8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Майцэцэг: Амь насанд аюул хүрч болзошгүй тохиолдолд антибиотикийг хэрэглэнэ

2016-11-02 08:52:00

Манайд хоёр алхаад таарах нэг төрлийн үйлчилгээ үзүүлдэг газар олон бий. Ломбард, эмийн сан, эмэгтэйчүүдийн эмнэлэг гэх мэт. Үүнээс эмийн сангийн тухай тодруулж үзвэл орлого олдоггүй аптек байдаггүй гэхэд хилсдэхгүй. Ялангуяа гэр хороолол дунд байрлалтай эмийн сан 24 цагийн турш хүний хөлд дарагдаастай. Заримдаа үйлчлүүлэгчид бүр дугаарлаад зогсчихсон харагддаг. Тэр хүмүүс дунд эмийн жор бичгээ бариад зогсч байгаа хүн тун цөөн. Ууж заншсан, эсвэл хэн нэгнээс дам сайн гэж сонссон эмийнхээ нэрийг буруу, зөв хэлж авч байгаа дүр зурагтай та бид өдөр бүр таардаг гэхэд буруудахгүй болов уу. Эм, антибиотикийн зохистой хэрэглээний талаар  НЭМХ-ийн Эрүүл мэндийг дэмжих сургалт, судалгаа, арга зүйн төвийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэгтэй ярилцлаа.

-Эм, антибиотикийн зохистой хэрэглээ гэж юу вэ. Энэ хоёрын ялгаа. Ингэж асууны учир нь үүнийг иргэд нэг зүйл гэж ойлгоод хэрэглээд байдаг юм шиг санагддаг?

-Аливаа өвчин эмгэгийг эмчлэх, оношлох болон түүнээс урьдчилан сэргийлэх зориулалттай, эмчилгээний үр нөлөө нь судалгаагаар бүрэн нотлогдсон, орчин үеийн эмийн хэлбэрт оруулан тодорхой тун хэмжээгээр савласан бэлдмэлийг эм гэнэ. Эмийг хэрэглэхдээ тухайн цаг мөчид ямар өвнөөр өвдсөн, хавсарсан өвчлөл юу байна, хэдэн настай,  одоо хэрэглэж буй эм, бусад хорт зуршил зэргийг  тодруулах нь зүйтэй. Жирэмсэн болон хөхүүл эх, гурав хүртэлх бага насны хүүхэд, өндөр настнуудад хэрэглэж болдоггүй эм гэж байдаг. Эм хоол хүнстэй адил зүйл биш. Тухайн бие организимд тохирсон үйлчилгээ үзүүлдэг бодис гэж ойлгож болно. Харин антибиотик нь нянг устгадаг үйлчилгээтэй. Халдвар авсан, биемахбодид үрэвсэл үүсэх, халдвар тархах, энэ нь цаашид амь нас нь аюулд хүрч болзошгүй тохиолдолд антибиотикийг эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой. Заавал эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой гэдгийг сайтар ухамсарлах хэрэгтэй. Ийм л ялгаатай. Антибиотик  олон янз байдаг. Антибиотикоор эмчлэхийн тулд нянгийн антибиотикт мэдрэг чанарыг шинжилгээгээр тодруулсны дараа хэрэглэх нь зүйтэй.

Антибиотик нь нянг устгадаг үйлчилгээтэй. Халдвар авсан, биемахбодид үрэвсэл үүсэх, халдвар тархах, энэ нь цаашид амь насанд аюулд хүрч болзошгүй тохиолдолд антибиотикийг эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой. Заавал эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой гэдгийг сайтар ухамсарлах хэрэгтэй.

-Ямар үед антибиотик,  ямар үед эм авч хэрэглэвэл илүү зохистой вэ. Манайхан ханиад, томуу хүрсэн үед хамгийн эхэнд таарсан эмийн сангаасаа ороод эм аваад уучихдаг шүү дээ? 

-Эмийг хэрэглээнийхэн хувьд жоргүй олгох эм, жороор олгодог эм, эмнэлгийг нөхцөлд хэрэглэдэг эм гэж гурав ангилдаг.  Жоргүй олгодог эмийг эмийн сангаас авч хэрэглэж болно. Үүнд, аминдэм, сүүлийн үед хүмүүсийн нэрлэж заншснаар биологийн идэвхтэй бүтээгдэхүүн, халуун бууруулах эм зэрэг багтана. Иргэд ханиадыг хүндрүүлэхгүй гэдэг үүднээс антибиотикийг шууд авч хэрэглэдэг. Гэтэл ханиад нь нянгаар үүсгэгдээгүй, вирусаар үүсгэгдсэн байдаг. Энэ тохиолдолд ямар ч ашиггүйгээр тухайн антибиотик хүний биеийн дархлааг бууруулж, антибиотикт тэсвэртэй чанарыг үүсгэж байдаг. Манайхан эм сайн, өвчин эдгээдэг гэдэг эерэг талыг илүү мэддэг. Харин энэ эм одоо эсвэл цаашид биед ямар сөрөг нөлөө үзүүлэх үү,  эмэгтэйчүүд надаас төрөх үр хүүхдэд ямар гаж нөлөөтэй вэ гэдгийг төдийлөн сайн мэддэггүйгээс болж эмийг зохисгүй хэрэглэж байна. Тиймээс антибиотикийг заавал эмчийн жорын дагуу хэрэглэж хэвших шаардлагатай.

-Эм, антибиотикийн зохисгүй хэрэглээ гэж юу бэ. Үүнд нөлөөлөх хүчин зүйлс юу байна вэ?

Ханиад томуунаас гадна залуучуудын дунд бэлгийн замаар дамжих халдвараар өвдөхөөрөө антибиотикийг дур мэдэн   хэрэглэж байна.

-Нэн тэргүүнд иргэдийн эрүүл мэндийн боловсрол муу байна. Эмийн замбараагүй худалдаа ихэссэн. Эм оруулж ирж байгаа байгууллагууд бизнес болгож байна. Нэг жишээ дурдахад 8 сая хүн амтай Австри улсад байдаг эмийн сангийн тоо манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангийн тооноос цөөн байна. Энэ нь манай улсын хүн амын хувьд ихэдсэн буюу 2-3 дахин их эмийн үйлчилгээ авч байна гэсэн үг. Үүнийг дагаад эмийн зохисгүй хэрэглээ бий болоход нөлөөлж байна. Иргэд эм, эмийн сангийн үйлчилгээ ойртсон, хүртээмжтэй байна гэдэг талаас нь хараад зөв, энгийн үзэгдэл мэт хүлээж аваад байх шиг байна. Энэ нь нэг талаасаа өзвч нөгөө талаасаа буруу сөрөг үр дагавартай гэдгийг тэр бүр ойлгодоггүй.

-Ханиад, томуу туссан үед бидний хамгийн их түгээмэл авч хэрэглэдэг антибиотик юу байна вэ?

-Манайхан эрт дээр үеэс пенициллин, амоксацилин, ампициллин зэрэг нь антибиотикийг хамгийн түгээмэл хэрэглэж байна.  Эдгээр антибиотикийг хэрэглээд болохгүй бол дараа дараагийн антибиотикийг хэрэглэх жишээтэй. Уг нь ханиад, томууг антибиотикгүйгээр эмийн бус аргаар эмчлээд  дарагдахгүй байх тохиодолд эмчид үзүүлж дараагийн арга хэмжээ авах  ёстой. Аргагүй тохиолдол хатгаа аваад амь насанд аюул үүсэх хэмжээний үрэвсэл үүссэн бол антибиотикийг хэрэглэх хэрэгтэй. Ингэж хэрэглэхийг эмч шийднэ. Ханиад томуунаас гадна залуучуудын дунд бэлгийн замаар дамжих халдвараар өвдөхөөрөө антибиотикийг дур мэдэн   хэрэглэж байна.  АНУ-д судалгаагаар жил тутамд 2 сая хүн антибиотикт тэсвэртэй заг, хүйтэн өвчнөөр өвдөж,  23 мянган хүн  нас бардаг гэсэн мэдээлэл байна. Энэ үзэгдэл манайд байхгүй биш байгаа зүйл.

-Жирэмсэн үед антитибиотик хэрэглэж болохгүй гэж ярьдаг. Энэ нь урагт нөлөөлдөг гэдэг үүснээс сэргийлж байгаагийн нэг хэлбэр. Эм, антибиотикийн гаж нөлөө гэж юу вэ. Хэрхэн илэрдэг вэ?

Монгол Улсын эмийн сангийн стандартад 5000  хүнд нэг эмийн сан, эсвэл 500 метрт нэг эмийн сан байна гэж заасан байдаг.

-Жирэмсэний эхний гурван сард ургийн бүх эд, эрхтэн хөгжиж, бүрэлдэж байдаг. Энэ үед антибиотик хэрэглэх нь маш эрсдэлтэй. Антибиотик дотроо ялгаатай. Урагт гаж нөлөө үзүүлдэг, үзүүлдэггүй гэж байна. Амь насанд халтай үед антибиотик хэрэглэх тохиодолд байдаг. Гэхдээ үүнийг эмч шийддэг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Түүнээс гадна бага насны хүүхдүүдэд  левомицин, тетрациклин зэрэг антибиотикийг хэрэглэхгүй байх заалттай байдаг. Ихэнх антибиотик элэг, бөөрөнд сөрөг нөлөө үзүүлдэг. Эм, антибиотик нэг өвчнийг эмчилж эерөг нөлөө үзүүлж байлаа ч нөгөө талаас өөр эд, эрхтэнд сөрөг нөлөө үзүүлж байдаг. Жишээ нь  бөөрөнд, элгэнд маш их гаж нөлөө үзүүлдэг. Арьсан дээр харшил гарах, эмэнд харшил өгөх, мөөгөнцөртөх, урагт сөргөөр нөлөөлөх зэргээр илэрдэг.

-Эмийн үнэ, өртөг эмийн сан болгонд өөр өөр байдаг. Бидний хамгийн сайн мэддэг Амоксациллин гэхэд 800 төгрөгөөс дээш дөрвөн өөр үнэтэй байх жишээтэй. Энэ ямар учиртай юм бэ?

-Эмийн үнэ оруулж ирж байгаа байгууллага, үйлдвэрлэж буй үйлдвэртэй холбоотой.  Үнийг дагаж чанарын асуудал сөхөгдөнө. Эмийн үнийг улсаас тогтоож үйлдвэрийн үнээр борлуулах ёстой.

-Манай улсын хэмжээнд нийт хэчнээн эмийн сан үйл ажиллагаа явуулж байна вэ. Монгол Улсын стандартад Эмийн санд тавигдах нийтлэг шаардлагад юу гэж заасан байдаг вэ?   

-Хамгийн сүүлд буюу 2014 оны судалгаагаар улсын хэмжээнд нийт 1700 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулж байна гэсэн байдаг. Энэ тоо баримт өнөөдөр нэмэгдсэн. Монгол Улсын эмийн сангийн стандартад 5000  хүнд нэг эмийн сан, эсвэл 500 метрт нэг эмийн сан байна гэж заасан байдаг. Гэтэл  Австри улсад өрхийн эмнэлгээс хамгийн ойр буюу 500 метрийн зайд эмийн сан байна гэж заасан байна. Манайд энэ байдал ямар байна вэ гэхээр төвлөрсөн хороололд 500 метрийн дотор 4-5 эмийн сан байх жишээтэй. “Бөмбөгөр” худалдааны төвийн ойр орчим эм хангамжийн гудамж бий болсон байна. Нэг хаалгаар ороход хэд хэдэн эмийн сан байж байна. Нэгээс хоёр эм дагнаж зардаг компани ч байна. Бид  аль эм сайн  гэдгийг яаж мэдэх вэ. Эмнээс илүү бидний эрүүл байлгах, эрүүл байхад урьдчилан сэргийлж чадах хүчин зүйлс олон бий. Эрүүл агаар, нар салхи, хоол хүнс, хөдөлгөөн, амьдралын зөв хэвшил зэрэг иргэд биднээс шалтгаалах зүйл олон. Эмийн сангийн хувьд хүн амдаа тохирсон эмийн сан байх ёстой.

-Эмийн зохисгүй хэрэглээг буруулахын тулд хувь иргэн би хэрхэн сэргийлэх вэ. Үүнд хяналт тавидаг, шийдвэр гаргах шатны байгууллагууд хэрхэн анхаарах шаардлагатай вэ?

-Иргэн хүн эрүүл мэндийн талаар тодорхой мэдээлэл, мэдлэгтэй байх ёстой нэн тэргүүнд. Та өвдлөө гэхэд эмийн санд биш хамгийн түрүүнд эмчид ханд. Эмчийн бичиж өгсөн жорыг, эмийн зааврыг сайтар уншиж танилц, энэ эмийн гаж нөлөө надад илрэх үү зэрэг мэдээлэлтэй байх ёстой. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр эмийн сурталчилгаа их гарч байгаа нь нөлөөлөхөд хүрч байна. Төрийн байгууллагын зүгээс гэвэл эмийн хэрэглээг хянах ёстой.  Үйлчлүүлэгчдийн эрх ашиг, аюулгүй байдал хаана ч зөрчигдөх ёсгүй.

Д.Нэргүй

-Ярилцсанд баярлалаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
ЗӨВ ШҮҮ
2016/11/02 103.57.93.177
зочин
Emch uzleg hiigeed l 20000 tegeed tiim em zaawal ter aptekd bga gd l buun suljee biznes
2016/11/02 112.72.3.175
  • Recent
  • Most Read
  • Most Comment