Өнгөрсөн нэг дэх өдрөөс эхлэн цэцэрлэгийн бүртгэлийн үйл ажиллагаа эхэлж, өнөөдөр өглөө сугалаа сугалах үйл ажиллагаа боллоо. Энэ жил нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 116 мянга 570 хүүхэд байна гэсэн тооцоо судалгаа гарсан. Үүний 80 орчим мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой гэсэн судалгаа гарсан. Цэцэрлэгийн сугалааны үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар сурвалжилхаар СХД-ийн 25 хорооны 170 дугаар улсын цэцэрлэг дээр очлоо. Тус цэцэрлэгт энэ жил 2 настай нийт 150 хүүхэд бүртгүүлсэнээс 30 хүүхдийг сугалаагаар тодрууллаа.
Өнгөрсөн жил тус цэцэрлэгт нийт 2 настай 400 гаруй хүүхэд бүртгүүлж байснаас нийт 35 хүүхэд нь элсэж орсон аж. Энэ жил харин ч бага буюу 150 хүүхэд бүртгүүлсэн байгаа талаар цэцэрлэгийн эрхлэгч эцэг эхчүүдэд хэлж байсан юм. Ингээд бүртгүүлсэн хүүхэд бүрт тасалбар өгсөн бөгөөд тэр тасалбарын дагуу эцэг, эхчүүдийн нүдэн дээр эцэг, эхчүүдээс төлөөлөл болгож 5 хүн гаргаж ирж байгаад сугалааг сугалууллаа.
Сугалаа сугалсаны дараагаар 2 настай Д.Энхүүшийн аав Б.Дүүрэнбилэгээс сугалааны талаар тодруулахад “Миний охин даан ч азгүй байна. Сугалаанд орж чадсангүй. Энэ эдийн засгийн хүнд хямралтай байгаа үед хүүхдээ цэцэрлэгт өгчөөд ажил хийвэл хэн хэндээ л хэрэгтэй байна. Даан ч миний охин азгүй байлаа, гэртээ харъя” гэв.
Мөн 2 настай хүүгийн ээж Р.Галсайханаас энэ талаар тодруулахад “Ингэж сугалж байгааг хараад төр засагтаа л гомдож байна. Ядарсан ард түмнээ ингэж доромжлох гэж дээ. Манай энэ 170 дугаар цэцэрлэгийн өргөтгөл өнгөрсөн жилээс баригдаж эхэлсэн. Хэдхэн хоногийн дараа цэцэрлэг сургууль эхлэх гэж байхад ашиглалтад орох яагаач үгүй байна. Эцэг, эхчүүдийн яриагаар бол төсвөөс шийдэж өгсөн мөнгөөр Налайхад өөр цэцэрлэг барьж байгаа гэж байна. Цэцэрлэгийн багш нар ч гэсэн тэгж байна. Ийм юм байж болох уу.2 настай 120 хүүхэд цэцэрлэггүй үлдлээ. Үүний цаана 120 хүн ажилгүй сууж байна. Энэ бүхнийг бодолцож үзэх хэрэгтэй. Одоо 2 настайдаа улсын цэцэрлэгт орж чадаагүй хүүхэд цаашид улсын цэцэрлэгийн талаар яриад ч хэрэггүй ш дээ. Дараа жил зөвхөн 2 настай хүүхдүүдээ бүртгэнэ гэнэ. Ийм төр засаг, боловсролын тогтолцоо дэлхийн хаана ч байхгүй гэв.
Эцэг эхчүүдийн төлөөлөл болон цэцэрлэгийн багш нар цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орвол нэлээд хүүхэд нэмж бүртгэнэ. Даан ч энэ өргөтгөлийн мөнгө санхүү нь байхгүй гэсэн. Өөр цэцэрлэг бариад хөрөнгө оруулалтаа нөгөө цэцэрлэг рүүгээ өгсөн хэмээн өөр хоорондоо ярьж байв. Уг нь тухайн цэцэрлэг 2015 оны 5 сараас эхэлж баригдаад 2015 оны 12 сард ашиглалтанд орох ёстой байсан аж. Гэтэл ашиглалтанд орох хугацаа өнгөрөөд жил болох гэж байхад цэцэрлэгийн өргөтгөлийн барилга дуусах болоогүй дотор талын ажил хэвээрээ байгаа аж. Уг нь ашиглалтанд орчихвол 120 ортой цэцэрлэг, 180 хүүхдийн багтаамжтай бага сургууль аж.
Бид энэ талаар 170 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг барьж байгаа "САНХЕРО ХХК"-ын инженер Н.Нэргүйгээс зарим зүйлийг тодрууллаа.
-170 дугаар цэцэрлэгийн өргөтгөл хэзээ дуусах вэ. Ашиглалтад өгөх хугацаанаасаа нэлээд хоцорсон байна?
- Есдүгээр сарын 1 гэхэд улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Өргөтгөл барьсан газар нь их усархаг, намгархаг газар байсан учраас барилгын ажил удааширалтай байна.
-Төсвөөс санхүүг бүрэн шийдэж өгсөн үү. Төсвийн мөнгөөр Налайхад бас цэцэрлэг бариад байгаа талаар эцэг, эхчүүд гомдол гаргаж байна?
-Төсөв тасарсан зүйл байхгүй. Харин өөр цэцэрлэг барьж байгаа талаар би мэдэхгүй, захирал мэдэж байгаа байх гэснээс өөр зүйл хэлсэнгүй. Энэ талаар бид дараагийн дугаартаа дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.
Б.Анхтуяа