АНУ-ын өдөр тутмын “Indiana gazette” сонин өнгөрсөн онд спортын салбарт өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэсэн байна. Онцлох үйл явдлын тоонд манай эрэгтэй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогтбаяр нарын “Рио 2016” олимпийн наадмын дэвжээн дээр гаргасан эсэргүүцлийн үйлдэл багтжээ.
Тодруулбал, олимпийн чөлөөт бөхийн 65 кг-ын жингийн хүрэл медалийн төлөө манай бөх МУГТ Г.Мандахнаран Узбекистаны Ихтиёр Наврузовтой барилдаж, цаг дуусахаас 18 секундын өмнө нэг оноо аван 7:6 харьцаатай хожиж байсан ч сүүлийн таван секундэд сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргаснаас болж шүүгч нар манай бөхийг торгож, өрсөлдөгчид нь ялалт өгсөн билээ.
Энэ барилдааны дараа манай хоёр дасгалжуулагч дэвжээн дээр гарч ирэн шударга бус шүүлтийг эсэргүүцэн хувцсаа тайчсан. Тэдний энэ үйлдлийг Монголын чөлөөт бөхийн холбоо, Олон улсын бөхийн төрүүдийн нэгдсэн холбооны зүгээс зэмлэн буруушааж, хариуцлага хүлээлгэсэн. Харин дэлхий нийт шударга бус шүүлтийг эсэргүүцсэн тэмцэл хэмээн хүлээж авчээ.