Мэргэжлийн Засгийн газар байгуулагдаад 102 хоногтойгоо золголоо. Энэ хугацаанд өөрсдийгөө Мэргэжлийн гэж тодотгосон МАН халаа сэлгээнээс өөр бодьтой ажил хийсэнгүй. Одоо ч халаа сэлгээний асуудал хотын томилгоогоор үргэлжилж байна. Хамгийн сүүлд гэхэд мэргэжлийн гэхээсээ илүү олны танил дуучид даргын албан тушаалд очжээ. Тодруулбал, Нийслэлийн Аялал, жуулчлалын газрын даргын албан тушаалд “Номин талст” хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүх, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд даргаар тус хамтлагийн дуучин А.Хаянхярваа нар томилогджээ. Үүнээс өмнө Ардчилсан намын үед тус хамтлагийн гишүүн Хаазаа буюу Т.Хангэрэл Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Харьяатын хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэж байсан билээ. Ийнхүү "Номин талст" хамтлагийн гурван гишүүн буюу дуучин Т.Дэлгэрмөрөнгөөс бусад нь даргын алба хашиж, төрийн албан хаагч болж байна.