Өнгөрсөн долоо хоногт нэг ам.доллар “Хурдаа” авч хоёрхон цагийн дотор 120 төгрөгөөр нэмэгдэж нэг ам.доллар 2650 төгрөгтэй тэнцсэн юм. Ам.долларыг дагаж бусад валютын ханш ч нэмэгдсэн. Тодруулбал Юаны ханш 32 төгрөгөөр нэмэгдэж 382 төгрөгт хүрсэн. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 30-32 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэмэтчилэн ам.доллар төдийгүй бусад гадаад валют тодорхой хэмжээгээр нэмэгдсэн нь иргэдийн амьдралд их, бага хэмжээгээр нөлөөлнө. Учир нь манай улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг импортоор оруулж ирдэг. Тиймээс бид иргэд болон худалдаа үйлчилгээ эрхлэгчид ам.долларын ханшийн өсөлтийн талаар ямар байр суурьтай байгааг сонирхлоо. Тэд ийнхүү ярьсан юм.
Иргэдийн байр суурь:
Сүхбаатар дүүргийн иргэн Ц.Наранжаргал:
-Ганц ам.доллар гэлтгүй Юаны ханш өнгөрсөн долоо хоногт нэлээд өссөн. Үүнээс үүдэн өргөн хэрэглээний бүх барааны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдлээ. Энэ нь иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө гэж бодож байна. Өнөөдөр манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн дундаж цалин хэд билээ. Бараа, бүтээгдэхүүний үнэ өсвөл авдаг цалин мөнгө амьдралд хүрэлцэхгүй шүү дээ. Тиймээс цаашид валютын ханшийг тогтвортой барих цогц бодлого шаардлагатай. Засгийн газар үүнийг мэдэж байгаа хэрнээ гаднаас их хэмжээний зээл авч асуудлыг шийдэх гэж байгаа нь буруу л гэж бодож байна. Үүний оронд дотооддоо байгаа нөөц бололцоогоо ашигласан дээр байх.
Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны иргэн Г.Чогдон:
-2016 оны сонгуулийн үеэр МАН-ын нөхдүүд юу гэж амлаж байсан билээ. Ам.долларын ханшийг тогтвортой барина гэсэн. Гэтэл өнөөдөр энэ амлалт хаачив. Тогтвортой барих бүү хэл манай улсын түүхэнд байгаагүйгээр өнгөрсөн долоо хоногт ам.долларын ханш нэмэгдлээ. Би хувиараа бизнес эрхэлдэг хүн. Гадаад валютын ханшийн тогтворгүй байдал бидэнд төдийгүй иргэдийн амьдралд хүнд тусч байна. Миний хувьд ам.долларын ханшийг тогтвортой барихын тулд дотооддоо гадаад валютаар худалдаа, үйлчилгээ хийхгүй байх хэрэгтэй. Зөвхөн төгрөгөөр хийж байх ёстой гэж бодож явдаг. Дотооддоо худалдаа үйлчилгээ хийж байгаа хүмүүс ам.долларын ханшийг зохиомлоор өсгөдөг болов уу гэж бодож байна. Харин гадаад худалдаанд валютыг ашиглах нь зүйтэй. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг авах нь чухал. Засгийн газар валютын ханшийг барих ямар арга хэмжээ авч түүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэдний хийх ажил шүү дээ.
-Баянгол дүүргийн иргэн Ч.Амгаланбаатар:
-Валютын ханшийн өсөлт хэрээс хэтэрч байна. Хэдхэн цагийн дотор хурдацтайгаар 100 гаруй төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ. Энэ хэрээр төгрөгийн ханш суларч үндэсний мөнгөн тэмдэгт “цаас” болж үнэгүйдэж байна. Монголын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг унагаж байгаа гол зүйл нь ам.долларын ханшийн өсөлт шүү дээ. Тиймээс ам.доллараар зээл өгөхөө банкууд зогсоох хэрэгтэй. Ингэж байж л төгрөг чангарч, ханш нь тогтвортой болох байх гэж бодож байна.
Иргэн Д.Туяа:
-Ам.долларын ханшийн өсөлт замбараагаа алдсан. Засгийн газар юу хийгээд байгаа юм бол. Энгийн иргэд ойлгохгүй их хэмжээний тоо ярихаас өөр тэд юу хийсэн юм бэ. Засгийн газар иргэдийн амьдралд хэрэгтэй, нэмэр болохуйц нэг ч зүйл хийсэнгүй. Энэ ханшийн өсөлтөөс болоод бидний ахуй амьдрал өдрөөс өдөрт муудаж хоногийн хоолтой байх эсэх нь эргэлзээтэй байдалд хүрээд байна.
Худалдаа эрхлэгчдийн байр суурь:
Түрээслэгч Ч.Гансүх:
-Би арав гаруй жил “Бөмбөгөр” худалдааны төв дээр лангуу түрээсэлж байна. Энэ жилийн хувьд иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан нь харагдаж байна. Арга ч үгүй биздээ сонгууль өнгөрснөөс хойш хоёр удаа ам.долларын ханш өслөө. Наймдугаар сард нэг өдрийн дотор нэг ам.доллар 40 төгрөгөөр нэмэгдэж байсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн хувьд хэдхэн цагийн дотор 100 гаруй төгрөгөөр нэмэгдлээ. Энэ одоо юу гэсэн үг вэ. Засгийн газар ам.долларын нөөц багассан, хямарлаа, хасна, танан, хэмнэн гэж хэлээс өөр юу ч хийхгүй байна.
Бөмбөгөр худалдааны төвд худалдаа эрхлэгч Б.Ананд:
-Ам.долларын ханшийн өсөлт юм юманд л нөлөөллөө. Наад зах нь дэлгүүрт ороход бараа, бүтээгдэхүүний үнэ хамгийн багадаа 50 төгрөгөөр нэмэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт манай хүү Солонгос явах нэлээд хэцүүдсэн дээ. Банкинд ороод дугаарлаж байхад л ам.долларын ханш нэмэгдэж байсан. Үүнийг дагаад бүх гадаад валют нэмэгдсэн. Би бэлэн хувцасны лангуу түрээсэлж өдрийн хоолоо залгуулж байна. Таван жил болж байна. Эдийн засгийн хямрал дундаж амьдралтай бидэнд маш их нөлөөлж байна.
Түрээслэгч Н.Амраа:
-Би нэг жил гаруйн өмнөөс гоо сайхны лангуу түрээсэлж эхэлсэн. Юаны ханш өссөн нь бидэн шиг худалдаа үйлчилгээ эрхлэгчиддэд үнэхээр хүндрэлтэй байна. Яагаад гэвэл Юаны ханш өссөн болохоор бидний урдаас татдаг барааны үнэ дагаад тодорхой хэмжээгээр өссөн. Үүний жишгээр бид барааны үнэ нэмнэ. Гэтэл иргэд саяхан нь өөр үнээр зарж байсан өнөөдөр яагаад үнэ нь нэмэгдчих вэ гэж асуудаг. Иргэдийн худалдан авалт маш буурсан. Үнийн асуугаад л өнгөрдөг болсон.
“Алтжин” бөмбөгөр худалдааны төвд гоо сайхны лангуу түрээслэгч Д.Дулмаа:
-Би дөрвөн жил лангуу түрээсэлж байна. Валютын ханш ингэж гэнэт өсөөд байвал наймаа эрхлэх ямар ч боломжгүй болж байна. Энэ жилээс худалдан авагч эрс цөөрсөн. Ер нь байхгүй болсон гэж хэлж болно. Тиймээс эрх барьж байгаа хүмүүс валютын ханшийг тогтвортой байлгах, барих тал дээр анхаарч ажлаасай гэж хэлмээр байна. Манай худалдааны төвийн ихэнх лангуу хоосорсон. Түрээслэгчид нь бараагаа авсан ханшнаасаа доогуур өгч үндсэн үнэ яаж гаргаж авах вэ гээд сууж байна. Зарим нь үндсэн үнээ ч гаргаж чадахгүйд хүрч байна. Бид тээврийн зардал, гаалийн татвар, эрүүл ахуйн шинжилгээний үнэ өртөг төлж байж бараа, бүтээгдэхүүнээ авч ирдэг. Гэтэл энэ бүгдийг төлж яаж өөрсөддөө ашиг унагаах билээ. Байдал үнэндээ хэцүү байна.
Эдгээр хүмүүсийн ярианаас үзэхэд ам.доллар болон валютын өсөлт иргэдийн амьдралд хүндээр тусч байгаа нь илт байв. Арга ч үгүй биз дээ ам.долларын ханш цаашид хязгааргүй өсөх нь гэх айдас иргэд төдийгүй, бизнес эрхлэгчдийн дунд байсаар л...