Эрүүл мэнд, спортын яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс үндсэн мэргэшил эзэмшихээр суралцаж буй эмч нарын дунд мэдлэг, ур чадвар авхаалж самбааг сорих тэмцээнийг өнөөдөр зохион байгуулж байна. Тэмцээн гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллагдаж байгаа нь энэ юм.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд Эрүүл мэнд, спортын яамны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Баяр, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Ч.Бат-Эрдэнэ, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү тэмцээнийг нээж нь Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Ч.Бат-Эрдэнэ үг хэлэхдээ “Үндсэн мэргэшил эзэмшихээр суралцаж буй эмч нарын мэдлэгийн түвшинг ахиулах, бататгах, ур чадварыг дээшлүүлэх, хандлагыг төлөвшүүлэх, шаардлагатай нөхцөлд зөв дүгнэлт өгч, оновчтой үйлдэл болгон сорих, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, харилцан суралцах, туршлага судлахад энэ тэмцээний ач холбогдол оршиж байгаа юм” гэв.
Тэмцээнд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт зохион байгуулдаг 15 байгууллагын найман баг оролцож байна. Тэмцээний агуулга нь хүний их эмчийн эзэмшвэл зохих мэдлэг, ур чадвар, хандлагыг илтгэх түвшинд явагдаж байгаагаараа бусад тэмцээн уралдаанаас онцлог юм.
Оролцогч багууд өөр өөрсдийн бэлтгэсэн мэндчилгээ дэвшүүлсний дараа “Эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагыг төлөвшүүлэх нь” сэдэвт жүжигчилсэн тоглолт, мэдлэг сорих асуулт, ур чадварын даалгавар, авхаалж самбаа сорих багийн ахлагчийн тэмцээн болон “Эрүүл мэндийн тухай хууль, эрх зүй, эрүүл мэндийн үзүүлэлт” сэдвээр хөгжөөн дэмжигчийн тэмцээн гэсэн зургаан даалгавраар өрсөлдөж байгаа юм. Тэмцээнээс эмч эмнэлгийн мэргэжилтнийг тасралтгүй сургах, суралцагчдын мэдлэг, ур чадвар дээшилж, мэргэжлээрээ бахархах эерэг хандлага төлөвших, төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллагууд сургалтын үйл ажиллагааны талаар харилцан туршлага солилцож, хамтын ажиллагаа бэхжих зэрэг үр дүн хүлээгдэж байна.