8o
Улаанбаатар хот
mobile menu

Түүвэрчилсэн аргаар санамсаргүй сонгогдсон 400 иргэн оролцоно

2015-12-10 14:22:00

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Азийн сантай хамтран Улаанбаатар хотод анх удаа “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулга 2015 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулна. Зөвлөлдөх санал асуулгаар нийслэлээс хэрэгжүүлэх урт хугацааны 14 томоохон төсөл хөтөлбөрийг иргэдэд танилцуулж, тэдний санал тус бүрийг тусгах бөгөөд санал асуулгын бэлтгэл ажил явагдаж байна. Тус үйл ажиллагаанд оролцогчдод хэлэлцүүлэх сэдвийг тодорхойлж, тэдгээрийн танилцуулга үнэн зөв, тэгш тэнцвэртэй байх нөхцөлийг хангах, хэлэлцүүлгийн үр дүнг дүгнэх ерөнхий чиг үүргийг хэрэгжүүлэх Зөвлөлдөх Санал Асуулгын Зөвлөх хороог байгуулсан бөгөөд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун,   Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал, Профессор Жэймс С.Фишкин, тус хүрээлэнгийн ахлах зөвлөх, Зөвлөх хорооны хамтын дарга Г.Занданшатар,  Зөвлөх хороог төлөөлж Гандантэгчинлэн хийдийн Хамба лам Д.Чойжамц нар оролцлоо.

Хурлын эхэнд нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун “Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж буй “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулгын бэлтгэл ажил бүрэн хангагдсан” гэдгийг хэллээ.

Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн ахлах зөвлөх, Зөвлөх хорооны хамтын дарга Г.Занданшатар “Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн санаачилгаар зохион байгуулж буй Зөвлөлдөх санал асуулгыг ямар нэгэн улс төрийн нам хамааралгүйгээр зохион байгуулж байгаагаараа онцлог. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын цаашдын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэл тэд иргэдийн саналыг тусган, тэдний оролцоог хангах нь Зөвлөлдөх ардчиллын хамгийн чухал зүйл юм. Тиймээс нийслэлийн иргэдийг төлөөлж санамсаргүй байдлаар сонгогдсон 400 иргэн энэ чухал үйл ажиллагаанд идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж байна” хэмээн онцлон хэлсэн юм.

Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал, Профессор Жэймс С.Фишкин “Зөвлөлдөх санал асуулгыг дэлхийн 23 улсын 40 гаруй хотод амжилттай явуулж  тухайн хотын багагүй асуудлыг иргэдтэй зөвлөлдөн шийдвэрлэсэн. Тиймээс Улаанбаатар хотод хэрэгжүүлэх урт хугацааны төсөл хөтөлбөрт анх удаа иргэдийн саналыг авахаар болсон нь маш чухал алхам болж байна. Нийслэлийн иргэдийг санамсаргүй сонгогдсон 400 иргэн төлөөлөх бүрэн боломжтой бөгөөд тодорхой үр дүн гарна гэж найдаж байна” гэлээ.
 
Зөвлөх хорооны бүрэлдэхүүнд төр нийгэм, иргэний нийгмийн байгууллагын нэрт зүтгэлтнүүд, бизнес, урлагийн төлөөлөл ажиллаж байгаа бөгөөд иргэдийнхээ саналыг авч, зөвлөлдөхөөр ажиллаж буй тус үйл ажиллагааг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Зөвлөх хорооны гишүүдээр:
- Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном
-Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн
-Хас банкны ТУЗ-ийн дарга Ч.Ганболд
-Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Философийн ухааны доктор, профессор Б.Даш-Ёндон
- Гандантэгчинлэн хийдийн Хамба лам Д.Чойжамц
- Монголын Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх зөвлөлТ.Ариунаа
- MCS группын Ерөнхийлөгч Ж.Од
-Нийтлэлч Б.Батбаяр
- Алтан тариа ХК-ийн захирал П.Цэнгүүн
- Монфэмнэт Үндэсний сүлжээ ТББ-ын ахлах зөвлөх Д.Сүхжаргалмаа
- МУИС-ийн Ректор Р.Бат-Эрдэнэ
- Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Мелони Линдберг нар ажиллаж байна.
“Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулга 12 дугаар сарын 12-ны 09 цагаас Төрийн ордны Их танхимд болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment