Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2017 оны хамгийн эхний чансааг шинэчлэн зарлаж Г.Мандахнаран гавьяат тавдугаарт бичигджээ. ДАШТ-ий (2013) 66 кг-ын хүрэл медальт, Азийн наадмын (2010) чөлөөт бөх барилдааны 60 кг жингийн аварга тэрээр Унгарын нийслэл Будапешт хотод болсон 2013 оны ДАШТ-д Г.Мандахнаран Украины Семён Радуловыг 10-4, Унгарын Герго Вёллерийг 9-2, Грекийн Андреас Триантафиллидисийг 11-3 оноогоор тус тус ялснаар хэсгийн аварга болсон.
Хагас шигшээд Олимп (2012), Дэлхийн (2011) хүрэл медальт Кубын Ливан Лопест тэнцүү (6-6) оноогоор буюу техникийн оноогоор ялагдаж, цаашхи барилдаанд БНАСАУ-ын Кан Жинь-Хёгийг 3-1 харьцаагаар ялж, 2007 оны ДАШТ-д Баяраагийн Наранбаатарын үзүүлсэн амжилтаас хойш тасраад байсан эрэгтэйчүүдийн амжилтыг үргэлжлүүлж, хүрэл медаль хүртсэн билээ. Мөн өнгөрсөн РИО-2016 олимпийн наадамд амжилттай оролцсон юм.
Тус чансааны жин тус бүрт дэлхийн шилдэг 20 тамирчны жагсаалтад Монголын таван бөх эрэмбэлэгджээ. Тодруулбал, 57 кг-д Э.Бэхбаяр 15-д, 61 кг-д Т.Түвшинтулга 14-т, 65 кг-д Г.Мандахнаран 5-д, 74 кг-д П.Өнөрбат 12-т, 86 кг-д О.Үйтүмэн 17-д тус тус бичигдсэн байна.