Өнгөрсөн 7 хоногт хэлэлцсэн ээлжит бус чуулганаар 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Ингэхдээ Монгол Улсын өрийн таазыг 88 хувь болгож түүнээс цааш үе шаттайгаар нэмэх саналыг Засгийн газар оруулж ирлээ. Тодруулбал, уг төслийн агуулга нь дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн дээд хэмжээг 2016 онд 88, 2017 онд 90, 2018 онд 97.5, 2019 онд 105, 2020 онд 100, 2021 онд 90, 2022 онд 80, 2023 онд 70, 2024 онд 60 хувиас хэтрүүлэхгүй байх тухай байсан юм. Өрийн таазыг ингэж нэмэх болсоныг зарим УИХ-ын гишүүд төдийгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл эсэргүйцсэн.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ерөнхий сайдтай уулзаж санал хэлэв. Өрийн босгыг нэмэхийг хойшлуулах. Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөртэй цуг ҮАБЗ болон ээлжит чуулганаар хэлэлцүүлэх” хэмээн жиргэсэн ч тусыг эс олов. Мөн Засгийн газар Төсвийн хүрээний мэдэгдэл болон танхимынхаа бүрэн эрхийн хугацаанаас ч хэтрүүлэн төлөвлөлт хийснийг нь зарим гишүүн шүүмжилж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүд “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд найман жилийг хамарсан өөрчлөлт оруулж болохгүй. Дөрвөн жилийн дараа УИХ-ын сонгууль болж магадгүй Засаг солигдох үед шинэ Засаг байгуулагдаж ажиллана. Энэ нь дараагийн Засгийн газартаа өр үлдээж өгч байгаагийн нэг хэлбэр гэж үзэж шүүмжилж байна. Өрийн хязгаарыг хамгийн уртдаа төсвийн хүрээний мэдэгдлийнгурван жилийн хугацаанд төлөвлөх хэрэгтэй гэж үзэх гишүүн ч байлаа.
Мөн өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ нь ам.долларын ханштай шууд хамааралтай. Өнгөрсөн 7 хоногт буюу энэ сарын 7-ны өдөр Монголбанкнаас зарласнаар нэг ам.долларын ханш 2212 төгрөгт хүрсэн. Харин өчигдрийн байдлаар нэг ам.доллар 2232 төгрөгтэй тэнцэж байна. Үүнээс үзэхэд долоо хоногийн хугацаанд 20 төгрөгөөр нэмэгдэж энэ хэрээр ханшийн зөрүү байна үүсч байгаа юм. Тиймээс энэ мэт ханшийг зөрүүг дагаад өрийн ДНБ-д эзлэх хувь, хэмжээ өөрчлөгдөх үү гэсэн асуулт гарч ирж байна. Онолын хувьд бол ханшийг зөрүүг дагаад өөрчлөгдөж өсөх нь мэдээжийн хэрэг. Долдугаар сараас хойш тогтмол өсөлттэй байсан ам.доллар өдөрт 40-50 төгрөгөөр нэмэгдэж байсан үе саяхан. Тодруулбал, өнгөрсөн сарын 17-ны байдлаар нэг ам.доллар 2280 төгрөгт хүрч нэг өдрийн дотор 40 төгрөгөөр нэмэгдэж байсан юм. Ам.долларын ханш цаашид өсөлттэй байна гэдгийг эдийн засагчид онцолж байна.
Уг нь Засгийн газар өрийн таазыг нэмэхийн оронд том төслүүдийг хөдөлгөж, экспортоо нэмэгдүүлж, валютын ханшийг бууруулж, эдийн засгийн өсөлтийг хангаж ам.долларын урсгалыг сайжруулах шаардлагатай. Тэгэх ч ёстой. Ямартай ч Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд ямар бодлого хэрэгжүүлэхээр дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх болсон нь анхаар татаж байна. Энэ бүхний хариулт Засгийн газраас боловсруулж, намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж буй эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрт багтах биз ээ гэсэн таамаг төдий зүйл үлдэж байна.
УИХ Засгийн газар өөрийн таазийг 88 хувийн босгыг зөвшөөрснөөр цаашдаа Засгийн газар энэ мэт чухал ажлуудаа хийж, эдийн засгаа эрчимжүүлэх “ташуур” болох уу. Засгийн газар ч гэсэн, өрийн хязгаараа л нэмэгдүүлчихвэл ажил хийх гээд байна гэж тайлбарлаж байсан удаатай. Одоо өрийн тааз нь “өндөрссөн” Засгийн газар хэрхэн ажиллахыг харах үлдлээ.