Монголын чөлөөт бөхийн холбооноос саяхан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн А.Сүхбат, Д.Сумъяабазар болон Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн Д.Дагвадорж нар оролцсон юм. " Рио-2016" олимпийн наадмын сүүлийн өдөр болсон чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд барилдсан Г.Мандахнарангийн барилдаантай холбоотой асуудлаар ийнхүү мэдээлэл хийсэн юм. МБЧХ-ны Удирдах зөвлөлөөс “Монгол Улсын баг тамирчид 13 дахь удаагаа Зуны олимпийн наадамд оролцлоо. Энэ удаагийн наадамд Засгийн газар 8 тэрбум төгрөг зарцуулсан. Олимпийн наадмын сүүлийн өдөр болсон чөлөөт бөхийн барилдаан дэлхийн нийтийн анхаарлын төвд өнөөг хүртэл байсаар байна. Энэ хугацаанд Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн баг хоёр удаа хуралдлаа. Ингээд бид Монголын ард түмэн, Төр засгаасаа уучлалт гуйж байна гэдгийг энэ үеэр онцолж байсан юм. Мөн Дэлхийн чөлөөт бөхийн холбооноос ирүүлсэн нууцын зэрэглэлийн бичгийн дагуу бид есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө албан хүсэлтээ илгээх учиртай. Тиймээс Удирдах зөвлөл хоёр удаа хуралдаж дараах шийдвэр гарлаа.Г.Мандахнарангийн хүрэл медалийн төлөөх барилдааны талаар арбитрын шүүхэд хандах ажлыг холбогдох албан тушаалд даалгасан. Монголын чөлөөт бөхийн холбооны Ёс зүйн хорооноос олимпийн наадмын дэвжээн дээр гарч зохисгүй үйлдэл гаргасан хоёр дасгалжуулагчийнажлыг хоёр жилээр хасах буюу онцгой тохиолдолд олон улсын тэмцээнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэлээ. Ингээд Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн баг албан ёсоор ард түмнээсээ уучлалт гуйж байна.” гэв.