Валют арилжааны Найман шарга, Ард зах дээр ам.долларын ханш огцом өсөөд байна.2016 оны арваннэгдүгээр сарын 10-ны өглөө буюу өчигдөр 11:00 цагийн байдлаар 2,476 төгрөг байсан валютын ханш 17:00 цагийн орчимд 2,590 төгрөгт хүрч даруй 114 төгрөгөөр өсжээ. Үүнээс болж томоохон арилжааны банкууд ам.доллар зарахаа түр зогсоогоод байна.
Энэ хэний "гавъяа" вэ?
Ам.долларын ханш өсөх шалтгаан нь эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт багассантай холбоотой. Ховор юмны үнэ үнэтэй байдаг. Тэгвэл ханшийн энэ өсөлтөд тухайн орны экспорт, импортын зөрүү, валютын нөөцөөс гадна зах зээл дээрх ХҮЛЭЭЛТ хамгийн чухал нөлөө үзүүлнэ.
Манай эрх баригчид зах зээлд АМ.ДОЛЛАР ӨСНӨ гэсэн хүлээлтийг сүүлийн үед эрчимтэй үүсгэж эхэллээ. Тухайлбал өнөөдөр УИХ-ын чуулганы үеэр гишүүн Д.Эрдэнэбат ам.долларын ханшийг "он гараад 3,000 төгрөгт хүрнэ" хэмээн хэлэв.
Энэ нь хүмүүст төгрөгөө ам.доллар болгож хадгалуулбал богино хугацаанд ашиг олж болох юм гэсэн сэдлийг төрүүлж болно.
Мөн өчигдөр Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат Сангийн сайд Б.Чойжилсүрэнд валютын хадгаламж, валютын зээлийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөх ямар боломж байгааг судалж, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж танилцуулахыг үүрэг болгов.
Уг үүрэг нь гадныхан богино хугацаанд ам.доллараа Монголоос татах нөхцлийг үүсгэсэн гэж таамаглаж байна.
Манай улс удирдлагатай хөвөгч ханшийн системтэй бөгөөд ийм үед эрх баригчид ханшийг хатуу тогтоох боломжгүй, зах зээлийнхээ замаар зохицуулагдаж явдаг гэсэн үг.
Энэ мэтээр төрийн өндөр дээд албан тушаалд ажиллаж буй хүмүүс зах зээлд хатуу хяналт тогтооно, ханш өснө гэсэн мэдээллийг замбараагүй цацаж байхаа зогсоох хэрэгтэй. Ийм бодлогогүй үг, үйлдэл өнөөдөр хэт мэдрэг валютын зах зээлд хүчтэй нөлөөлж байгаа гэж үзэж байна.
Үүнээс болж импортын бүтээгдэхүүн хэрэглэж буй иргэд, ам.долларын зээл авсан хэдэн ААН-үүд хохирч, валютын захад наймаа хийж ашиг ологчид түргэн баяжиж байгаа нь ХАРАМСАЛТАЙ!