“Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн жинхэнэ албан хаагчийн эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргах журам”-ыг сурталчлах, хэрэгжилтийг хангах, мэдээлэл өгөх зорилго бүхий зөвөлгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Т.Пүрэвчулуун “Улсын хэмжээнд жилд дунджаар цэргийн насны залуучуудын 20-25 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөг. Эдгээр залуусын 25-45 хувь нь бэлгийн замын халдварт өвчнөөр мөн дотор, сэтгэцийн өвчин ч багагүй хувийг эзэлж байна. Үүнээс шивээс, харааны бэрхшээлээр тэнцэхгүй байх нь элбэг байдаг” гэдгийг хэллээ.
Нийслэлийн Цэргийн штабын дарга Ж.Болдбаатар “Энэ журам шинэчлэгдэн гарснаараа иргэдэд илүү ойр, иргэд рүү чиглэсэн заалтууд их орсон байгаа юм. Жишээлбэл: Тахир дутуу болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд жил бүр цэрэг татлагаар ордог байсан. Цаашдаа эдгээр иргэд тайван цагт цэргийн албанд тэнцэхгүй гэсэн журмаар чөлөөлөгдөж, дахин цэрэг татлагаар орохгүй байхаар болж байна. Мөн шинэчлэгдсэн хуульд цэргийн алба хаах хэлбэрүүдийг нэмж өгсөн, иргэдийг цэргийн алба хаагаад ирэхэд нь ажиллаж байсан байгууллага нь заавал ажлын байраар хангаж өгнө гэх мэт иргэд рүү чиглэсэн заалтууд их орсноороо онцлог байгаа. Энэ хүрээнд иргэд болон нийслэл дүүргүүдийн цэргийн штабынханд сурталчлан таниулах сургалт, зөвөлгөөнийг явуулж байна” гэлээ. Зөвлөгөөнөөр журамд орсон нэмэлт өөрчлөлт, шинээр тусгагдсан өвчин, эмгэгийн талаар, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн өнөөгийн байдал, назалогийн судалгааны талаар мэдээлэл хийнэ. Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдал, тэдний эрүүл мэндийг сайжруулахад тулгамдаж буй асуудлууд, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа сэдвээр үргэлжилж байна.
Өнөөдрийн үйл ажиллагаанд нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга нар, Цэрэг татлагын товчоо, цэргийн төв дамжин өнгөрүүлэх баазад ажиллах эмч нарын комиссын дарга, нарийн мэргэжлийн эмч нар, ажлын хэсгийн бүрэлдэхүүн оролцож байна.