Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ Франц улсад өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 50 кг-д өсвөрийн ДАШТ-ний хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт Нармандахын Насанбуян, 55 кг-д ДАШТ-ний хүрэл медальт, залуучуудын УАШТ-ий гурван удаагийн аварга Занданбудын Занабазар, 60 кг-д Алтансувдын Мөнх-Эрдэнэ, 66 кг-д насанд хүрэгчдийн УАШТ-ний хүрэл медальт Ганхуягийн Ханбүргэдэй, 74 кг-д өсвөрийн ДАШТ, Азийн АШТ-ий мөнгөн медальт Занданбудын Сумьяабазар, 84 кг-д залуучуудын УАШТ-ний алт, хүрэл медальт Бат-Эрдэнийн Бямбадорж, 96 кг-д Болдын Түвшинтулга нар оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Гэвч Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гаргасан шийдвэрийн улмаас манай тамирчид залуучуудын ДАШТ-д оролцож чадсангүй. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Монголын бүх насны ангиллын тамирчдын олон улсын тэмцээнд оролцох эрхийг тодорхойгүй хугацаагаар хасах шийдвэр гаргахаар болсноо мэдэгдээд буй. Өнөөдөрт багтаан Монголын чөлөөт бөхийн холбооноос UWW-д хариу бичиг илгээх учиртай. Эл бичгийг харгалзан, Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо Монголын тамирчдын эрхийг хэр хугацаагаар хасахаа эцэслэн шийдэх аж.
Өнөөдөртөө багтаан Монголын чөлөөт бөхийн холбоо UWW-д хариу илгээх учиртай
2016-09-01 14:25:37