Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр СХД-ийн эрүүл мэндийн төвийн дарга Хажидмааг Төсвийн мөнгө шамшигдуулсан талаар шуугисан билээ. 71 сая төгрөгийг үйлдвэрчний эвлэлийн холбооны дансаар баримтгүй гаргасан гэх энэ асуудлаар өнөөдөр эмч, ажилтнууд хэвлэлийн бага хурал зарлан мэдээлэл өглөө.
Тус төвийн эмч ажилчид 60 жилийн ойдоо зориулан хандив нэрээр ажилтнуудын цалингаас 24 сая төгрөгийг бэлэн бусаар суутган, үйлдвэрчний эвлэлийн нэр дээр шилжүүлэн ой тэмдэглэсэн, 71 сая төгрөгийг завшсан гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргажээ. Үйлдвэрчний эвлэл бол ажилтнуудын сайн дурын байгууллага, түүний үйл ажиллагаанд дарга, удирдлагууд оролцох эрхгүй гэж мэдээллийн эхэнд мэдэгдлээ.
60 жилийн ойн баярыг тэмдэглэх санаачилга ахмадуудаас гарч, ажилтнууд гарын үсэг зуран сайн дурын үндсэн дээр 1-3 өдрийн цалингаа хандивлаж, үйл ажиллагаанд зарцуулсан гэж үйлдвэрчний хорооны дарга нь хэлж байгаа юм. Түүнчлэн байгууллагын данс тооцоо шилэн дансаар урсаж байгаа учраас хяналт тавихад хүндрэл байхгүй. Нөгөө талд жил бүр аудит, АТГ-аас шалгалт явуулж, эрүүл мэндийн төвийн даргын үйл ажиллагааг зөрчил дутагдалгүй гэж дүгнэжээ. Ингэхээр энэ асуудал нь эмч, ажилтнууд, 300 гаруй мянган хүнд үйлчилдэг эрүүл мэндийн төвийн нэр хүндэд халдсан үйлдэл гэж мэдэгдсэн юм.