2012-2016 оны хугацаанд Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар Рио-2016 олимпийн наадмын үеэр тамирчин Г.Мандахнарангийн хүрэл медалийн төлөөх барилдааны шүүлтийг эсэргүүцэж, дэвжээн дээр хувцсаа тайлсны улмаас Монголын чөлөөт бөхийн холбоо болон Дэлхийн бөхийн холбооноос гурван жилийн хугацаанд дасгалжуулагчаар ажиллах эрхээ хасуулсан билээ. Тэгвэл Монголын чөлөөт бөхийн холбооноос нөгөөдөр өргөтгөсөн их хурлаа Төрийн ордонд хийх гэж буй бөгөөд уг хуралдаа дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарыг оролцуулахгүй гэж мэдэгджээ. Чөлөөт бөхийн холбооны энэхүү шийдвэрийг Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар эсэргүүцэж их хурал болох өдөр “Зулын гол” болно гэдгээ мэдэгдээд байна. Уг их хурлаас ирэх дөрвөн жилд холбоог удирдах ерөнхийлөгчийг сонгох аж. Ингээд уг асуудлаар дасгалжуулагч Б.Баяраатай холбогдож зарим зүйлийг тодрууллаа.
-Чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагааг эсэргүүцэж “Зулын гол” болно гэж мэдэгдсэн тань үнэн үү?. Энэ бол цочирдом мэдэгдэл. Та бүхэн үнэхээр шийдвэрээ гаргачихсан гэж үү?
-Монголын чөлөөт бөхийн их холбоо нь холбооны удирдах дээд байгууллага мөн гэж байгаа. Их хурлыг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулна гэж дүрэмд заасан байдаг. Гэтэл хамгийн сүүлд 2009 онд их хурал хуралдсан. Тодруулбал, 2009 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар дүрмээ баталсан. Энэ дүрмийг удирдах их хурлаар батална. Тэгвэл 2009 оноос хойш нэг ч удаа их хурлыг хийгээгүй байна. Тэгсэн мөртлөө 2013 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Монголын чөлөөт бөхийн холбооны шинэ дүрмийг баталчихсан. Их хурлаа хуралдуулаагүй байж дүрэм батална гэж байх уу. Энэ хууль зөрчсөн асуудал мөн үү мөн. Гишүүнчлэлтэй олон нийтийн төрийн бус байгууллага нь Удирдах дээд байгууллага мөн болно гэж манай дүрэмд заасан байдаг. Гэтэл энэ байгууллага маань Их хурал бус шийдвэрээр гишүүнчлэлгүй олон нийтийн байгууллага болчихсон. Тэгэнгүүтээ 2013 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр бүгд хурлаа хийчихсэн. Удирдах дээд байгууллагыг өөрчлөх их хурлаа хийгээгүй мөртлөө өөрсдөө шинэ дүрэм байгуулчихсан. Шинэ дүрэмдээ “Удирдах зөвлөл нь Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах дээд байгууллага болно” гээд заагаад өгчихсөн. Өөрсдөө дураараа шинэ дүрэм гаргаад ирсэн. Тэгээд Удирдах зөвлөл нь 11 хүнээс бүрдэнэ, даргыг гишүүдийн ердийн саналаар сонгоно гэж өөрчилсөн. Хурал хийгээгүй байж ердийн саналаар сонгоно гэсэн. Удирдах зөвлөлийн дарга нь Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч байна, ерөнхийлөгч нь орон тооны бус байж болно. Ерөнхийлөгчийн санал болгосноор хүндэт болон дэд ерөнхийлөгчийг сонгоно гэсэн байгаа. Эд нар ингэж өөрөө өөрсдийгөө албан тушаалд томилчихоод санхүүгийн болон бүх “но”-той ажлуудыг хувааж хийж байгаа. Дээрээс нь Монголын чөлөөт бөхийн олимпийн наадамд авсан хүрэл медалийг луйвраар дарлаа гэж эсэргүүцсэн бидний эсэргүүцлийг няцааж “Бид нар үүнийг хүлээн зөвшөөрч байна. Хоёр багшийн маань эрхийг гурван жилээр хасаад өгөөч ээ” гээд толгой бөхийлгөж байгаад 50 мянган швецарь франкийн торгуулийг өөр дээрээ авдаг хүмүүс байх уу. Тэгвэл бид үүний төлөө “Зулын гол болно” гээд эр хүн шиг гар, гараа барилцаад сууж байна.
-Та хоёрыг нөгөөдөр болох Чөлөөт бөхийн холбооны их хуралд оролцуулахгүй болсныг эсэргүүцэж ийнхүү тэмцэх гэж байна гэж ойлгож байгаа?
-Бид хоёр яах вэ. Бид хоёрын дэмжиж байгаа мянга, мянган тамирчин, дасгалжуулагчдын хэнийг нь ч энэ хуралд оролцуулахгүй гэж байна шүү дээ. Хурал нээлттэй болох ёстой. Өөрсдөө л өргөтгөсөн хуралдаан зарласан. Өргөтгөсөн хуралдаан бол олон нийтийг хамруулсан байх ёстой. Тэгсэн мөртлөө өөрсдөө хэвлэлээр ярилцлага өгөхдөө “Манайх нээлттэй. Бүгдээрээ ирцгээгээрэй. Бүртгүүлээрэй” гэж худлаа яриад байгаа. Тэгээд бид нарыг бүртгүүлэх гээд ирэнгүүт “Даргаас асууя. Юу ч гэсэн материалаа үлдээчих” гээд байна. Тэгсэн мөртлөө өөрсдийнхөө хүмүүсийн материалыг шууд хүлээж аваад бүртгэж байна. Сая тамирчид орж ирээд мандат авъя гэхэд мандат өгдөг хүн нь алга байна. Энэ асуудлын эсрэг бид хараад байж ядаж байгаа юм. Монгол хүн Монголынхоо медалийн төлөө тэмцсэнийхээ төлөө бид нар эрхээ хасуулсан. Д.Дагвадорж биднийг ямар нэгэн арга хэмжээнд орохыг хориглосон. Эд нар өөрсдөө анхнаасаа тэгш эрхтэй гэсэн уриалга гаргаад бүх хүмүүсийг урьж залаад хуралдаа оролцуулсан бол хэн ингэж шатъя, үхье гэх юм бэ. Хөлсөндөө түлэгдэж яваа тамирчин, дасгалжуулагчаа хүндэтгэхгүй байна шүү дээ.
-Тэмцлийн ийм хурц хэлбэрт шилжихээс өөр арга байхгүй гэж үү?
-Өөр бидэнд ямар арга байгаа юм. Бид одоо Чөлөөт бөхийн холбоон дээр байж байна. Чөлөөтийн бөхчүүдийн хуурамч визийг хийсэн ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх гэж хүн бидэнтэй уулзалгүй гараад явчихаж байна. Босч ирээд намайг багалзуурдах гэсэн. Тэгэхээр нь би овоодож ирээд “Чи ялтай учраас эндээс гар” гэж хэлсэн. Ингэж хэлсэн чинь “Чи намайг багалзуурдаж байна” гэж гүтгэсэн. Бидэнд хэн нь багалзуурдсан гэдгийг батлах бичлэг байгаа. Хэрвээ О.Баянмөнх өөрөө худал яривал энэ бичлэгийг тараана. Бид эрхээ хасуулаагүй Монгол улсын иргэн. Дэлхийн бөхийн холбооноос тэмцээн уралдаанд оролцох эрхээ хасуулсан болохоос биш хуралд оролцож, сонгох сонгогдох эрхээ хасуулсан хүмүүс биш шүү дээ. Миний эрхийг хассан учраас би хуулийн байгууллагад хандаж эд нарыг шалгуулахаар өгсөн байгаа. Хуулийн байгууллага л намайг хамгаална. Өөр биднийг хамгаалах байгууллага алга.
-Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд та хоёрыг хүлээж авч уулзах шинж байна уу?
-Бид хүлээнэ. Бид нар ямар нэгэн бүдүүлэг авир гарахгүй. Албан ёсоор шаардлагаа тавина.
-Спортын ордонд бус Төрийн ордонд хуралдах гэж байгаа болохоор та бүхэн мөн эсэргүүцээд байгаа юм уу?
-Төрийн ордонд ямар хүмүүс ордог билээ. Өөрсдийнхөө бүртгэсэн хүмүүсийг л оруулна биз дээ. Олон нийтийн хурлыг Төрийн ордонд хийдэг уламжлал байдаг юм уу. Монгол улс чинь хөгжөөд маш олон хурлын заалтай болчихсон шүү дээ.
Т.Энхэлээ