Рио-2016 олимпийн наадмын боксын 60кг-ын хагас шигшээд шалгарч медалийн болзол хангаад байсан ОУХМ Азийн наадмын аварга, Ази тивийн аварга Доржнямбуугийн Отгондалай ОЛИМПИЙН ХҮРЭЛ медальтан боллоо. Ийнхүү манай улс медалийнхаа тоог нэгээр нэмж чадлаа.
Манай улсаас 60 кг-д Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө Францын Софьян Умиатай тоглохоор үлдээд байсан. Хоёр боксчны хувьд хүрэл медалийн болзол хангаад байсан. Тоглолт 3:0 онооны харьцаагаар Францын Софьян Умиагийн ялалтаар өндөрлөж, манай улсын тамирчин Ази тивийн аварга Доржнямбуугийн Отгондалай ОЛИМПИЙН ХҮРЭЛ медаль хүртлээ. Монголын боксчид ийнхүү Бээжин, Лондон, Рио-де-Жанейрогийн олимп дараалан эх орондоо медаль авчирлаа. Ийнхүү медалийн буухиаг үргэжлүүлсэн Доржнямбуугийн Отгондалайн талаар сонирхолтой мэдээлэл хүргэе.
Түүний хувьд анх 15 настайгаасаа эхлэн боксын спортоор хичээллэж эхэлсэн түүхтэй. Харин Д.Отгондалай 60 кг-ын жинд тасралтгүй 10 жил тоглож байна. 2003 онд ангийнхаа долоон хүүхдийн хамт МУГД Ё.Төмөрбатаагийн боксын секцэд элсчээ. Гэхдээ энэ тухайгаа гэрийнхнээсээ нууцалж байж. Харин сарын 1500 төгрөгийн төлбөрөө олохын тулд аргагүйн эрхэнд ээждээ хэлсэн байна. Айлын бага хүүхэд учраас яггүй хөдөлгөөнтөй, саваагүй хүүгээ боксоор тоглож эхэлсэнд санаа зовсон ээж Д.Чимэдцэеэ нь Ё.Төмөрбатаа багштай уулзахад “Хүүг чинь би шалгаж үзлээ. Их авьяаслаг хүүхэд байна. Өөрөө ч их сонирхолтой байгаа учраас та хичээллүүлээд үз” гэж хэлснээр санаа нь амарч тайвширчээ. Ингээд Д.Отгондалай тэр жилээ “Олимпийн гараа” хэмээх хүүхдийн боксын тэмцээнд амжилттай оролцож, ирээдүйн олимпийн медалтан гараагаа эхэлсэн түүхтэй. Түүний мөрөн дээр нэгэн онцгой шивээс бий, түүнийг хүмүүс могой юм уу гэж асуух нь бий. Энэ шивээсийг 2008 онд боксын Ж.Отгонбаяртай хамт ижилхэн шивээс хийлгэе гэж ярилцаад каталоги харж байгаад уйгаржин монгол бичгээр бокс гэдэг үгийг бээлийний хэлбэртэйгээр шивүүлж байжээ. Түүний хувьд үзэл баримтлалдаа үнэн ч ийм л ясны тамирчин.
Завгүй, авъяаслаг тамирчны заяаны ханийг Г.Хулан гэдэг бөгөөд инженер мэргэжилтэй, ШУТИС-д Геодизийн багшаар ажилладаг. Хосууд нэг охинтой бөгөөд 5 настай.
Түүнийг өрөвч, зөөлөн сэтгэлтэй гэж ойр дотныхон нь хэлдэг. Тэрээр Казакстаны Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд оролцохдоо Филиппин улсын тамирчинд 2:1-ээр хожигдож байжээ. Энэхүү тоглолтын шүүгч буруу шүүсэн гэж Монголын баг тамирчид үзэж байсан. Гэвч Оки би өөрөө л сэтгэлзүйн байдлаасаа болоод шүүгчийн өгсөн ялагдлыг хүлээн зөвшөөрчихсөн гэж ярьсан байдаг. Учир нь тоглолт эхлэхийн өмнө Филиппин тамирчин рингэн дээр гармагцаа түүнийг тун ч хүндэтгэлтэй үнсэж, өргөөд байсан нь манай хүнийг уяраачихсан гэдэг. Энэ үеэс Д.Отгондалай сэтгэлзүйн хувьд өөрийгөө маш сайн бэлтгэх болсноор Азийн наадамд өнөөх Филиппин тамирчинтай ахин учраа таарахдаа илт давуу ялалт байгуулсан билээ. Одоо тэрбээр “Сэтгэлзүйгээр би хэнд ч ялагдахгүй” хэмээн бардам хэлж байсан удаатай. Ийнхүү бид монгол түмний бахархалт хүү Доржнямбуугийн Отгондалай ОЛИМПИЙН ХҮРЭЛ медалийн эзэн боллоо. Та бидний итгэлийг алдсангүй.