8o
Улаанбаатар хот
mobile menu

Танилц: "Рио 2016" олимпийн медальт Д.Отгондалай

2016-08-14 13:36:00

"Рио 2016" олимпийн наадамд оролцож эрэгтэйчүүдийн боксын 60 кг-ийн жинд тоглож өнөө өглөө хүрэл медалийн болзол хангасан ОУХМ Д.Отгондалайгийн тухай сонирхолтой зарим баримтууд болон мэдээллийг хүргэж байна.

Д.Отгондалай 1988 оны нэгдүгээр сарын 28-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод мэндэлсэн бөгөөд олимпийн наадамд анх удаагаа оролцож байгаа юм.

Тэрбээр 15 настай байхдаа буюу 2003 онд ангийнхаа долоон хүүхдийн хамт МУГД Ё.Төмөрбатаагийн боксын секцэд элсчээ. Гэхдээ энэ тухайгаа гэрийнхнээсээ нууцалж байж. Харин сарын 1500 төгрөгийн төлбөрөө олохын тулд аргагүйн эрхэнд ээждээ хэлсэн байна. Айлын бага хүүхэд учраас яггүй хөдөлгөөнтөй, саваагүй хүүгээ боксоор тоглож эхэлсэнд санаа зовсон ээж Д.Чимэдцэеэ нь Ё.Төмөрбатаа багштай уулзахад “Хүүг чинь би шалгаж үзлээ. Их авьяаслаг хүүхэд байна. Өөрөө ч их сонирхолтой байгаа учраас та хичээллүүлээд үз” гэж хэлснээр санаа нь амарч тайвширчээ. Ингээд Д.Отгондалай тэр жилээ “Олимпийн гараа” хэмээх хүүхдийн боксын тэмцээнд амжилттай оролцож, амжилтын гараагаа эхлүүлсэн түүхтэй. Сахилгагүй жаалхүү боксоор хичээллэснээс хойш буурь сууж, нэг үгээр хэлбэл их л даруухан болсон гэдэг.

Оки 2005 онд Залуучуудын УАШТ-ий амжилтаараа Боксын шигшээ багт элссэн цагаасаа хойш өнөөг хүртэл 60 кг-ын жинд тоглож байгаа. Олон жил жингээ барих, жин хэлбэлзсэн үед хасч, нэмж тохируулна гэдэг тамирчин хүнээс асар их хөдөлмөр шаарддаг. Энэ жиндээ Монголд төдийгүй тивдээ тэргүүлж буй тэрээр цаашид ч мөн 60 кг-ын жингээрээ тоглох бодолтой явдаг.

Д.Отгондалай Гадаад худалдаа болон гаалийн удирдлага гэсэн мэргэжлээр Зохиомж дээд сургуулийг төгссөн. Гэхдээ 2008 оноос Хил хамгаалах ерөнхий газрын дэргэдэх Хилчин” спорт хороо, Хилийн 0168 дугаар ангид ажиллах болсон. Дэслэгч цолтой. Харин спортын замналаа өндөрлүүлж, зодог тайлсныхаа дараа Дорнод нутагтаа хил хамгаалах албанд ажиллах хүсэлтэй байдаг билээ.

  • 2014,  Азийн наадам, Алтан медаль,  Инчён,  БНСУ
  • 2015,  Азийн аварга шалгаруулах тэмцээн,  Алтан медаль
  • 2016,  Олимпийн эрх олгох тэмцээн,  Алтан медаль тус тус хүртэж байсан.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment