"Рио 2016" олимпийн наадмын сүүлийн өдөр дуулиан шуугиан дагуулсаар өндөрлөлөө. Тодруулбал, Олимпийн наадмын хамгийн сүүлийн өдөр чөлөөт бөхийн 65 кг-д МУГТ Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө Узбекистаны бөх Ихтиёр Нобрузовтой хүч үзэж, торгуулиар ялагдлаа. Гэвч түүний ялагдлыг Монголчууд болоод дэлхийн нийт хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа цахим ертөнцөөр илэрхийлж байна. Чөлөөт бөхийн дүрмийн "Article"-48 дугаар заалтын "С" хэсэгт зааснаар "Аль ч үе дуусахад 30 секундээс бага хугацаа үлдсэн үед аль нэг тамирчин хамгаалах тоглолт хийснийг талбайн гурван шүүгч бүгд дэмжсэн бол нөгөө тоглогчид нэг оноо өгөх боломжтой. Гэхдээ үүнийг давж заалдан шүүхэд хандаж болно" хэмээн тусгасан байдаг аж. Тэгэхээр манайхан дэмий бухимдаж байхаар дүрмийн дагуу олон улсын шүүхэд хандаж, асуудлаа шийдвэрлүүлж болох юм байна. Хэдийгээр МУГТ Г.Мандахнарангийн хувьд харамсалтайгаар ялагдаж, Риог нулимстай үдсэн ч монгол түмэн хүрэл медалиа луйвардуулсан МУГТ Г.Мандахнаранд олгох ёстой мөнгөн шагналыг өгөх ёстой хэмээн үзэж байна. Харин энэ талаар төр засгийхан ам нээгээгүй байгаа бөгөөд түүний энэ амжилтыг үнэлж, Хүчит Чулуут ХХК-ий үүсгэн байгуулагчдын зүгээс хоёр өрөө байраар урамшуулахаар болсон. Мөн үүнээс гадна хошин урлагийн "Маск" продашкн Г.Мандахнаранг бүх цаг үеийн турш гэр бүлийнхээ хамт тоглолтыг нь үнэгүй үзэх эрх олгож буйгаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн.
Мөн үүнээс гадна олны анхаарлыг татаж байгаа нэг зүйл нь хүрэл медалиа луйвардуулсан МУГТ Г.Мандахнарангийн дасгалжуулагчид бухимдалаа илэрхийлж, дэвжээн дээр хувцасаа тайлан эсэргүүцэлээ илэрхийлсэн. Дасгалжуулагчдын зөв хэмээн ард түмэн нь дэмжиж байгаа. Тэмцээн дууссаны дараагаар дасгалжуулагч Баяраа сэтгэгдэлээ илэрхийлсэн байна. Тэрбээр хэлэхдээ "Асар их мөнгөнд идэгдсэн бөхийн холбоо. Аймшигтай муухай хийж байна. Бид нарын хөлс хөдөлмөр, монголын ард түмэний итгэл байгаа ш дээ. Бид нар хүрэл медаль авсан, авч чадсан" хэмээн хэллээ.