Энэтхэгийн Шинэ Дэли хотноо болсон 10 дахь удаагийн Азийн өсвөр үеийн жүдо бөхийн АШТ-нд манай улс таван тамирчнаа сойсноос дөрөв нь шагналын тавцанд гарлаа.Тэмцээний эхний өдөр манай тамирчдаас охидын 44 кг-ын жинд Боржин дэвжээний Б.Бүрнээбаяр, 52 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Л.Сосорбарам нар алт, хөвгүүдийн 55 кг-д Архангай аймгийн тамирчин Б.Энэбиш мөнгөн медаль хүртсэн юм. Харин өчигдөр тэмцээний хүнд жингийн барилдаанууд явагдсан бөгөөд хөвгүүдийн -90 кг-ын жинд Улсын начин Б.Одхүүгийн хүү О.Цэцэнцэнгэл хүрэл медаль хүржээ. Тэрбээр хагас шигшээд алтан медаль хүртсэн БНСУ-ын бөхөд ялагдсан бол хүрэл медалийн төлөө эзэн орны бөхийг вазари үнэлгээгээр ялсан байна. Мөн энэ өдөр +90 кг-д Б.Мандалбат хүч үзсэн ч медалийн төлөө Япон, Ираны бөхчүүдэд ялагдснаар тэмцээнээ дуусгасан байна. Ингэснээр манай тамирчид хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүлж байна.
Өсвөрийн жүдочид 4 медаль хүртэж тэмцээнээ өндөрлүүллээ
2016-09-10 12:45:00