"Guys" хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал өнгөрсөн дөрөвдүгээр сард хар тамхи хэрэглэж, тээвэрлэсэн хэргээр цагдаагийн байгууллагад саатуулагдаж байсан. Түүнийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хэлэлцэж 2 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Х.Бат-Ундрал шүүх хуралдааны үеэр шүүхэд хандаж "Ийм ноцтой гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсч байна. Намайг гэдэг хүн бүрээс уучлал гуйя. Олны танил хүн байж биеэ зөв авч явж чадаагүйдээ харамсч байна. Монгол төрийн минь сүлд өршөөж, гэм буруугаа ойлгож байгааг минь харгалзаасай. Би хар тамхи, мансууруулах бодистой тэмцэхэд уран бүтээлээс гадна маш их зүйлийг хийхээр төлөвлөж байна. Залуусыг хар тамхитай тэмцэхэд уриалан дуудаж, илүү их уран бүтээл хийх итгэлийг өгөөч" гэж хэмээн хүссэн байна. Түүний энэ хүсэлтийг шүүх харгалзан үзэж тэнсэн харгалзах ял оноосон бөгөөд шүүх хуралдааны төгсгөлд шүүгч тэнсэн харгалзах ялын талаар шүүгдэгчид тайлбарлаж, гэм буруугаа ухаарсан, уран бүтээлээрээ мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэнэ гэж амласан учраас нэг удаа итгэл олгож байгааг сануулсан юм.
Х.Бат-Ундрал: Олны танил хүн байж биеэ зөв авч явж чадаагүйдээ харамсч байна
2016-10-11 10:39:06