Манай улсын хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг. Нэг үгээр хэлбэл нөхөн үржихүйн насныхан голдуу ажиллаж, амьдардаг. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд өсөлтгүй жирэмслэлт нэмэгдсэн гэдгийг эмч мэргэжилтнүүд ярьсаар байна. Чухам яагаад өсөлтгүй жирэмслэлт бий болж байгаа, үүнээс хэрхэн сэргийлэх, талаар АШУҮИС-ийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн багш, АУ-ы доктор, дэд профессор, Зөвлөх эмч, “Бүсгүй” эмнэлгийн ерөнхий эмч Ж.Энхцэцэгтэй ярилцсан юм. Тэрбээр энэ чиглэлээр суралцаж байгаа оюутан залуус болон эмч, мэргэжилтнүүдэд өөрийн сурсан мэдсэн зүйлээ хуваалцаж яваа аж. Мөн эмэгтэйчүүдийн “Бүсгүй” эмнэлэгийг 1997 онд анх байгуулжээ. Тус эмнэлэг нь өдгөө 20-иод жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Ингээд ярилцлагаа хүлээн авна уу.
-Өсөлтгүй жирэмслэлт гэж юу вэ?. Манай улсад энэ өвчлөлийн тохиодол хэр байна вэ. Сүүлийн үед нэлээд ихэссэн гэдгийг эмч мэргэжилтнүүд ярьж байна?
-Өсөлтгүй жирэмсэн гэдэг нь ямар нэгэн шалтгааны улмаас ураг амьгүй болж, ургийн өсөлт зогсохыг хэлнэ. Сүүлийн жилүүдэд өсөлтгүй жирэмслэлтийн тохиолдол жилээс жилд эрчимтэйгээр нэмэгдэж байна. Улаанбаатар хотын томоохон амаржих газруудад өдөртөө л олон тоогоор тохиолдож байгаа нь статистикийн тоо баримтаас харагддаг. Мөн хувийн эмнэлгүүдэд ийм тохиолдолтой бүсгүйчүүд өдөр хэдэн арваараа ханддаг.
-Жирэмсэлсэн эхчүүдийн хэдэн хувь нь өсөлтгүй жирэмслэлт болж байна вэ. Өсөлтгүй жирэмсний талаарх судалгааны хэр байдаг юм?
Нийслэлийн амаржих газруудын нийт өсөлтгүй жирэмсэний давтамж (10000 амьд төрөлтөнд)
-Өнгөрсөн жил Нийслэлийн “Өргөө” амаржих газрын их эмч Анагаахын ШУ-ы магистр Ч.Болорцэцэг “Өсөлтгүй жирэмсний зарим эрсдэлт хүчин зүйл, оношилгоо, шинжилгээний дүн” сэдвээр АУ-ы магистрийн зэргийг миний удирдлаган дор хамгаалсан. Одоогоор шавь маань уг ажлаа гүнзгийрүүлэн судлахаар БНХАУ-д докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна. Судлаач Ч.Болорцэцэг нарын судалгаанаас харахад сүүлийн жилүүдэд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд өсөлтгүй жирэмсэний давтамж ихэсч байгаа нь дээрх зураг дээрээс илэрхий харагдаж байна.
-Өсөлтгүй жирэмслэлт нэмэгдэх болсон шалтгаан. Юунаас шалтгаалж өсөлтгүй жирэмслэлт бий болж байна вэ?
-Эхийн хэвлийд ураг амьгүй болж, өсөлтгүй болох шалтгаан хүн бүрт янз бүр байдаг. Хамгийн том шалтгаан бол эхийн эрүүл мэндийн байдал шууд холбоотой. Эхийн эрхтэн тогтолцооны байдал хэвийн бус үед ураг хэвийн өсөж, хөгжинө гэж байхгүй. Тэр дундаа бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүд, эхийн дотоод халдвар, амьдарч байгаа орчин, амьсгалж байгаа агаар, идэж буй хоол хүнс гэх зэрэг олон зүйлээс шалтгаалдаг байна.
Эхийн хэвлийд ураг амьгүй болж, өсөлтгүй болох шалтгаан хүн бүрт янз бүр байдаг. Хамгийн том шалтгаан бол эхийн эрүүл мэндийн байдал шууд холбоотой. Эхийн эрхтэн тогтолцооны байдал хэвийн бус үед ураг хэвийн өсөж, хөгжинө гэж байхгүй.
-Ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?
-Ураг өсөлтгүй болсон үед ямар нэгэн өвөрмөц шинж илэрдэггүй. Зарим эмэгтэйчүүдэд ямар ч шинж тэмдэг илэрдэггүй байхад заримд нь хэвлийн доод хэсгээр өвдөх, доош цусархаг ялгадас гарах зэрэг эмгэг шинжүүд нийт бүсгүйчүүдийн 25-30 хувьд нь илэрдэг.
-Ураг өсөлтгүй болно гэдгийг ураг нь амьтай хэрнээ өсөлт нь зогссоныг хэлэх үү?
-Хэрвээ ураг амьтай нь батлагдсан тохиолдолд ургийн өсөлт нь байх ёстой хугацаанаас хоцорсон байвал өсөлтгүй жирэмсэн гэж үзэхгүй. Учир нь үүнийг ургийн хөгжил удааширч баригдах хам шинж гэсэн оношоор эмчилгээ хийдэг. Өөрөөр хэлбэл ураг өсөлтгүй болсон үед ураг амьгүй байдаг гэж үзэж болно.
-Ихэвчлэн жирэмсний хэд дэх 7 хоногт өсөлтгүй жирэмслэлт илэрч байна вэ?
-Өсөлтгүй жирэмсэн нь жирэмсний бүхий л хугацаанд болж болно. Гэхдээ жирэмсний сүүл хугацаанд ховор, жирэмсний эхний гурван сард өсөлтгүй жирэмслэлт хамгийн элбэг тохиолдоно.
-Өсөлтггүй жирэмсэний улмаас үр хөндүүлсэн гэж ярьж байсан хүний үгийг сонссон л доо. Өсөлтгүй жирэмсэн болсоны дараа дахиад ойрхон жирэмсэн болоход хэвийн үү? Эх болоод урагт ямар нэгэн сөрөг нөлөө бий юу?
-Өсөлтгүй жирэмсэн болох шалтгааны ихэнх хувийг эхийн дотоод халдвар эзэлдэг байна. Энэхүү дотоод халдварыг ТОRCH вирүсийн шинжилгээгээр оношилдог. Эх вирүсийн халдвараар нэгэнт халдварлагдсан бол эмчлэхэд хэцүү.
-Хэрвээ ураг нь өсөлтгүй болон тусламж, арга хэмжээ авахуулсаны дараахан жирэмсэлбэл ураг болоод эхийн эрүүл мэндэд маш их сөрөг нөлөө үзүүлнэ. Ургийн талаас бол ураг дахин амьгүй болох магадлал маш өндөр. Учир нь ураг амьгүй болох шалтгаан хэвээрээ байгаа шүү дээ. Эхийн талаас бол эхийн умайд дахин ажилбар хийнэ гээд бодохоор умайн бүтэц үйл ажиллагаанд муугаар нөлөөлнө. Үүнээс үүдэн дараагийн жирэмслэлтийн үйл явцад сөрөг нөлөө үзүүлнэ. Харин дараагийн өсөлтгүй жирэмснээс сэргийлэхийн тулд умайгаас эдийн шинжилгээ авч ураг амьгүй болоход умайн талаас шалтгаан байсан эсэхийг тодруулах нь хамгийн их ач холбогдолтой байх болно.
-Тэгэхээр дахин өсөлтгүй жирэмсэн болохгүйн тулд эмэгтэйчүүд юуг анхаарах ёстой вэ?
-Хэрвээ урьд нь өсөлтгүй жирэмсэн болсон бол дараагийн жирэмслэлтийг 8 сараас 1 жилийн хугацаанд хойшлуулах шаардлагатай гэж үздэг. Учир нь яагаад энэ удаа ураг амьгүй болов гэдэг шалтгааныг сайтар тодруулахын тулд мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө авч эмчилгээ хийлгэн, тухайн эмчилгээний үр дүнг тооцох хугацаа шаардлагатай.
-Өсөлтгүй жирэмслэлт болсон ч эмчилгээ хийлгэж хэвийн болгож болох боломж бий юү?
-Байлгүй яахав. Маш олон эмэгтэйчүүд мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө авч, шаардлагатай шинжилгээнүүдийг бүрдүүлж, зохих эмчилгээ хийлгэсний дараа жирэмсэлж өөрөө эрүүлжиж, эрүүл хүүхэд төрүүлж байна.
-Өвлийн улиралд өсөлтгүй жирэмслэлт нэлээд нэмэгддэг. Энэ нь агаарын бохирдолтой холбоотой гэж уншиж байсан. Үнэн үү?
-Өвлийн улиралд, ялангуяа хот газар утаа, агаарын бохирдол их байдагтай холбоотойгоор өсөлтгүй жирэмслэлтийн давтамж өндөр байдаг гэж үздэг. Эхийн амьсгалж байгаа агаараар ураг тэжээгдэнэ шүү дээ. Гэхдээ сайхан агаартай утаагүй хөдөө нутагт олонтой тохиолддог гэж бодохоор эхийн эрүүл мэндээс илүүтэй ихээр хамаарна гэж бодож байна даа.
-Олон удаа үр хөндүүлэх нь “Өсөлтгүй жирэмслэлт”-д нөлөөлөх үү?
-Хамгийн ихээр нөлөөлнө. Үр хөндөлт гэдэг бол өөрөө эрсдэлтэй ажилбар. Олон удаа үр хөндүүлэхээр умай үрэвсэн, гуурсан хоолой битүүрнэ, өндгөвний үйл ажиллагаа хямардаг. Ингээд бодохоор дараагийн жирэмсний явц хэвийн үргэлжлэх боломж багасна.
-Хэрвээ ураг амьгүй болоод арга хэмжээ авахгүй удвал ямар нэгэн сөрөг нөлөө бий юу?
-Хамгийн их сөрөг нөлөөтэй. Учир нь эхийн цус бүлэгнэлтийг муудуулах аюултай. Иймд цус бүлэгнэлтийн шинжилгээг заавал өгч, шаардлагатай бол эмчилгээ хийлгэж байж тусламж авах нь хамгийн чухал.
-Сүүлийн үед бүсгүйчүүдэд дотоод халдвар гэдэг асуудал тулгамдаж байна гэж та ярилаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээдэл өгнө үүе?
-Өсөлтгүй жирэмсэн болох шалтгааны ихэнх хувийг эхийн дотоод халдвар эзэлдэг байна. Энэхүү дотоод халдварыг ТОRCH вирүсийн шинжилгээгээр оношилдог. Эх вирүсийн халдвараар нэгэнт халдварлагдсан бол эмчлэхэд хэцүү. Энэ тохиолдолд заавал эмчийн зөвлөгөө авч, эмчилгээ хийсний дараа жирэмсэлбэл эмэгтэйчүүд маань дахин эрсдэлд орохгүй байж болно.
-ТОRCH халдварын талаар тодруулна уу?
-Т- токсоплазм
-О-бусад
-R-рубелла вирүс
-C-цитомегало вирүс
-H-герпес вирүс
Дээрх халдваруудаар халдварлагдсан тохиолдолд ураг өсөлтгүй болох, урагт гаж хөгжил үүсэх аюултай. Үүнд ургийн нүд үрэвсэх, урагт эмгэг усжилт үүсэх, ялангуяа тархи усжих, дүлийрэх, сохрох, эрхтний гажгууд үүсэх зэрэг гаж хөгжлүүд олонтой тохиолдоно.
-Өсөлтгүй жирэмслэлтээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгнө үү?
-Нэн түрүүнд эх эрүүл байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө. Жирэмслэхээс өмнө бүх эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, төлөвлөгөөтэйгөөр жирэмслэх нь зүйтэй. Өмнө нь өсөлтгүй жирэмсэн болж байсан бол заавал шалтгааныг нь тодруулах шаардлагатай. Үүний тулд умайн агууламжинд эдийн шинжилгээ хийх хэрэгтэй.
-ТОRCH халдварын шинжилгээнд хамрагдах
-Молекул биологийн шинжилгээгээр уреаплазм, микоплазмыг илрүүлэх
-Бактериологийн шинжилгээнд хамрагдан бэлэг эрхтний үрэвслүүдийг оношлон шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эмчлэх нь дараагийн жирэмсний үед эерэгээр нөлөөлнө. Хамгийн сүүл хэлэхэд бүсгүйчүүд минь өөртөө хайртай эрүүл байж эрүүл үр хүүхэдтэй болно гэж хэлье. Мөн Монголын үрс маш олон болох болтугай.
Д.Нэргүй
-Ярилцсанд баярлалаа.