сургууль, 1,512 хичээлийн байр, 987 дотуур байр, 21,392 бүлэг, 545,172 сурагч, 30,085 багш, 19,531 ажилтан, 2,662 бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн мэдээлэл бүрдсэн байна.

 

Хүүхэд бүрийг хөгжүүлэх СӨБ-ын сургалтын цөм  хөтөлбөр

Боловсрол соёл шинжлэх ухааны яам энэ жил Хүүхэд бүрийг хөгжүүлэх сургуулийн  өмнөх боловсролын сургалтын цөм  хөтөлбөр үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхэлжээ. Мөн сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр, түүнийг дагалдах хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэх ажиглалтын хуудсыг боловсруулжээ. Үндэсний хэмжээнд давхардсан тоогоор нийт 8790 багш, ажилтанд сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр хэрэгжүүлэх сургалт, зөвлөн туслах үйл ажиллагаанд хамрагдаж, хэрэгжилтийн баг 21 аймаг, 9 дүүрэгт хүрч ажиллан, 39431 км туулж ажилласан байна.

 

Боловсролын багц хууль УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл, түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өргөн барьжээ.

 

 Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сонсдог ном

 

Улаанбаатар хотын номын сангийн харааны бэрхшээлтэй уншигчдад зориулсан сонсдог, цахим номын фондыг дэлхийн уран зохиолын шилдэг бүтээл, брайль үсгийн болон ДЕЙЗИ форматын сурах бичгээр баяжуулжээ.

 

“Эгшиглэнт чимээ” хамтлагийн “төрсөн түүх”

“Зөв  монгол  хүүхэд”  үндэсний хөтөлбөрийн “Авьяас” дэд хөтөлбөрийн хүрээнд  бүх ерөнхий боловсролын сургуульд 121 төрлийн дугуйлан, секц, клуб ажиллажээ. Үүнд  давхардсан тоогоор нийслэлийн хэмжээнд ЕБС-ийн сурагчдын 125 хувь, улсын хэмжээнд нийт суралцагчдын 110 хувь нь ямар нэг дугуйлан, секц, клубт хамрагдан суралцсан байна. 2012 онд “Авьяас” хөтөлбөр орон даяар анх хэрэгжиж ЕБС-ийн сургууль бүрт зөвхөн “Авьяас” хөтөлбөрт зориулж 10 сая төгрөгөөр дугуйлан секц ажиллуулдаг багш нарт урамшуулал олгожээ. Энэхүү хөрөнгө оруулалтаасаа  Дархан-Уул аймгийн “Оюуны ундраа” сургууль 2,5 сая төгрөгийг ахмад багш С.Жамьянхоролд олгож түүгээрээ хөгжмийн хэрэгсэл авч цохивор хөгжмийн дугуйлангаа ажиллуулж эхэлсэн түүхтэй. Үүний үр шимээр өнөөдрийн “Эгшиглэнт чимээ” хамтлаг төрсөн байна.

 

Сургуулиудад робот, гитарын клубын тоног төхөөрөмж бэлэглэлээ

Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас гитар, роботын дугуйлангийн хэрэглэгдэхүүн тоног төхөөрөмж хийлүүлэхэд нийт 40 сая төгрөг зарцуулжээ. Орон нутгийн 6, нийт 13 сургуульд робот нийлүүлсэн байна.

 

Багш бүр зөөврийн компьютертой боллоо

Монгол улсын Засгийн Газраас баталсан "Зөв Монгол хүүхэд" үндэсний хөтөлбөрийн "Багшийн хөгжил" дэд хөтөлбөрийн хүрээнд багш нэг бүрт зөөврийн компьютер олголоо.  Нийт 25000 ширхэг зөөврийн компьютерийг багш бүрт, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 11340 ширхэг зөөврийн компьютерийн лабораторийг сургууль бүрт олгож байна.

 

Цэцэрлэг, ЕБС, дотуур байрны ус, ариун цэвэр, эрүүл ахуйн норм, шаардлагыг боловсруулж батлуулжээ 

Энэхүү норм, шаардлагыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн БСГ-ын дарга нарт зориулсан 2 удаагийн шаталсан сургалтыг УБ хот болон Хөвсгөл аймагт зохион байгуулж, 21 аймаг, 9 дүүрэг хамрагдсан байна.  НҮБ-ын Хүүхдийн сангаас Хөвсгөл аймгийн 12 суманд байгуулсан загвар орчинтой танилцах, цэцэрлэг, ЕБС, дотуур байрны гаднах болон дотоод ариун цэврийн байгууламжийн шийдлийг газар дээр нь туршлага судлан, орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх арга зам, цаашид хийх ажлын талаар зөвлөмж гарган хэрэгжүүлж байна.

 

Хөндөх сэдэв

Хэнд найдаж хүүхдээ өгөх вэ?

Сэтгэл сэртийлгэм эдгээр хэргүүд хэвийн үзэгдэл мэт гарсаар, хэн нэгний бяцхан үр хохирсоор байх уу? Хүсэн, хайрлан байж төрүүлсэн үр нь хэн нэгний гарт тамлагдаж, нэг л өдөр уйланхай болж, айж цочиж, унтахдаа хүртэл татдаг болсон нь хэний буруу вэ... Амин үрээ аргагүй эрхэнд цэцэрлэгийн багшид тушааж, амьдралынхаа төлөө зүтгэж байгаа эцэг эхчүүд цөөнгүй бий. Гэвч хүний сайхан үрийг асарна хэмээн мөнгө цалин авчихаад айлгаж, зодож, хүчирхийлнэ гэдэг хүний ёсонд байх зүйл үү. Өнгөрсөн жил цэцэрлэгийн хүүхдийг зодсон талаарх мэдээлэл гарч байлаа. Энэ мэдээлэл далд байж болох байсан ч цэцэрлэгийн багш нар хоорондоо түнжин хагарсны улмаас нэгнийхээ хүүхэд зодож буй бичлэгийг хийж, эцэг эхчүүдэд тарааж, эцэг эхчүүд телевизэд хандсанаар асуудал олонд нээлттэй болсон. Тэгвэл яг ийм хэрэг дахин давтагдлаа. Дундговь аймгийн Мандалговь сумын “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн тогооч хооллож буй хүүхдээ хэрцгийгээр зодож, загнаж байсан бичлэг цахим хуудсуудаар тархаж олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн билээ. Аймгийн удирдлагууд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтыг үндэслэн "Оюуны хөгжил" цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, багшийн хүүхэд зодсон үйлдэлтэй холбоотой асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байна. Энэ хэргийн талаар тус цэцэрлэгийн багш ажлаасаа халагдсаны дараа холбогдох байгууллагуудад өгсөн юм. Түүнчлэн хүүхэд зодсон хэрэг нийслэлийн 119 дүгээр цэцэрлэг болон бусад хэд хэдэн цэцэрлэгүүдэд гарсаныг энд онцлон дурдмаар байна. Багш нарын ёс суртахуун тэр дундаа цэцэрлэгийн багш нарын увайгүй авир боловсролын салбарын хөгжлийг хойш татаж, ирээдүй болсон үр хойчид заналхийлж байгаад анхаарал тавих нь зүй ёсны хэрэг бизээ.

 

Боловсролын авилга...

 “Чинээлэг айлын хүүхдүүд хичээн суралцах албагүй. Учир нь эцэг, эхийн мөнгө тэдний амжилтын баталгаа болж өгдөг. Иймээс хүүхдүүд хамгийн чухал юм бол мэдлэг бус харин “мөнгө” хэмээн ойлгох болсон…” гэх яриа Боловсролын салбарыхныг түгшээх болжээ. Хэдийгээр монголчуудын авилгын талаарх мэдлэг, ойлголт харьцангуй нэмэгдсэн ч боловсролын салбар дахь авилгын талаар төдийлэн ойлголтгүй хэвээр үлджээ. “Боловсролын авилга” гэхээр боловсролын яамны удирдлага, төрийн албан хаагчдад л хамааралтай мэтээр ойлгож, үүнд нь ч нийгэм бүхэлдээ дасах шинжтэй. Бодит байдал дээр боловсролын салбарт  бараг бүх хүмүүс хамааралтай. Өөрөөр хэлбэл “Боловсролын авилга”-ыг нөхцөлдүүлэгч нь зөвхөн яаманд ажиллагсад бус бүх шатны боловсролын байгууллага, түүний удирдлага, захирал, дэд захирал, тэнхимийн эрхлэгч, багш, эцэг эх, оюутан, сурагчид бүгд өөрсдөө “авилга”-ыг авч, өгдөг “холбоотой” гэдгээ  тэр бүр мэддэггүй. Энэ жил “Транспэрэнси Интернэшнл” боловсролын авлигын талаар тайлан гаргажээ. Ингэхдээ Монгол улсад бүх шатны сургуульд суралцагсдын ихэнх нь сургуулийн байрны хүрэлцээ хангалт, нөхцөл маш тааруу, анги дүүргэлт хэтэрсэн, багш нарын хангалт, чадвар сул, сурах бичиг, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж хүрэлцээгүй. Дээд сургуулиудад элсэж буй оюутанууд эцэг, эхийн хэтэвчийн хэмжээ, тэдний нийгэмд эзлэх байр сууриар элсч, дээд сургууль нэртэй “төлбөрт үйлчилгээ” үзүүлдэг курс, дамжаанууд олширч, хамгийн наад зах нь алдаатай бичигчид, дипломын голууд төрөх болсон нь үүний шалтгаан хэмээн тайлбарласан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Nasan
Gantumur said uneheer mundag. Umnu ni bagsh nar saidaa tanih ni bitgii hel neriig ni ch medehgui shahuu bailaa.
2016/01/23 103.17.108.42
Bataa
Bolovsroliin yamnaas heregjuulj bui ene ajil uneheer zuw zuitei hutulbur. Bitgii uurchluurei.
2016/01/23 103.17.108.42
Zochin
Huuhed buriig 90ees deesh surga.
2016/01/11 103.17.108.42
Zochin
Aimgiin zasag dargiinhaa alga daram tsaasan deer bolowsruulsan yu ni medegdehgui maternaliig hiilgehiin tuluu charmain ajillaj bainaa. Huuhed buriig hugjuulne gej hudlaa yum baina lee.
2016/01/02 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment