Өнгөрсөн сонгуулиар УИХ-д нэр дэвшсэн П.Анужин сонгуулийн үеэр жирэмсэн байсан талаар цахим хуудаснаа бичсэн байна. Тэрбээр өнгөрсөн намар хүүтэй болсон аж. П.Анужин шинэ хүүхдийнхээ зургийг дэлгэн харуулж сэтгэгдэлээ илэрхийлсэн байна.
Тэрбээр энэ тухай цахим хуудастаа, “2016 онд телевизийн эдгээр нэвтрүүлгүүдэд оржээ. Одоо энгэртээ тэвэрч буй үрээ хэвлийдээ тээж байхдаа эдгээр бүх нэвтрүүлэгт орсон байна. Нэвтрүүлгүүд амаргүй нөхцөл байдал дунд бичигдэж байсан ч үр минь дотроос тулж бид хоёр бүгдийг даван гарчээ. Надтай ярилцсан сэтгүүлчид хэн нь ч намайг хөл хүнд гэдгийг анзаараагүй болов уу гэж боддог. Хөрөөдөгч хэмээх Болдко-ийн нэвтрүүлэгт миний бие долоон сартай хөл хүнд орж байлаа. Увайгүй гүтгэлэгүүд ар араасаа дайран давшилж байсан ч үрээ түмнээс харамлах ижий хүний зангарагаар ган гэхгүй бүгдийг туулсан. Над шиг хүндийг туулж байгаа нь бүү хэл тайван цагт бүсгүй хүн, гэр бүлүүд үр тээж буйгаа олны хэл амнаас далдалж хамгаалдаг нь монгол ухаан юм даа. Тухайн үед халдаж, хүндэтгэлтэй асуусан бүгдээс нуугаагүй бөгөөд өөрийн зүгээс зарлаагүй учир нь дээрх монгол ухаан байлаа. Нэгэн найз минь надад "энх цагийн дайн"-д үр нь ижийтэйгээ орлоо доо гэж байсан...
Амаргүй үед надтай таарсан сайн хүмүүст, дараах сэтгүүлчдэд тун их баярласнаа манай гэр бүлийн зүгээс он солигдох мөчид илэрхийлж байна. Тэр дундаа халуун гал дунд хэвлийд минь тэвчээртэй байж, ижийгээ түшсэн жаахан үр минь та бүхэнд баярлаж буйгаа илэрхийлж байна. Сэтгүүлч хүний эрхэм ариун үүрэг бол хүн байх, үнэн байх! Та бүгдийн үйлс ариун, амьдрал тэгш дүүрэн байх болтугай” хэмээн бичжээ.