8o
Улаанбаатар хот
mobile menu

Сурвалжлага: Дүүргийн эмнэлэгт өдөртөө 180-250 хүүхэд ханиадаа эмчлүүлэхээр ирж байна

2016-11-30 09:02:00

Хөхүүрийн ам цаашилж, хүйтний амтай золгосон энэ өдрүүдэд дүүргийн эмнэлгүүд эмнэлгүүд өвчтөнийхөө хөлд дарагдаж,  ачааллаа дийлэхээ больсон аж. Тодруулбал хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдийн Хүүхдийн тасагт ханиад, томуу туссан хүүхдүүдийн тоо өдөртөө 100 хол давах болсон байна. Тиймээс зарим дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал хэр байгаа талаар сурвалжлахаар Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт очсон юм.

Бидний эхний очсон газар бол Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг юм. Бид өдрийн 12:00 цагийн үед очиход Хүлээн авахад хүүхдээ тэвэрсэн эцэг, эх цөөнгүй байв. Эдгээр эцэг, эхчүүдийг үүдний сувилагч “Гадуур хувцсаа өлгүүлээд, дотогшоо тасаг руу ороорой, эмчдээ үзүүлсэн үү, хэвтэх бичгээ аваад ир, ямар үйлчилгээ авах гэж байгаа билээ” гэх зэргээр асууж тус бүрт нь хурдан шуурхай үйлчилж байлаа. Ачаалал хэр байгаа талаар сувилагчаас тодруулахад “Өдөрт ирж байгаа хүүхдийн тоо ихэссэн. Тиймээс ачаалал их байна” гэсэн юм. Ингээд бид дотогшоо орж тус эмнэлгийн Ерөнхий эмч Л.Баярцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

Л.Баярцэцэг: Хүүхдийн тоо 250-иас буухгүй байна

-Эмнэлгийн ачаалал хэр байна вэ?

-Манайх Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг Хүүхдийн тасаг ачаалал ихтэй байна. Манайх 130 ортойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.  Эрчимт эмчилгээний 5, хэвтэн эмлүүлэх 125 ортой. Жил бүрийн энэ үед ханиад, томуугийн өвчлөл идэвхждэг. Ялангуяа  бага насны хүүхдүүдэд түлхүү өвчилдөг. Тиймээс ерөнхийдөө ачаалал их байна. Эмнэлгийн зүгээс шаардлагатай бүх арга хэмжээ авч, өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаж ирсэн бүх хүүхдүүдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлж, шаардлагатай хүүхдүүдийг хэвтүүлж байна.

-Өдөр хэчнээн хүүхэд ирж эмчилгээ, үйлчилгээ авч байна вэ?

-Өдөртөө 180-250 хүүхэд ирж байна. Ялангуяа амралтын өдөр буюу хагас, бүтэн сайн өдөр ачаалал ихэсдэг. Амралтын өдөрт ирж байгаа хүүхдийн тоо 250-иас буухгүй байна.

-Хүүхдүүд ихэвчлэн ямар шинж тэмдэгтэйгээр ирж байна вэ?

-Ханиалгах, халуурах зарим тохиолдолд бөглөрлийн хам шинжтэйгээр ирж байна. Бөглөрлийн хам шинж нь 0-8 хүртэлх сартай хүүхдүүдэд элбэг тохиолдож байна. Энэ насны хүүхдүүд хоолойн дээр тогтсон цэрээ гаргах чадваргүйтэй холбоотой. Мөн цэцэрлэгийн буюу 2-6 насны хүүхдүүд их ирж байна. Зарим хүүхдүүдэд эцэг, эх нь дур мэдэж эм, тариа хэрэглэж ханиадаа хүндрүүлчихсэн хүүхдүүд нэлээд их ирж байна. Өдөрт хандаж байгааг хүүхдүүдийн 30 орчим хувь нь ажлын цагаар, үлдсэн нь ажлын бус цагаар орой, шөнө ирэх нь элбэг байна. Үүнээс үзэхэд эцэг, эхчүүд хүүхдээ орой цэцэрлэгээс нь авахад ханиад хүрчихсэн, халуурсан шинж тэмдэгтэй ирдэг. Ерөнхийдөө оройны 16:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл ачаалал илүү нэмэгддэг.

Цэцэрлэгийн буюу 2-6 насны хүүхдүүд их ирж байна. Зарим хүүхдүүдэд эцэг, эх нь дур мэдэж эм, тариа хэрэглэж ханиадаа хүндрүүлчихсэн хүүхдүүд нэлээд их ирж байна.

-Орны хүрэлцээ хэр байна вэ?

-Манай эмнэлэг 130 ортойгоор тусламж үйлчилгээ үзүүлдэг. Ханиад, томуу ихэссэн энэ үед Хүүхдийнхээ тасаг дотроо зай, талбай томтой өрөөнүүдэд 20 гаруй ор нэмж хүүхдүүдээ авч байна. Хүүхдийн тасгаас гадна бусад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг 4 том өрөөнд 40 орчим ор нэмж тавьсан. Ингээд бодохоор Хүүхдийн тасаг 190 гаруй ортойгоор хүүхдүүдийг авч эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Орны хүрэлцээ муугаас бол коридор болон шалан дээр хүүхдүүдээ хэвтүүлсэн зүйл байхгүй. Мөн насанд хүрэгчдийн тасгийн зарим өрөөнд хүүхдүүдээ авахаар төлөвлөөд ажиллаж байна.

-Хэвтэхээр ирж байгаа хүүхдүүдэд ор хүлээгдэх асуудал гарч байгаа юу?

-Хүүхдийн тусламж үйлчилгээнд ямар ч хүлээгдэл үүсгэхгүйгээр хэвтэх шаардлагатай хүүхдүүдээ  авч байна. Яагаад гэвэл хүүхэд өөрөө их эмзэг. Хэдхэн цагийн өмнө ханиалгаж байсан хүүхэд гэнэт халуурдаг, жаахан удаахад л хатгаа болдог учраас ямар хүлээгдэл үүсгэхгүйгээр хэвтүүлж байна.

Тус эмнэлгийн Хүүхдийн тасагт хүүхдийн мэргэжлийн 15 эмч ажилладаг юм байна. Ажлын цагаар бүгд, жижүүрийн хугацаанд 4 эмч ажилладаг аж. Мөн ханиад, томуу ихэссэн учраас өнгөрсөн 7 хоногоос эхлээд Хүүхдийн хүлээн авах эмчээ нэмэгдүүлжээ. Улмаар дүүргийнхээ өрхийн эмч нартай хамтарч ажиллах хүсэлт тавьсан юм байна. Өнөөдрийн байдлаар өрхийн эмнэлгүүдээс нийт 40 эмчийн хуваарь ирээд байгаа аж. Тасаг болгон дүүрэн хүүхэдтэй ихэвчлэн бага насны хүүхдүүд ихэвчлэн байлаа. Түүнчлэн ханиад, томуу туссан хүүхдүүдийн тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад харьцангуй бага байгаа аж. Харин өдөрт ирж байгаа хүүхдийн тоо их байгааг энэ үеэр онцолж байсан юм. Эрт хүйтэрч, их хэмжээний цас орж цаг агаарын нөхцөл байдал нь ханиад, томуу тусчихсан ирж байгаа  хүүхдийн тоо нэлээд нөлөөлж байна. Баянзүрх дүүрэг нь төрөлт өндөртэй дүүргийн тоонд ордог нь эмчилгээ, үйлчилгээ авахаар ирж байгаа хүүхдийн тоонд нөлөөлж байгаа гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байв.

Ингээд бид хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн эцэг, эхийн сэтгэгдлийг сонссон юм.

13-р хорооны иргэн н.Чимгээ: Ханиад нь хүндрээд хатгаа болсон хүүхдүүд их ирж байна

-Гурван настай хүүхэдтэйгээ хэвтээд 3 хонож байна. Анх хатгаа тусаад ирсэн. Одоо харьцангуй гайгүй болсон. Маргааш эмч нар үзээд гарах эсэхийг шийдэх байх. Ханиад нь хүндрээд хатгаа болсон хүүхдүүд их ирж байна. Ачаалал их л байна.

12-хорооны иргэн Н.Галт: Хүүхэддээ тэвэрсэн, хоол цай зөөсөн эцэг, эхийн цуваа тасрахгүй л байна

-Манай хүүхэд 9 сартай ханиад нь хүндрээд хатгаа аваад хэвтчихсэн байгаа. Хоол, цай өгөөд явж байна. Манай хүний хэвтэж байгаа тасагт дандаа нярай хүүхэд хэвтэж эмчлүүлж байгаа гэсэн. Гадуур ханиад, томуу их байгаа болохоор ачаалал их байх шиг байна. Хүүхэддээ тэвэрсэн, хоол цай зөөсөн эцэг, эхийн цуваа тасрахгүй л байна.

-9-р хорооны иргэн Б.Долгормаа: Маргааш нь халуураад, цээж нь хиржигнэж хатгаа болоод хүндэрчихсэн байсан

-Манай ач охин эхлээд ханиад аваад шуухинаад байхаар дүүргийн эмнэлэг дээр авч ирж үзүүлсэн. Тэгсэн гайгүй байна, хэвтэх шаардлагагүй гээд эмч бичиж өгөөд явуулсан. Маргааш нь халуураад, цээж нь хиржигнэж хатгаа болоод хүндэрчихсэн байсан. Одоо хэвтэж эмчилгээ хийлгэж байгаа. Ачаалал маш их байна.

Ийнхүү эцэг, эх нар сэтгэгдлээ хуваалцсан юм. Зарим нь “хоёр, гурван тасаг дамжиж явсаар байж сайн эдгэрээгүй байхад зарим хүүхдээ гаргаж байна” гэх зэргээр эмчлүүлж буй хүүхдүүдийн ар гэрээс гомдол нэлээд хэлж байсан юм.

Харин бидний дараагийн очсон газар бол Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг юм. Тэнд ачаалал их байгаа нь үүднээс нь анзаарагдаж байв. Үүдний сувилагч нь Тасгийн эрхлэгчээс сурвалжлага хийх зөвшөөрөл хүссэн “Ачаалал их байгаа болохоор дотогшоо оруулж сурвалжлага хийлгэх боломжгүй байна” гэсэн хариу өглөө. Дотошоо орох хооронд эцэг, эхчүүдийг нэлээд ажиглав. Тэд “Ачаалал их байна. Зарим хүүхдүүд нь эмчилгээ хийлгэж байсан ч сайн эдгэрэхгүй гарч байна. Гараад ганц, хоёр хоноод ирж буцаж ирж байна. Хэвтэх шаардлагатай хүүхэд их байгаа болохоор хүүхдийн эмч нарын өрөөг чөлөөлж хүүхдүүдээ авч байгаа” гэж ярих нь дуулдав.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл