Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхантай ярилцлаа.
Төрийн банкны Ерөнхий захирлаар томилогдоод сар гаруйн хугацаа өнгөрлөө. Төрийн банкны системдээ эзэлж буй байр суурийн талаар ярилцлагаа эхэлбэл ямар вэ?
Төрийн банк нь Монгол Улсад банк, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор 2009 онд Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан байдаг. Харин 2013 оны долдугаар сард Хадгаламж банктай нэгдснээр санхүүгийн системийн ач холбогдол бүхий томоохон банкны нэг болтлоо өргөжсөн түүхтэй. 2016 оны III улирлын байдлаар Төрийн банкны нийт актив хоёр их наяд хүрч, системийнхээ хэмжээнд тав дахь том банк болоод байна. Манай банк санхүүгийн үйлчилгээг улс орныхоо өнцөг булан бүрт хүргэн ажиллаж байгаа бөгөөд өнөөгийн байдлаар харилцагчдын тоо 2.7 саяд хүрлээ. Салбар нэгжийн тоо 502 хүрч тэдгээрт 3749 хүн ажиллаж байна.
Манайх бусад арилжааны банкуудтайгаа адил хэмжээнд зах зээлд өрсөлдөн ашгаа нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Үүний дээр Засгийн газраас хэрэгжүүлж буй аливаа төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажилласаар ирсэн. Нөгөө талаар, банкны үйл ажиллагааны эрсдлийг хамгийн бага байлгах зорилгоор Монголбанк болон Сангийн яам, хувь нийлүүлэгчдээс тодорхой хязгаарлалт тавьдгаас ашигт ажиллагаа нь бусад банкуудтай харьцуулбал төдийлөн өндөр биш байдаг. Гэвч эрсдлийн түвшин хамгийн бага буюу нийт активт эзлэх чанаргүй зээлийн эзлэх хувь энэ оны III улирлын байдлаар 1.5 хувьтай гарсан. Нийт банкны системийн хэмжээнд чанаргүй зээл 4.1 хувьтай байгаа шүү дээ. Банкны нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ буюу зээлийн төвлөрөл өндөр байх нь банкинд эрсдэлтэй байдгийг өнгөрсөн хугацаанд төлбөрийн чадваргүй болсон хэд хэдэн банкны түүх бидэнд харуулсан. Зээлийн төвлөрлийн хувь банкны системд 387.1 хувь байхад манай банкинд хамгийн бага буюу 65.6 хувьтай л байдаг. Бид төрийн өмч, хадгаламж эзэмшигчид, харилцагчдынхаа хөрөнгийг аль болох эрсдэл багатай байдлаар зах зээлд байршуулахыг эрмэлзэж ирсэн. Цаашид ч ингэж ажиллах болно.
Төрийн банк хувь нийлүүлэгчид, ТУЗ болон Монголбанкаас өгөгдсөн үүрэг даалгавраа тогтмол чанартай биелүүлж ирсэн. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 20.2, төлбөрийн түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 34.9 хувьтай буюу хамгийн сайн үзүүлэлттэй ажиллаж байна.
Сүүлийн үед Төрийн банкны талаар нийгэмд санаатай болон санамсаргүй байдлаар ташаа мэдээлэл тараахыг оролдох боллоо. Гэсэн хэдий ч манай банкны харилцагч, үйлчлүүлэгчид бидний үйл ажиллагаанд итгэл үзүүлэн, банкны болон санхүүгийн бүхий л үйлчилгээг орон даяар манай банкаар дамжуулан авсаар байгаа. Банкны ойрын хугацааны зорилго жижиглэнгийн буюу retail зах зээлд чиглэх. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр явах нь хамгийн эрсдэл багатай гэдгийг эдийн засгийн тоон мэдээлэл баталсаар байна.
Төрийн банкийг тойрсон хууль бус томилгоо үргэлжилсээр байна. Цөөнгүй хүнийг ажлаас чөлөөлсөн тухай мэдээлэл гарсан. Энэ бүтцийн өөрчлөлт үү, хууль бус томилгоо юу. Энэ талаар та ямар тайлбар өгөх вэ?
Төрийн банкны 25 хувийг Сангийн яам, үлдсэн хувийг Хадгаламжийн Даатгалын Корпораци эзэмшдэг. Хувьцаа эзэмшигчид Төлөөлөн Удирдах Зөвлөлөөр дамжуулан банкны үйл ажиллагааг удирдан, чиглүүлж, ашигт ажиллагааг ханган, харилцагчдынхаа эрх ашгийг хамгаалдаг. 2013 онд Хадгаламж банкийг Төрийн банктай нийлүүлэх үед Сангийн яамнаас тухайн үеийн нийгэмд сөрөг мэдээлэл үүсгэхгүй байх, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах чиглэл өгсөн байдаг юм билээ. Чиглэлийн дагуу хоёр банкинд ажиллаж байсан боловсон хүчнээс нэг ч хүн халахгүйгээр нэгтгэсэн. Үүнээс болоод өнөөдөр бусад арилжааны банкинд нэг хүний хийдэг ажлыг манайд дор хаяж 1.5 хүн хийж байна. Энгийнээр тайлбарлабал, гурван хүн тутмын нэг нь ажил хийхгүй цалин авч байна гэсэн үг. Энэ нь өөрөө банкны үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлж, ашигт ажиллагаанд нөлөөлсөөр ирсэн. Гэтэл 2013 оноос хойш Монгол Улсын эдийн засаг ямар болов. Жилээс жилд банк байтугай өрх айлууд илүү зардлаа танаж байна шүү дээ. Энэ ч утгаараа манай удирдлагын багт ТУЗ-өөс банкны боловсон хүчний хэт нүсэр байдлыг оновчтойгоор шийдэх, ашигт ажил¬лагааг дээшлүүлэх нэн тэргүүний үүргийг өгсөн. ТУЗ-өөс өгсөн үүргийн дагуу бид юу хийсэн бэ гэвэл нөхцөл байдлыг бодитой үнэлэн, ажилчдаа чадавхижуулах үүднээс ур чадвар, мэргэжлийн түвшин тогтоох үйл ажиллагааг эхлүүлээд байна. Энэ мэдээж хүн болгонд таалагдахгүй байх. Ажлаа журмын дагуу хийдэг, мэргэжлийн чиг үүргээ хангалттай биелүүлж байгаа ажилтнуудыг бид халаагүй, халахгүй нь тодорхой. Дахин хэлэхэд хууль бусаар ямар ч хүнийг халаагүй гэдгийг энд хэлэх хэрэгтэй байх.
2017 оны улсын төсөвт Төрийн өмчит байгууллагуудыг хувьчлах төсөл явж байгаа, тэр дунд Төрийн банк орсон гэж албаны хүмүүс дурдсан. Энэ хэвээрээ улсын төсөв батлагдвал хувийн хэвшилд шилжих нь байна. Банкийг удирдаж яваа хүний хувьд танд мэдээлэл бий байх?
Төрийн банкийг хувьчлах асуудлыг өнгөрсөн жилээс ярьж эхэлсэн. Өнгөрсөн оны Төсвийн тухай хуульд Төрийн банкийг хувьчлах жагсаалтад оруулсан боловч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж хувьчлаагүй. Энэ жил ч мөн оруулсан гэсэн мэдээлэл авсан. Ямар хэлбэрээр явуулах, хэдэн хувийг нь хувьчлах, хувьчлалын ямар арга ашиглах, хэнд хувьчлах зэрэг асуудлыг Засгийн газар, Монголбанк гэх мэт мэргэжлийн байгууллагууд шийдэх байх. Харин манай багийн хувьд хувьчлах хүртэлх хугацаанд банкны ашигт ажиллагааг хангах, эрсдлийг хамгийн бага байлгах үүрэгтэй. Үүнээс гадна Төв банкнаас тогтоосон үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтүүдийг ханган ажиллаж, төрийн өмчийн үнэ цэнийг нэмэгдүүлэх учиртай. Бид дээрх үүргээ оновчтой, үр дүнтэй байдлаар шийдэхээр төлөвлөн ажиллаж байна.
Таны бодлоор Төр өөрөө банктай байх нь зөв үү, буруу юу?
Төр банктай байх эсэх нь тухайн улсын эдийн засаг, нийгмийн ерөнхий хөгжлөөс хамаарна. Мөн банк, санхүүгийн дэд бүтэц, аливаа бодлогыг хэрэгжүүлэх тогтолцоо баттай бий болсон эсэхээс ихээхэн хамааралтай гэж боддог. Манай улсын хувьд эдийн засаг, нийгмийн хувьд шилжилт одоо ч явагдаж байна. Хүн амын санхүүгийн боловсрол төдийлөн сайн бус, нийгмийн шинж чанартай бодлогыг хэрэгжүүлэхэд Засгийн газарт дэд бүтэц хэрэгтэй байгаа. Ийм нөхцөлд төрд өөрийн эзэмшлийн банк байхыг буруу гэж бодохгүй байна. Гэхдээ тухайн банк нь бусад арилжааны банкуудтай зах зээлд адил нөхцөлтэйгээр өрсөлдөж, харилцагчдаа татаж байгаа тохиолдолд асуудал үүсэх магадлалтай. Яагаад гэхээр Төр манай банкаар дамжуулан зах зээлд нөлөөлөх явдал гарч болох талтай юм. Гэвч нөгөө талдаа эдийн засгийн хөгжлийн ийм үе шатанд бүх зүйлийг хувийн болгох нь бас л эрсдэлтэй. Ямар эрсдэл гэхээр Төр эдийн засгийн зарим үйл ажиллагаанд хувийн хэвшлийн тогтоосон монополь байдлыг зогсоох боломжгүй болж, таагүй нөхцөлд орсон түүх байдаг. Ийм учраас манай улсад төрийн эзэмшлийн банкны хувь хэмжээ ямар байх, тэр нь системийн хэмжээнд хэр их ач холбогдолтой байхыг эдийн засгийн бодлого боловсруулж буй байгууллагууд тогтоох хэрэгтэй. Миний хувьд төрийн эзэмшлийн банк системийн хэмжээнд дундаж төвшинд оролцох нь зүйтэй болов уу. Хэт ач холбогдолтой байх нь зах зээлийн чөлөөт зарчмыг алдагдуулах муу талтай. Харин хэт жижиг байх нь бодлого хэрэгжүүлэх дэд бүтэцгүй болох сөрөг талтай болох эрсдэлтэй байгаа юм.
Саяхан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын хийсэн мэдэгдэлд “Нийгмийн даатгалынсангийн мөнгийг Төрийн банкнаас татна” гэсэн энэ ямар учиртай юм бэ?
2016 оны эхний хагас жилийн мэдээгээр Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийн зөвхөн 13.8 хувь нь Төрийн банкинд байршиж байна. Гэтэл нийгэмд болохоор манай банкинд Нийгмийн Даатгалын Сангийн хөрөнгийн дийлэнх хувь байршдаг гэх ташаа мэдээлэл байдаг. Тэр эх үүсвэрээ татвал Төрийн банк “хэцүүдэх” нь гэсэн үндэслэлгүй мэдээлэл байсаар байна. Хэдийгээр манай банкинд НДС-ийн хөрөнгө их хэмжээгээр байдаггүй ч, бид нийгмийн хариуцлагаа ухамсарлан, тэтгэврийн зээлээ өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлж ирсэн. Цаашид тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран ажиллаж байна. Харилцан үр ашигтай байдлыг хангах үүднээс манай банкинд байршуулж байгаа мөнгөн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийг ярилцаж байгаа.
Төрийн банкнаас яг хэдэн хүн тэтгэвэр, тэтгэмж авдаг юм бэ. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, хугацааг сунгах боломжтой юу?
2016 оны есдүгээр сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд тэтгэвэр авагчдын 43 хувь нь буюу 156 мянга гаруй хүн Төрийн банкаар дамжуулан тэтгэврээ авч байна. Би дээр хэлсэн, одоогийн байдлаар Төрийн банк өөрсдийн эх үүсвэрээр тэтгэврийн зээлийг олгоод явж байгаа. Тэтгэврийн зээл нь арилжааны банкны бусад зээлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад харьцангуй өгөөж багатай боловч бид Төрийн өмчит банк гэдэг утгаараа тэтгэврийн зээлийг олгож ирсэн. Цаашид ч олгох болно. Тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулахаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Төрийн банкны хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. 2016 оны эхний хагас жилийн мэдээгээр Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн 13.8 хувь нь Төрийн банкинд байршиж байгаа гэж түрүүн хэлсэн. Үүнийг нэмэгдүүлэх замаар Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжийг ажлын хэсэг судалж байна.
Санхүүгийн салбарын туршлагатай хүний хувьд ирэх оны Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн таамаглаж байна вэ?
Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2011 онд 17.3 хувьд хүрч байв. Үүнийг хэт хөөсөрсөн өсөлт байсан гэж эдийн засагчид дүгнэсэн байдаг. Энэхүү өсөлт эдийн засгийн бодит эрэлтээр байнга нөхөгдөж чадаагүйгээс жилээс жилд саарсан. Ингэж явсаар сүүлийн таван жилийн дундаж өсөлт 10.3 хувьд хүрсэн. 10.3 гэдэг чамлахаар үзүүлэлт биш шүү. Харин ч Монгол Улсын нийт үйлдвэрлэл нь эрэлттэйгээ ойртож бодит хөрсөнд очлоо гэж харж байгаа. Дэлхийн улс орнууд эдийн засгаа хэт халсан эсвэл хэт хөрсөн зиг-заг байдлаар явуулахыг хүсдэггүй. Үүний оронд жигд, бөгөөд хэвийн өсөлтийг хангах урт хугацааны бодлого хэрэгжүүлдэг. Ингэснээр иргэдийнхээ тогтвортой орлогыг ханган, амьжиргааны түвшинг баталгаажуулж чаддаг. Бид ч бас энэ л хандлагаар явах ёстой. Ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлт гарна гэж бодож байна. Мэдээж өнгөрсөн хугацааных шиг огцом бус жигд өсөлттэй байх боломжтой. Энэ боломжийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран урт хугацаанд аль аль талдаа үр ашигтай ажилласнаар бий болгох учиртай. Мөн төлбөрийн тэнцэлд эхний ээлжинд эерэг байдлаар нөлөөлөх замаар дотоодын эдийн засгийг аврах ажиллагаа явагдах байх гэж харж байна.
Банкны хувьд хамгийн эрсдэлтэй зүйл нь юу вэ?
Эрсдэл гэвэл олон зүйлийг ярьж болно. Эндээс зөвхөн нэг гол эрсдлийг онцлон хэлмээр байна. Юу гэвэл нэр хүндийн эрсдэл. Нэр хүндийн эрсдэл гэдэг хамгийн чухал нь шүү дээ. Банк санхүүгийн салбар өөрөө итгэлцэл дээр тогтдог. Хэн нэгний санаатай болон санамсаргүй байдлаар тараасан бодит бус мэдээлэл санхүүгийн салбарт маш их хохирол учруулах нь бий. Иргэд болон олон нийтийн мэдээллийн хэрэгсүүд санхүүгийн болоод банкны салбарын тухай мэдээллийг гаргаж тавихдаа хянуур хандах хэрэгтэй гэдгийг энд зориуд хэлэх хэрэгтэй байх.
З.БОЛД