8o
Улаанбаатар хот
mobile menu

Олны танил эрхмүүд хавдар өвчнийг хэрхэн даван туулсан туршлагаасаа хуваалцлаа

2016-10-16 14:30:00

Хавдар судлалын үндэсний төвд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хавдрыг даван туулагчдын талархлын баяр” боллоо. Өдгөө зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү баярт хавдрын өвчнийг өөрсдийн сэтгэлийн тэнхээ, зориг тэвчээрээр ялан дийлж чадсан хүмүүс хуран чуулдаг уламжлалтай. Энэ дагуу олон зуун хүн энэ баярт хүрэлцэн ирж бусаддаа сэтгэлийн дэмж өгөв. Манай улсын хэмжээнд жил тутам 3500 орчим хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа гэсэн стастистик тоо бий. Эдгээрээс зонхилон тохиолдож буй хорт хавдарт элэг 39,2 хувь, ходоод 14,7 хувь, улаан хоолой 7,6 хувь, уушги 7,3 хувь, умайн хүзүү 7,5 хувь, хөх 2,2 хувийг эзэлж байгаа юм байна. Мөн хавдрын өвчлөл нь хүн амын нас баралтын шалтгааны хоёрдугаарт бичигдэх болсон тул уг өвчнөөр шаналж буй хэн бүхэнд энэхүү арга хэмжээгээр дамжуулан сэтгэлийн дэм өгөхийг зорьж байгаа хэмээн ХСҮТ-ийн захирал Л.Төмөрбаатар хэлсэн юм. Тэрбээр "1500 гаруй хүн хавдараар өвчлөөд эмчлүүлж байна. Харин эдгэрсэн нь үүнээс олон" гэж энэ үеэр хэлж байлаа. 

Уг арга хэмжээний үеэр хавдараар өвчлөөд эдгэрсэн олны танил хүмүүс ч мөн ирсэн байлаа. Тэднээс сэтгэгдлийг нь сонслоо.

 

МУГЖ тогдгор Д.Галсантогтох: Би найман жилийн өмнө гэрээслэл бичиж байсан ч сайн эмч нарын ачаар хөл дээрээ боссон

 

- Одоогоос найман жилийн өмнө ходоодны хорт хавдараар өвчилж хагалгаанд орж байлаа. Хагалгаанд орохдоо би гэрээслэл бичиж үлдээж байсан. Уг гэрээслэлдээ “ Би өндөр настай хүн. Энэ хагалгааг давж чадахгүй ч байж мэднэ” гээд гэрээслэл бичиж дэрэн доороо хийчихээд хагалгаанд орж байв. Алтан гартай эмч нарын ачаар би найман жилийг ардаа орхижээ. Надтай хамт 11 хүн хагалгаанд орсон байдаг. Тэд нар маань 5 жил болоод л бурханы оронд явсан байна. 1970 аад оны үед Цэргийн төв эмнэлгийн дэргэд цацраг туяаны эмчилгээ хийдэг байсан. Тэнд 20 хүрэхгүй хүн хорт хавдар өвчнийг эмчлүүлдэг байв. Гэтэл өнөөдөр 7-8 давхар эмнэлгийн байшинд дүүрэн хавдартай хүмүүс эмчлүүлж байна. Хүний бүх эрхтэн хавдраар өвчилж байна. Идэж, ууж байгаа хүнс урд хөршөөс орж ирж буй янз бүрийн бүтээгдэхүүнээс өвчин тусч байна. Хавдар судлалын үндэсний төвийн бүх эмч нар алтан гартай. Тэд маш олон хүнийг бурханы оронд очихоос нь өмнө авч үлдэж чадаж байна. Хүмүүсээ бие, биеээ амьддаа хайрла гэж үг бий. Тийм ч учраас намайг аварсан Я.Эрдэнэ-Очир гэж мундаг эмчдээ энэ өдөр талархаж байна. Энэ эмчдээ зориулж “Авралын элч” гэж дуу зохиож байлаа. Аливаа өвчин эдгэх үгүй нь хувь хүнээс маш их шалтгаална. Манай монголчууд нас яваад ирэхээр би хөгширчихлөө гэж ярьдаг. 60 нас гарчихаараа өөрийгөө хөгшрүүлж, зориуд бөгтийгөөд ирдэг. Монголчуудын нас уртсаж байна. 60-70 нас бол байдаг л нас. Тэгэхээр оюун санаагаараа залуу байх хэрэгтэй. Сэжигээр өвдөж, сүжигээр эдгэнэ гэж үг бий. Энэ их үнэн юм.

 

Дуучин Мөөжиг: Хавдарыг даван туулсан хүмүүстээ баяр хүргэе

Эрдэнэт хотоос урилгаар ирж уг арга хэмжээнд ая дуугаа өргөх гэж байна.  Намайг Мөнх-Эрдэнэ гэдэг. Би хорт хавдараар өвчилж байсан. Гурван настайдаа нүдний хорт хавдараар өвчилж байв. Нүдээ авахуулахгүй бол хавдар бусад эрхтэндээ тархана гэсэн учраас хоёр нүдээ авахуулж хараагүй болсон. Өнөөдөр хавдарыг даван туулсан хүмүүстээ баяр хүргэе. Хувь хүнээс маш их тэвчээр шаарддаг эмчийн хяналтад байдаг энэ өвчнийг даван туулах нь таниас л шалтгаална. Маш хүнд ч гэсэн та тэвчиж гараарай. 

 

2016 оны парлампийн хүрэл медальт, тамирчин Э.Содномпилжээ: Зургаан сарын настай гэж байсан ч би эдгэрсэн 

1999 онд 14 насандаа хорт хавдараар өвчилсөн. Тухайн үед намайг зургаан сарын настай гэж оношилж байлаа. Сайн ээж, эмч, гэр бүлийн ачаар өдий зэрэгтэй явж байна. Боломжгүй зүйл гэж үгүй юм. Хүн сэтгэлээр эдгэрч бас үхнэ. Тэгэхээр сэтгэлийн зориг хаттай байж аливаа зүйл рүү тэмүүлж чадвал эдгэрэхгүй өвчин гэж үгүй. Сайн эмч нарын буянаар алтан аяганаас ус уух хувь тохиосонд маш их баяртай байна. Хавдарыг эдгэрэдэггүй гэж бүү бодоорой. Энэ бол эдгэрдэг өвчин. Зөвхөн тухайн өвчтөний сэтгэлийн мөн чанараас л хамаарна. Би эдгэрнэ, сайхан амьдарна бүхнийг даван туулна гэж зүтгэх хэрэгтэй. Намайг өвдөхөд ээж маань уйлаад л байдаг байсан. Ээж маань “Эхтэй хүн үхдэггүй юм” гэнэ лээ хэмээн хэлж байлаа. Энэ үгний учрыг тухайн үед олоогүй ч ээжтэй хүн үхэж болохгүй гэдэг ойлголтыг өөртөө төвлөрүүлж урам авч байсан. Хөлөө тайруулсан ч  зургаан сартай гэж байсан ч ээж минь миний төлөө бүхнийг хийж намайг амьдруулсан.  

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
N.Enkhsaihan
saihan da uft udaan naslaj ulam ih amjilt gargaj olimpin awraga bolrol
2016/10/23 112.72.11.122
  • Recent
  • Most Read
  • Most Comment