Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол угсаатнуудын их түүх, уламжлал, соёл, гүн ухаан, сэтгэлгээний онцлогийг илтгэсэн Монголын сэдэвт гарамгай бүтээлүүд урлаж хүн төрөлхтөний оюуны санд бахархам хувь нэмэр оруулж байгаа уран барималч, зураач Намдагийн Дашням /Даши Намдаков/-д 2015 оны Төрийн шагналыг хүртээв.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Төрийн шагналыг Намдагийн Дашнямд гардуулан өгөв. Төрийн шагнал хүртээх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан уншиж сонсголоо.
Зарлигт:“Монгол угсаатнуудын их түүх, уламжлал, соёл, гүн ухаан, сэтгэлгээний онцлогийг илтгэсэн Монголын сэдэвт гарамгай бүтээлүүд урлаж хүн төрөлхтөний оюуны санд бахархам хувь нэмэр оруулж байгаа Даши Намдаков – Намдагийн Дашнямд Монгол Улсын Төрийн соёрхол хүртээсүгэй” гэжээ.
ДАШИ НАМДАКОВЫН НАМТАР
ОХУ-ын Урчуудын холбооны гишүүн, Буриадын Гавьяат жүжигчин, ОХУ-ын Уран зургийн академийн гишүүн, Италийн Урлагийн академийн гишүүн, уран барималч, зураач Даши Намдаков буюу Намдагийн Дашням нь Буриадын Чита хотын ойролцоо орших Укурик тосгонд 1967 онд төржээ. Тэрбээр Красноярскийн Уран зургийн институтыг ОХУ-ын Уран зургийн академийн академич Лев Головницкий багшийн ангид төгссөн байна. Даши Намдаков нь анхны бие даасан үзэсгэлэнгээ 2000 онд Эрхүүгийн уран зургийн музейд нээсэн ба түүний уран баримал Эрхүүгийн Уст-Орд хотод 2003 онд анх удаа сүндэрлэжээ. Үүнээс хойш уран бүтээлчийн нэр дэлхийд алдаршин Казахстан, ОХУ, Их Британи, Итали зэрэг улсад үзэсгэлэнгээ гаргахын зэрэгцээ өөрийн бүтээсэн хөшөө баримлыг босгожээ.
Даши Намдаков нь Сергей Бодровын “Монгол” кинонд уран сайхны дизайнераар ажиллаж, ОХУ-ын киноны салбарын шилдэг шагналууд болох “Цагаан заан”, “Алтан бүргэд” зэргийг хүртсэн юм. Түүний Монгол Улс, Буриадын урлагийн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Алтан гадас одонгоор 2013 онд шагнасан. Мөн тэрбээр Тувагийн Төрийн шагнал хүртэж байв.
Даши Намдаковын уран бүтээлүүд нь Санкт-Петербургийн Эрмитаж болон дэлхийн нэр хүндтэй олон музейд хадгалагдаж, Их Британи, ОХУ, Герман, Франц, Бельги, Швейцари, Финланд, Япон, АНУ, Тайванийн нэртэй улстөрч, бизнесмэнүүд түүний бүтээлүүдийг шимтэн цуглуулдаг байна. Тэрбээр гол төлөв хүрлээр уран бүтээлээ туурвидаг бөгөөд Лондон, Москва болон Италийн Пиетрасанта хотод урлангаа байгуулжээ.
Даши Намдаковын уран бүтээл нь зөвхөн Буриад, ОХУ-ын төдийгүй дэлхийн уран баримлын чиг хандлага, энэ урлагийн салбарт хувьсгал хийж байгаа гэдэгтэй олон улсын судлаачид санал нэгддэг. Түүний уран бүтээлийг “Орон зай, цаг хугацааны хязгаарт баригдаагүй мөртөө, сэтгэл татам, ер бусын, гайхалтай сэтгэгдэл зэрэг төрүүлдэг” хэмээн шүүмжлэгчид тайлбарласан байдаг.
“Даши Намдаков бүтээлдээ эртний аман зохиол, үлгэр туулийн дүрийг орчин үеийн авангард хэв маягт оруулан чадварлаг дүрсэлж чаддаг. Ингэхдээ тухайн бүтээлийн хэв загвар, хэмжээ, харьцаа, классик байдал, дорнын өнгө аясыг хамгийн оновчтойгоор тохируулж чаддагаараа онцлогтой. Түүний бүтээлүүд нь эртний түүх, асар их эрч хүчийг өөртөө шингээсэн мэт байдаг. Яг л балар эртнээс гэнэт өнөө цагт хүрээд ирсэн мэт” хэмээн урлаг судлаачид Даши Намдаковын уран бүтээлийн тухай ярьжээ.
Даши Намдаковын зарим сор бүтээлээс дурдвал: Чингис хааны хүрэл хөшөө, “Одон оронч” баримал, “Луу” баримал, “Цам”, “Чингис хаан”, “Морьтон”, “Хаан”, “Бөмбөртэй лам”, “Цантай лам”, “Бяцхан Будда”, “Морь”, “Настай дайчин”, “Гүнж”, “Чинээлэг бэр”, “Шашны ёс”, “Бай”, “Зэрлэг”, “Дайчин Чингис”, “Шонхортой дайчин”, “Эвэртэй дуулгатай дайчин”, “Бөх” зэрэг бүтээлүүд юм.