Чин үнэнч хайрын бэлэг тэмдэг болсон У.Шекспирийн алдарт "Ромео Жульетта" жүжиг анх Монголын театрын тайзнаа 1966 онд тавигдаж байсан. Хүүхэд залуучуудын театрт С.Гэндэн найруулагчийн найруулгаар тайзны бүтээл болж Ромеод жүжигчин Ц.Готов, Жульеттад жүжигчин Б.Энхтуяа нар тоглож байжээ.Түүнээс хойш 30 жилийн дараа буюу 1996 онд Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа найруулагч Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болсон түүхтэй. Ромеод жүжигчин О.Гэрэлсүх, Г.Алтанбагана, Жульеттад жүжигчин И.Одончимэг, Г.Урнаа нар тоглож байсан юм. Ийн 19 жилийн дараа “Ромьео, Жульетта” дахин тайзнаа тоглогдох гэж байна. Жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Ромеод жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттад жүжигчин О.Дөлгөөн, бүжиг дэглээчээр СТА, бүжиг дэглээч, жүжигчин Г.Ган-Очир, хөгжмийн зохиолчлоор Б.Чинбат нар ажиллаж байгаа аж. Энэ удаагийн жүжигт Драмын театрын бүх залуу жүжигчид оролцон тоглосон гэдгээрээ онцлог болж байгаа ажээ. Энэ үеэр найруулагч Н.Наранбаатараас цөөн хэдэн асуултанд хариулт авлаа.
-19 жилийн өмнө тавигдаж байсан Ромео, Жулеттагаас энэ удаа тавигдаж байгаа нь ялгаа нь юу вэ?
-Аливаа уран бүтээлийг цоо шинээр хийх бол нэг асуудал. Ямар нэгэн жиших зүйрлэх зүйлгүй учраас нээрээ л ийм юм болов уу гэсэн ойлголтыг үзэгчдэд өгдөг. Харин нэг, хоёр, гурав дахиа үзэгчдийн хүртээл болох гэж байгаа уран бүтээлийг хийхэд их түвэгтэй. Яагаад вэ гэхээр 1996 онд одоогоос 20 жилийн өмнө “Ромео & Жульетта” жүжгийг үзэж байсан хүмүүс өнөөдөр жүжгийн тавилтуудыг жишиж, харьцуулах зүйл гарна. Ийм учраас манай баг их хүндрэлтэй ажиллалаа. Орчин цагт сонгодог уран бүтээлийг ямар хандлагаар, ямар өнцгөөр, ямар үзэмжээр үзэж байна вэ гэдэг нь хамгийн чухал. Тиймээс энэ удаад “Ромео & Жульетта” жүжгийг авангард, пост модерн урсгал чиглэлээр тавьж байгаа. Залуу уран бүтээлчид бид хөгжил дэвшил рүү алхмаар, дэлхий рүү ойртмоор, энэ жүжгээ өөрийн гэсэн өнгө төрхтэй болгомоор байна. Түүний төлөө л ажиллаж байгаа.
-Гол дүрүүд өмнөхөөсөө хэр өөрчлөгдсөн вэ. Орчин үетэйгээ хослуулсан уу?
-Орчин цагийн хүмүүсийн харилцаа, сэтгэлзүйн онцлог дээр тулгуурлаж өнөөдрийн үзэгч 20 жилийн өмнөх үзэгч гэдэг бол газар тэнгэр шиг ялгаатай. Өнөөдрийн залуучууд юуг илүү чухалчилж үзэж байна, юуг илүү үнэтэй гэж бодож байна, дэлхийтэй ойрхон болсон үед дахин давтаж уран бүтээл хийнэ гэдэг төвөгтэй. Гэвч бид нар энийг даван туулж чадна гэсэн сэтгэлээр хийж байгаа. Өмнөх Ромео, Жулеттагаас өөр ялгарах юм олон бий. Дүрүүдийн төлөв, зан характарын хувьд их олон зүйлийг өөрчилсөн. Жишээ нь 1996 онд тавигдсан Лорецо лам сүмийн номлогч байсан бол энэ удаагийн Лорецо лам бол илүү шинжлэх ухааны туршилт хайсан илүү их сод хүмүүсийн эгэл биш тийм зан ааштай хүмүүсээс л хүнийг түр зуур унтуулах хор гарна гэж бид нар тайлж байгаа. Тэрнээс биш номлог хүнээс хэр их хор гарахыг мэдэхгүй юм. Бид нар хуучин яриа, драм талруу байсан бол энэ удаа илүү их үйл хөдлөлийг оруулж байгаа.
-Жүжигчдийн сонголтийн хувьд залуу уран бүтээлчдийг их оролцуулсан байна?
-Жүжгийн гол дүрүүдэд залуу уран бүтээлчид тоглож байгаа. Энэ жүжгийг үзэгчдэд хүргэхийн төлөө залуу уран бүтээлчид ажиллаж байна. Тиймээс уг жүжгийн дараа залуу уран бүтээлчдийн ур чадвар дээшилнэ. Хэрвээ би биеийн амрыг бодсон бол туршлагатай уран бүтээлчдийн аваад тоглуулах боломж байсан.
Жульеттад тоглож буй жүжигчин О.Дөлгөөн:
-Өмнөх Жулеттануудаас энэ удаагийн Жулетта юугаараа онцлог вэ?
-Өмнөх Жулеттууд нь өөр цаг үеүүдэд өөр өөр хүн бүтээж байгаа боловч тоглож байгаа 14 настай гэнэн цайлган Жуллетта гэх охины дүр нь нэг. Онцлог нь найруулагчийн тавилт жүжгийн өнгө төрх бүх зүйл нь өмнө нь тавигдаж байсан Ромео, Жулеттагаас өөр байгаа.
-Энэ удаагийн жүжигт биеийн хэл буюу хөдөлгөөнийг оруулж байгаа гэсэн. Өөрийн чинь хувьд бэлтгэл ямар байгаа вэ?
Шинээр хийж байгаа учир өөрийн дотоод сэтгэл, гаднах биеийн үйлдлийг авцалдуулна гэдэг бол бэлтгэл сургуулилт, ажиллагаа их шаардаж байгаа. Жүжиг нээх дөхөж байна, тийм болохоор бэлтгэл сайн хангагдсан.
-Өөрийн тань хувьд хэд дэх драмын жүжиг вэ?
-Сонгодог уран бүтээл нь анхных. Харин жүжгийн хувьд “Мөрөөдлийн театрт” байхдаа дөрвөн ч тайзны уран бүтээлд тоглож байсан.