8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн ордонд 1200 оюутан чууллаа

2016-11-18 10:02:11

Өнөөдөр олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Төрийн ордонд 1200 гаруй оюутан чуулж, ”Улсын хөгжилд оюутны хувь нэмэр” сэдвийн дор асуудлаа хэлэлцэж, шийдлээ тодорхойллоо.

Аль ч нийгэмд оюутнууд цаг үеийнхээ түүчээ, шинийг санаачлагч, хүчтэй давхарга байсаар ирсэн. Гэтэл манайд оюутнуудыг бэлэнчлэх сэтгэлгээтэй, гуйлга гуйсан, ажлын байрандаа тэнцдэггүй, халдварт өвчтэй зэрэг муу бүхний жишээ болгон ярьдаг болсоор удаж байна. Энэ ойлголтыг өөрчилж хариуцлагатай, эрүүл, мэдлэгтэй, ажилтай оюутан болох цаг болсон гэж оюутнууд үзэж байна. Оюутнууд 5 чадварыг эзэмшиж, нийгмийг түүчээлэх зорилго тавилаа.

Тэдний энэ зорилгыг Монголын оюутны холбоо, “Отгонбаяр” сангаас дэмжиж ажиллана. Мөн БСШУСЯ оюутнуудын сурах орчныг сайжруулах, нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгоход анхаарч ажиллана. Улсын хэмжээнд 100 гаруй их дээд сургуульд 120 мянга орчим оюутан суралцаж байна. Тэдний бараг 80 хувьд нь сургалтын төлбөр тулгамдсан асуудал болдог учир оюутны зээлийн хөтөлбөр чухал дэмжлэг болно гэж тооцжээ.

“Улсын хөгжилд оюутны хувь нэмэр” чуулганд оролцсон 1200 гаруй залуус чуулганы үеэр сонссон мэдсэнээ өөрийнхөө анги, тэнхим, сургуульдаа хүргэнэ. Ингэснээр оюутан залуусын дунд өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэх их давалгаа өрнөж, оюутнуудын оролцоо дээшилнэ гэж чуулганд оролцсон залуус шийдсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл