Хөнгөвчлөх эмчилгээ үйлчилгээ гэж юу вэ. Хөнгөвчлөх эмчилгээ үйлчилгээ нь 1940-өөд оноос үүсч хөгжсөн байна. Харин 1956 оноос Анагаах ухааны бие даасан салбар болон хөгжсөн ирсэн бөгөөд Монголд хөнгөвчлөх эмчилгээ анх 2000 онд нээгдэж байсан аж. Энэхүү тусламж үйлчилгээний чин зорилго нь хүнд өвчтэй хүнийг амьдралынх нь сүүлчийн мөч хүртэл нь бие болон сэтгэл санааны зовлон шаналалгүй амар тайван байлгахад оршдог. Бид хөнгөвчлөх эмчилгээний талаар болон хорт хавдарын талаар ХСҮТ-ийн ЭЭЯТТ-ийн их эмч С.Удвалтай ярилцлаа.
Хавдар судлалын үндэсний төвийн хөнгөвчлөх эмчилгээний тасаг хэзээ байгуулагдсан бэ, хэдэн хүн тасагт хэвтэж эмчлүүлдэг вэ?
- Хавдар судлалын үндэсний төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасаг нь анх 2000 онд 10 ортой, 2 эмч, 5 сувилагчтай үйл ажиллагаагаа нээж үнэ төлбөргүй тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд одоо тус тасаг нь 18 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Хөнгөвчлөх эмчилгээний амбулатори нь өдөрт 18-20 хүнд үзлэг оношлогоо хийж, зөвлөгөө өгдөг. Амбулаториор үзүүлж буй үйлчлүүлэгчдийг шаардлагатай тохиолдолд хөнгөвчлөх эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлдэг. Хөнгөвчлөх эмчилгээний тасаг нь 2016 оны эхний 9 сарын байдлаар 809 хүнийг хэвтүүлэн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
-Хөнгөвчлөх эмчилгээ гэдгийг хорт хавдарын эцсийн шатандаа орсон хүмүүст хийдэг эмчилгээ гэж ойлгодог.Тэгвэл хөнгөвчлөх эмчилгээ гэж юуг хэлэх вэ, ямар эмчилгээ хийдэг вэ?
-Хөнгөвчлөх эмчилгээ гэдэг нь зөвхөн хавдрын үед ч биш бусад төрлийн архаг хууч өвчтэй хүний зовиур шаналгааг арилгаж, өвчтөн ба түүний ар гэрийхэний сэтгэл зүй болон нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлж, өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлэхийг хэлдэг. Хавдрын хөнгөвчлөх эмчилгээ гэхээр хорт хавдартай өвчтөнд илэрч байгаа шинж тэмдэг өвдөлтийг багасгах, арилгах зорилготой эмчилгээ юм.
-Хөнгөвчлөх тасгийн эмч, сувилагчдын явуулж байгаа эмчилгээ бусад эмч нараас өөр ялгаатай юм байна. Энэ тасагт ажиллаж байгаа эмч, сувилагч бүгд энэ чиглэлээр сурч төгссөн мэргэжилтэнүүд байгаа юу?
-Хөнгөвчлөх эмчилгээний тасагт Хөнгөвчлөх эмчилгээний эмч, сувилагч гэсэн нарийн мэргэжлээр төгссөн дадлага туршлагатай хүмүүс ажилладаг. Тухайн өвчтөнтэй нийгэм сэтгэл зүй болон тухайн хүний биеийн байдалд нь тохирсон эмчилгээ, сувилгаа, асаргаа хийж, туслалцаа үзүүлдэг. Ер нь бүрэн цогц үйлчилгээ үзүүлэхийг хичээдэг дээ. Тухайн хүнийг сэтгэл зүйгээр дэмжихгүй зөвхөн эм тариа хэрэглээд байвал үр дүн гарахгүй. Удаан өвдсөн хүмүүс сэтгэл зүйн хямралд орсон байдаг. Манай эмнэлэгт сэтгэл зүйч, нийгмийн ажилтан бүгд хамтран ажиллаж өвчтөнд тусламж үзүүлдэг.
-Хүнд өвчин туссан, эцсийн шатандаа орсон эмчилгээгүй болсон хүмүүстэй ар гэрийнхэн нь хэрхэн харьцах ёстой вэ?
-Урт удаан амьдрах боломжгүй, эмчилгээгүй болсон хүнд өвчтөнтэй харьцахдаа түүнийг сайн ойлгох хэрэгтэй. Удаан хугацаанд өвдөж шаналсан учраас уур уцаартай болох, наад зах нь “эм уу” гэхээр уухгүй аашлах, эсвэл дураараа эм тариа хэрэглэх явдал олон тохиолддог үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Манай эмнэлэгт тухайн өвчтөн болон ар гэртэй нь уулзаж, зөвлөгөө өгдөг сэтгэл зүйч байдаг. Хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн бүрт үзүүлж буй үйлчилгээ нь тэдний төлөө байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Зарим хүмүүс нэгэнт эмчилгээгүй юм чинь гэртээ байж байя гэж хэлдэг. Харин бид нарын зүгээс аль болох өвтгөхгүй, зовлон шаналалгүй тайван байлгахыг ар гэрт нь зөвлөж, эмчилгээ бичиж өгдөг.
-Хөнгөвчлөх эмчилгээний тасаг зөвхөн эмчилгээ хийхээс гадна хүний сүсэг бишрэлд анхаарал хандуулдаг гэж сонссон?
-Манай эмнэлэгтэй Жавзандамба хутагт төв хамтарч ажилладаг. Тус төв нь 14 хоногт нэг удаа ирж, ном хурах, өвчтөнүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Тухайн өвчтөн эсвэл ар гэрээсээ лам авчирч ном уншуулж болно. Ер ньБурханы болон Христийн шашин шүтдэг хүмүүст зориулан тусгай орон зайг бэлдэж өгсөн.
-Хөнгөвчлөх эмчилгээг хүмүүс хэр сайн ойлгодог вэ, Ихэвчлэн хүмүүс буруу ойлгож хэвтэх дургүй байдаг юм шиг санагдсан?
- ХСҮТ-ийн Хөнгөвчлөх эмчилгээний тасагт хүмүүс их ам сайтай байдаг шүү. Хэвтэж байсан өвчтөнгүүд эмчилгээ үйлчилгээ сайтай гэж магтдаг. Дахиж хэвтэж эмчилгээ хийлгэх их сонирхолтой байдаг. Өмнө нь хөнгөвчлөх эмчилгээг төдийлөн сайн ойлгодоггүй, дэмждэггүй байсан. 2009 онд ЭМ-ын сайдын тушаалаар батлагдсан журам байдаг. Тухайн журам дээр бүх аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт 5-6 ортой Хөнгөвчлөх эмчилгээний тасаг ажиллах ёстой гээд заасан боловч санхүүжилтийн асуудлыг шийдээгүй байсан. 2015 оноос Хөнгөвчлөх эмчилгээ нь эрүүл мэндийн даатгалаас санхүүждэг болсон учраас 21 аймаг, 9 дүүргийн Нэгдсэн эмнэлэгүүдэд Хөнгөвчлөх эмчилгээний тасаг байгуулж, улсаас санхүүжих бүрэн боломжтой болсон. “Итгэл-Хавдаргүй Монгол” сангаас бүх аймаг, дүүргүүдийн Хөнгөвчлөх эмчилгээний тасгийг тохижуулж өгч бидний ажилд их тус нэмэр болсон. Хөнгөвчлөх эмчилгээг аймгууд сайн ажиллуулж байгаа харин дүүргүүд төдийлөн сайн ажиллуулахгүй байгаа. Ямар шалтгааны улмаас ажиллуулахгүй байгаа гэдгийг бид нар мэдэхгүй байна. Хөнгөвчлөх эмчилгээ өөрөө маш өндөр зардалтай, хэрэглэж байгаа эм тариа маш өндөр үнэтэй. Мэдээж даатгалаас орж ирж байгаа мөнгө бүх зардалыг нь хангаж чадахгүй учраас эмнэлгүүдэд зардал мөнгөний асуудал тулгарч байгаа байх. Гэхдээ хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад Хөнгөвчлөх эмчилгээний тасаг болон Хувийн хоспис эмнэлгүүд олон болж манай эмнэлгийн ачаалалыг бага ч гэсэн бууруулж өгч байгаа.
-Хөнгөвчлөх эмчилгээний ангиар суралцаж төгссөн мэргэжилтэнүүд их байдаг юм байна лээ. Харин энэ чиглэлээр ажиллах сонирхолтой хүн хэр олон байдаг вэ?
- 6 сарын хугацаатай Хөнгөвчлөх эмчилгээний нарийн мэргэжлийн сургалтанд олон эмч нар сурч төгсдөг. Харин яг энэ чиглэлээр ажиллах сонирхолтой хүн байна уу гэдэг нь бас сонин. Дандаа хүнд хүмүүстэй ажиллах сонирхолтой хүн бас цөөхөн. Яг энэ чиглэлээр төгссөн хүн олон ч ажиллах хүч бага байна.
-ДЭМБ-аас судалгаа гаргадаг гэсэн. Одоо ямар төрлийн хавдараар хүмүүс илүү их өвчилж байна. Үүнээс хэрхэн яаж урьдчилан сэргийлэх вэ?
-Монгол улсад 2015 онд 5777 хорт хавдрын шинэ тохиолдол оношлогдсоны 5562 тохиолдол нь хорт хавдрын ангилалаар ангилагддаг хорт хавдар бүртгэгдсэн мэдээ баримт байна. Ер нь манайх сүүлийн үед элэгний хорт хавдраар тэргүүн эгнээнд бичигдэж байна. 2015 онд Элэгний хорт хавдраар 2176 хүн шинээр өвчилсөн нь нийт хорт хавдрын 39.1 хувийг эзэлж байна. Элэгний хавдар ихэссэн учраас 2015 оноос Элэгний хавдрын эрт илрүүлэг хөтөлбөр улс орон даяар явагдаад эхэлсэн. Тэгэхээр хамгийн түрүүнд Элэгний B, C вирус, делта вирус шинжилгээ өгөх хэрэгтэй. Элэгний хавдрын үүсгэгч нь элэгний B, C, делта вирус болон архины хэрэглээ байдаг. Эдгээр вирус удаан хугацаанд хүний биед өндөр идэвхитэй байхаар элэгний хатуурал болно. Тэр нь цаашлаад хавдрын шат руу шилждэг. Одоо элэгний хатуурал, элэгний в, с вирустэй хүмүүс маш их байна.Өвчлөлийн байдал өмнөх үетэй харьцуулахад нэмэгдэж байна. Хавдарын эсрэг үндэсний аян орон даяар өрнөж байгаа учраас илрүүлэлт мөн нэмэгдэж байна.