Олимпийн хошой медальт Н.Түвшинбаяр өчигдөр жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн -100 кг жинд Рио-гийн татамид гарч барилдсан билээ. Тэрбээр "А" хэсэгт Кубын бөх Хосе Арментеростой учраа таарсан. Кубийн бөх юүко үнэлгээгээр ялснаар аварга Н.Түвшинбаяр тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Уг барилдааныг Японы шүүгч Акинобу Осака шүүсэн ч манай монголчуудын хувьд шүүлтэд алдаа гаргасан гэж үзэн, цахим ертөнцөөр дамжуулан эсэргүүцлээ илэрхийлж эхлээд байна. Тэдний нэг нь Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж юм. Тэрбээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан дараахь мэдээллийг хийсэн байна. “Энэ Японы жүдо бөхийн шүүгч нь Монголын тамирчныг буруу шүүж хохирол учруулж байна! Энэ нь гурав дахь удаагаа! Уучилмааргүй! уучилж болохгүй. Ямар нэг өөр зүйл цаагуураа болоод байх шиг байна!” гэжээ. Мөн тэрээр Монголын эрх ашиг байвал хаана ч хэлнэ, Япон шүүгч дандаа манай эсрэг ажиллаж байна" хэмээжээ. Мөн Рио-д жүдо бөхийн төрөлд өрсөлдсөн Д.Сумъяа, М.Уранцэцэг, Н.Түвшинбаяр нарыг Японы шүүгчийн алдаатай шүүлтээс болж хасагдсан гэж үзэж байгаа аж.