Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Сангийн сайд хэд хоногийн өмнө улсын төсөв, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн билээ. Тэрхүү мэдээллээс болж Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан, ам.долларын ханш өсч, сөрөг үр дагавар бий боллоо хэмээн Ардчилсан намынхан тайлбарлаж буй. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар эдийн засаг, төсөв санхүүгийн байдлыг үнэн зөвөөр мэдээлсэн. Одоогоор төсөвт тодотгол хийх шаардлагатай байна. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх төсвийн тодотголтой хамт эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр боловсруулж оруулж ирнэ гэдгээ хэллээ. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн дөрвөн жилд хамтарсан Засгийн газар ажилласан бол ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан гэдгийг онцолсон юм. Эдийн засгийг хэрхэн сэргээх талаар сэтгүүлчдийн асуусан асуултад “Олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, төрийн албан хаагчдын цалинг буруулж, төрийн албаны зардлыг багасгана” гэж мэдэгдсэн байна.
Төрийн албан хаагчдын цалинг буруулж, зардлыг багасгана
2016-08-15 16:12:00