8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэд сайд асан Ж.Амарсанаа албан ёсоор тайлбар хийлээ

2015-12-10 08:00:00

Монгол элэгний өвчлөл хамгийн өндөр  байдаг Азийн орнуудын нэг. Учир нь хүн амын 10 орчим хувь В вирусийн халдвартай байна гэсэн судалгаа гарчээ.  Өөрөөр хэлбэл  10 хүний нэг тутам нь буюу 300-400 мянган хүн элэгний С юмуу В вирустэй байна гэсэн судалгаа байдаг аж.  Хамгийн харамсалтай нь С, В вирустэй хүн 10 хувь байгаагийн 80 хувьд нь Д вирус хавсарсан байдаг бол элэгний архаг өвчтэй хүмүүст В,С вирусийн халдвар 80-аас дээш хувьтай байдаг нь энэ вирусын талаар дорвитой арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна. Монголын хүн амын эрүүл мэндэд ноцтой заналхийлж байгаа эдгээр вирусыг эмчлэх асуудлыг Ж.Амарсанаа Эрүүл мэндийн дэд сайд байхдаа эхлүүлж, “Харвони” хэмээх  эм тун удахгүй монголд орж ирэх гэж байгаа билээ. Тиймээс энэ эмийг хоног тоолон хүлээж буй олон өвчтөн бий.  Гэвч эм орж ирэх хугацаа тодорхойгүй шалтгаанаар хойшлогдож, энэ сарын сүүлчээр ирэх сурагтай байна. Үүнтэй зэрэгцээд дэлхийд алдартай Йелийн их сургуулийн хуульчид “Харвони” эмийн асуудлаар шүүхэд хандсан нь эмийг авахаар хүлээж буй хүмүүсийг багагүй цочирдуулжээ. Тиймээс Дэд сайд асан Ж.Амарсанаа энэ талаар албан ёсоор тайлбар хийжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа  “Софосбувир/Ледипасвир ын хавсарсан эм буюу үйлдвэрийн нэрээр Харвони хэмээх энэ эмийг Монгол улс бүртгэж аваад тун удахгүй хүн амынхаа элэгний С вирусыг эмчлэх өргөн цар хүрээтэй ажил эхлэх гэж байна. Энэ нийтлэл дээр http://www.medee.mn/main.php?eid=71677 хэд хэдэн ноцтой зүйл ажиглагдсаныг хэлэх нь зүйтэй гэж бодлоо.
С Вирусын эсрэг эмчилгээг Монгол оронд эхлүүлсэн хүний хувьд энэ эмтэй холбоотой сөрөг мэдээллийн үнэн зөвийг ялгаж өгөх нь миний нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага гэж би бодож байна.


Нэгдүгээрт Монгол улс аливаа эмийг бүртгэхдээ нарийн журмаар бүртгэдэг.
Хэсэг хуульч, төрийн бус байгууллага нийлээд АНУ ын эм хүнсний агентлагийг хэт хүнд сурталтай, мэдээллийн ил тод байдал тааруу, эмийн үнэ хэт өндөр байна гэсэн үндэслэлээр шүүхэд хандсан гэж би ойлгосон.

Та нийтлэлдээ ”АНУ-ын Хүнс, эмийн агентлаг (FDА) "Харвони” эмийг хурдавчилсан байдлаар зөвшөөрсөн. Хурдан зөвшөөрөхийн сайн, муу тал бий. Муу тал нь сөрөг нөлөөний тухай мэдээлэл байхгүй” гэжээ.

Энэ эмийг бүртгэх үед ЭМСЯ-д хүргуулсэн судалгааны тайлан дээр энэ эмийн сөрөг нөлөө болон гаж нөлөөний талаар хангалттай мэдээлэл өгсөн байдаг.

Түүнээс гадна энэ эмтэй холбоотой маш олон судалгааны ажлууд олон улсын сэтгүүлүүдэд нийтлэгдсэн байгаа.

Эрүүл мэндийн чиглэлээр олон улсын сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны ажлыг танилцуулдаг http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed PUB MED сайт дээр хайлт хийхэд зөвхөн Софосбувир эмтэй холбоотой өнөөдрийн байдлаар 659 судалгааны ажил хийгдсэн байна. Ледипасвиртай холбоотой 191 судалгааны ажил хийгдсэн байна. Тэр дотор өвчтөн дээр туршсан маш олон судалгааны ажлууд байна. Харвони гэдэг нь Софосбувир, Ледипасвир 2 эмийг нийлүүлсэн шахмал эм гэдгийг ойлгож байгаа байх.

Тэгээд ч та бүхэн шүүхэд хандаад шүүхийн шийдвэр гараагүй байхад аль нэг тал руу туйлширсан мэдээлэл өгч, энгийн ард иргэд болон өвчтөний сэтгэл зүйд сөрөгөөр нөлөөлөх мэдэгдэл хийх нь хариуцлагагүй байна гэж би танд хэлмээр байна.

АНУ-ын Хүнс, эмийн агентлаг (FDА) ийг АНУ ын иргэд болон төрийн бус байгууллагууд эрүүл мэндэд ач холбогдолтой олон чухал эмийг удаан бүртгэж, цаг алдуулж байна, энэ хооронд олон өвчтэй хүмүүс эрүүл мэнд амь насаараа хохирч байна гэж шүүмжилдэг.
Үүний улмаас уг агентлаг нь зарим чухал ач холбогдолтой мөртлөө хангалттай нотолгоотой, уухад аюулгүй гэж үзсэн эмийг хурдавчилсан бүртгэлээр бүртгэдэг болсон. Үүний нэг жишээ нь Харвони (Софосбувир/Ледипасвир) юм.

Энэ эмийг АНУ болон өндөр хөгжилтэй орнуудад ууж эхлээд бүтэн жилийн нүүр үзэж байгаа билээ. Одоогоор энэ эмтэй холбоотой ноцтой аюултай гаж нөлөө ховор байгаа юм.
Монголын ард түмэн бусад орны иргэдтэй харьцуулахад элэгний вирусын халдвар өндөр, элэгний өвчний гаралтай нас баралт ихтэй байдаг. Өнөөдрийн байдлаар энэ эмнээс өөр үр дүнтэй, үүнээс хямд үнэтэй сонголт Монголчууд бидэнд алга байна. Харин миний бие эрүүл мэндийн яаманд дэд сайдаар ажиллаж байхдаа боловсруулсан Элэгний С вирусыг Устгах Үндэсний Хөтөлбөр дотор С вирусын олон төрлийн эмийг Монгол улсад шуурхай нэвтрүүлж 5-10 жилийн дотор Монгол улс элэгний С вирусгүй орон болох талаар тодорхой төлөвлөгөөг тусгасан байсан боловч саяахан Засгийн газраар батлагдсан үндэсний хөтөлбөрийг хартал танихын аргагүй болтол агуулгыг нь өөрчилж ач холбогдолыг нь сааруулсан бодлогын бичиг баримт болж хувирсан байв.
Мөн таны өгсөн ярианд “Эмийн компанийн зүгээс “Харвони” эм нь гепатит С вирусийг дарангуйлахаас гадна бүрэн эдгээдэг гэж мэдэгдсэн. Энэ эм маш үнэтэй. Хамгийн гол нь клиник туршилтын үр дүн нь тодорхой биш байгаа. Клиникийн туршилтын үр дүнг олон нийтэд ил тод мэдээлэх ёстой. Энэ мэдээллийн дүнд эмийн үнэ бодитой эсэх талаар хүмүүс санал бодлоо илэрхийлэх боломжтой болно. Үнэ бодитой эсэх, клиникийн туршилтын үр дүн тодорхой бус байгаа талаар асуудал яригдаж байна. Үнийг яаж тогтоосон, туршилтын үр дүнгийн тухай эмч, өвчтөн аль аль нь мэдэх эрхтэй. Мэдээлэл авах эрхдээ үндэслээд, үнийн талаар саналаа хэлэх эрхтэй, туршилтын үр дүн үнэн зөв эсэхэд хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх учиртай.” гэжээ.

Судлаач хүний хувьд би тантай санал нийлэхгүй байна. Клиник туршилтын талаар хэт дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь хувь хүний нууцлалын асуудал тул ёс зүйн хувьд зохимжгүй тал байдаг.

 Эдгээдэг гэдэг үгийг энэ эм дээр хэрэглэхэд буруудах зүйл байхгүй юм. Эмчилгээний үр дүнг тогтооход олон янзын үг хэллэг хэрэглэдэг бөгөөд вирусын эмчилгээнд эмч нар хамгийн өргөн хэрэглэдэг үг нь вирусын эсрэг эмийн тогтвортой нөлөө (Sustained Viral Response) гэдэг нэр томьёо байдаг ба энэ нь вирус усгтах эмчилгээ дууссанаас хойш 3 юм уу 6 сарын дотор цусанд вирус илрэхгүй байхыг хэлдэг. Ийм хүмүүсийн 98-99 хувь нь цаашид бүрэн вирусээсээ салдаг юм.
Эмийн үнийн хувьд АНУ ын хуулиар шинээр бүтээсэн эмэнд ямар нэгэн үнийн дээд хязгаар тогтоох хууль эрхзүйн орчин алга бололтой. АНУ д 94,500 Ам. Доллараар зарагдаж байгаа нь дэндүү өндөр үнэ гэдэгтэй би ч санал нэг байна. Гэвч монгол орны хувьд энэ эмийг маш хямд үнээр авах яриа хэлэлцээрийг амжилттай хийж чадсан юм. Тиймээс хэрэв АНУ д зарагдаж байгаа эмний үнэтэй холбоотой асуудлаар АНУ ын шүүхэд хандсан бол энэ нь АНУ ын иргэдэд л хамаатай бөгөөд монголын өвчтөнүүдийг тайван орхихыг танаас хүсч байна.

Таны тухай мэдээллийг интэрнэтээр чадан ядан судалсан бөгөөд та бол молекул биологийн судалгаа хийж байсан эрдэмтэн юм байна. Та япон улсад олон жилийг өнгөрөөхдөө япон эрдэмтдийн англи хэл дээр бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэгийн дүрэм, үг үсэг найрлагын алдааг засдаг гэж ойлгосон. Ийм байдлаар 8000 гаруй өгүүлэл засаж залруулжээ. Би таныг болон танай гэр бүлийг биширч хүндэлж байгаагаа нуух юун.

Манай Монголын эмч, вирус судлаачид цөөхөн ч гэсэн мэдлэгтэй, мэдээлэл сайтай хүмүүс бий бөгөөд энэ эмчилгээг тэсэн ядан хүлээж байгаа юм. Харин энгийн Монгол хүмүүс таны өгсөн мэдэгдлийг их эмзэгээр хүлээж авсан байх, тэр нь ч аргагүй биз.

Харин хэн нэгэн өвчтөн таны өгсөн мэдээллээс болоод эмчилгээнд орохоо болиод, улмаар олон жилийн дараа элэгний хорт хавдар юм уу, элэгний хатуурлаар өвчилбөл буцаагаад энэ нь таныг шүүхэд өгөх үндэслэл болж болзошгүй юм. Харин тэр үед та монгол оронд байхгүй ч байж магад. Тиймээс дор дороо хариуцлагатай л ярих хэрэгтэй байна.

Элэгний Д вирусыг нээсэн нэрт эрдэмтэн Марио Ризотто Монголд ирж лекц уншаад буцахдаа ”Би монголчуудад атаархаж байна. Манай Итали оронд энэ эм чинь маш өндөр үнэтэй зарагдах гэж байгаа (ойролцоогоор 60,000 евро). Олон хүн эмээ авч дийлэхгүй байх” гэж хэлээд явсан. Хэрэв таны энэ барин тавин ярьсан ярианы цаана ямар нэгэн монголын дотоодын улстөрийн нөлөө байгаа бол надад их харамсалтай байх болно.

Хэрэв миний бичсэн зүйлтэй та санал нийлэхгүй байгаа та бид хоёр англи юмуу монгол хэлээр ярилцаж, саналын зөрүүгээ арилгаж, монголын ард түмнийг зөв мэдээллээр хангах шаардлагатай.
Хүндэтгэсэн, Ж. Амарсанаа” гэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ene udriin mendiig ushigch olon tumendee hurgei. Bi USA giin VA gedeg gazar 15 jil amidar h bgaa buguud elegnii C virustai bsan. Udaan hugatsaand eleg maani uvchilj emchlegdeh eseh deeree tulaad bsan 2007 ond negen himiin tariagaar C virusiig emchleh emch
2016/02/07 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment