Дундговь аймгийн Мандалговь сумын “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн туслах багш арван сартай хүүхдийг хооллохдоо хэрцгийгээр зодож байсан бичлэг цахим сүлжээгээр олны дургүйцлийг хүргээд байсан. Тэгвэл уг хэрэгт албаныхан эрүү үүсгэн шалгаж байгаа юм. Уг хэргийн талаархи мэдээлэл энэ сарын 1-ний өдөр тус аймгийн Мэргэжлийн хяналтын газарт бичлэг иржээ. Улмаар мэргэжлийн хяналтын газраас гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна хэмээн үзэж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.Одоогоор цэцэрлэгийн багшид эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Эрүүгийн хуулийн 181.2.1-ээр буюу танхайрах төрлийн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн бол 3-5 жилийн хорих ялаар шийтгэнэ гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн аж. Мөн зарим эцэг эхчүүдээс гаргасан хүүхэд зодсон байх магадалтай гэсэн гомдолтой холбогдуулан шалгаж эцэг эхчүүдээс мэдүүлэг авч байгаа. Харин мэдээлэл өгсөн багшид эрүүгийн хэрэг үүсгээгүй байна.